Оффистоо халуун кофе ууж, уур савсуулан суухдаа төв талбайд зассан гацуурын зургийг харлаа.
Олон нийтийн дунд талцал, шүүмжлэл өрнөж буйг хараад чухам яагаад энэ жил ийм тохижилт хийхээр болсныг тодруулахаар очсон юм.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг дуу хоолойгоо хүргэх, олон нийтэд энэ чиглэлээр мэдээлэл хүргэхээр олон улсын байгууллагууд болон үндэсний компаниуд нэгдэн Монголд анх удаагаа “Green fest" фестивалийг зохион байгуулах гэж байгаа аж.
Фестивалийг өнөөдөр орой нээж, гацуур моддын гэрлийг асаах аж. Цаашид төв талбайд арванхоёрдугаар сарын 31-нийг дуустал өдөр бүр урлагийн арга хэмжээ, үйлчилгээ явуулах юм байна.
ХАЯГДАЛ МАТЕРИАЛААР ХИЙСЭН ГАЦУУР МОДДОД ОЛОН ЗАЛУУСЫН ХӨДӨЛМӨР ШИНГЭСЭН
Талбайн урд хэсгийн хоёр талаар нийт 16 ширхэг гацуур байрлуулжээ. Моднуудын дийлэнхийг нь хулдаас, цаас, хуванцар сав, лааз, шил зэргээр хийсэн байлаа. Эдгээр гацууруудыг дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгдсэн олон улсын байгууллагууд босгожээ. Хог хаягдлаа багасгаж, дахин боловсруулан, хэрэглэж болно шүү гэдгийг илэрхийлэхийг зорьсон нь илт.
Жишээ нь, дараах зураг дээрх гацуурыг хөөсөнцрөөр босгож, ундааны сав, лааз болон чийдэн ашиглан чимэглэжээ.
Харин доорх сүрлэн гацуурыг Европын холбооноос хийж, байрлуулжээ. Их биеийг нь төмрөөр босгож, гадна хэсгийг нь дэрс ашиглан чимэглэсэн байна.
Чимэглэж хараахан дуусаагүй байгаа энэ гацуурыг хаягдал цаас, хулдаас ашиглан урлажээ.
Энэ гацуурыг бол нэг удаагийн цаасан аяга ашиглан хийсэн байв.
Гацуурыг хэн, хэрхэн хийсэн талаар "Оргил медиа менежмент" ХХК-ийнгүйцэтгэх захирал А.Отгончимэг "Олон улсын болон Монголын маш олон байгууллага хамтарч, Монголд анх удаа өвлийн фестиваль зохион байгуулахаар бэлтгэж байна. Дахин ашиглах боломжтой, хог хаягдлаар хийсэн гацуурыг олон улсын байгууллагууд бэлтгэн, тохижуулж байгаа. Фестивалийг хийхийн тулд бид 10-р сараас бэлдэж эхэлсэн. Харин өчигдрөөс гацууруудыг ил гаргаж, байрлууллаа. Тохижилт бүрэн хийж дуусаагүй байхад хүмүүс сошиалд буруугаар ойлгуулсан зураг нийтэлж, буруу мэдээлэл өгч байгаад урам хугарч байна.
Хүмүүсийн шүүмжлээд байгаа энэ гацууруудыг хийхэд маш олон залуусын хөдөлмөр орсон юм шүү. Хүүхдийн сангийн гацуурыг гэхэд хүүхдүүд өөрсдөө чимсэн" гэлээ.
ГАЦУУРААС ГАДНА ШИНЭ ЖИЛИЙН УУР АМЬСГАЛ ОРУУЛСАН ОЛОН ЗҮЙЛ БАЙНА
Гацуураас гадна шинэ жилтэй холбоотой тоглоом, үйлчилгээ гэх мэт олон зүйлс төв талбайд байна. Цагаан баавгай, зураг авахуулах тайз, дэмжигч байгууллагуудын бүтээгдэхүүн танилцуулах байр, гэрэлт гудамж гээд л.
Туйлын тэсгэм хүйтнийг санагдуулам цагаан баавгайг хийхдээ төмрөөр их биеийг нь гаргаж, даавуугаар бүрхжээ.
Шинэ жилийн баярын нэг хэсэг болох чихэр, бэлэгний хайрцаг бүхий зассан тайзны дээр залуус ээлжлэн зураг даруулж байна.
Сандлын баруун талд байрлах "Green wish" гэж бичсэн улаан хайрцаг руу хуслийн захиагаа хийж болох юм байна. Зохион байгуулалтын баг хүслийн захиаг уншаад, шилдгийг нь шалгаруулж, хүслийг нь биелүүлэх гэнэ лээ.
Харин энэ хэсэгт орой гэрэл асаах үед очиж зургаа даруулаарай.
Бэлгийн хайрцаг шиг чимэглэсэн энэ байранд фестивалийг дэмжигч байгууллагууд болон үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулна. Ийм байр талбайн баруун, зүүн хоёр талд бий.
Төрийн ордны баруун урд хэсэгт мөсөн коток хийж байна. Тохижилтын ажил хараахан дуусаагүй.
Фестивалийг зохион байгуулахад Нийслэлийн соёл урлагийн газар мөн хамтарч байгаа аж. Тиймээс өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл төрөл бүрийн урлагийн номер үзүүлэх юм байна. Цаг агаар хүйтэн байгаа учраас ирсэн хүмүүсийг дааруулахгүй байх үүднээс ойр ойрхон зайтай халаагуур байрлуулжээ.
ГУРВАН ТӨРЛИЙН САЙН ДУРЫН АЖИЛ ХИЙЖ БАЙГАА
ШИДЭТ ӨВӨЛ: Номын байшин байгаа. Энд хуучин номоо хандивлах боломжтой номын байшин байрлуулжээ. Энд цугласан номноос авч яваад унших боломжтой.
ДУЛААХАН ӨВӨЛ: Хэрэглэдэггүй эд, зүйлээ авч ирж хандивлах боломжтой байшин. Цугласан зүйлсийг хэрэгтэй хүмүүст нь тараана гэнэ.
НОГООН ХҮСЭЛ: Өмнө нь хэлсэнчлэн хүслээ бичээд хийх боломжтой хайрцаг. Энд цугласан захиануудыг уншаад, 12 сарын 31-нд чадах чинээгээрээ хүүхдүүдийн хүслийг биелүүлэх юм байна.
Сэтгэгдэл ( 1 )