Залуус байтугай тэтгэврийн насныхан “Аймаар гоё”, ”Гайхалтай золиг” гэж ярьцгаах болсон энэ цагт сэтгүүлч нөхөр “Үзэсгэлэнт аялгуу” хэмээхэд надад Б.Бямбабаяр, Д.Цэвээнравдан, Т.Сэр-Од, Цэн.Эрдэнэбат нарын хөгжмийн аялгууг тийн нэрлэх нь зохистой үнэлгээ мөн байна шүү гэж бодогдсон. Хөгжмийн урлагийн дууны төрөлд эдүгээ манлайлагчдын эхэнд яваа уран бүтээлч бол гарцаагүй Б.Бямбабаяр мөн. Тэрбээр хэзээ ч “Сайхан эр” гэж хэлэгдэж үзээгүй байж магадгүй ч монгол ая дууны зохист чанарыг байгалиас төрсөн өгөгдлөөрөө үнэхээрийн үзэсгэлэнт аялгуу хөглөгч болгосон бүлгээ. Жинхэнэ монгол ая дан эгшиглүүлэгч үзэсгэлэнт аялгууны эзэн Б.Бямбабаяр зан авираараа үзэсгэлэнтэй бус. Өөрийнх нь хэлснээр “Олон жил архи уусан ааш муутай,агсам хүн”.
Тэрбээр өөрийгөө ааш муутайгаасаа болоод “Багийн ажилд нэгдэх чадвар надад байдаггүй” гэсэн мөртлөө 2007 онд түүнийг Монголын хөгжмийн зохиолчдын холбооны ерөнхийлөгчөөр сонгоход “Угаасаа би ар гэр гэж санаа зовдоггүй учраас өөртэйгээ адилхан навсархай хэдэн нотноос өөр хөрөнгөгүй нөхдийнхөө төлөө зүтгэхээс татгалзаагүй “ гээд даргын сэнтий зайдалсан их толгой. Тийм дээ ч “Хамт олонгүй бол, найз нөхөдгүй бол би баян байгаад, алдартай байгаад ч яах юм, үхсэн нь дээр” гэж шулуухан хэлчихсэн хатуу цөлх эр болой.
Түүнийг Хөгжмийн холбооны ерөнхийлөгчөөр очиход дансандаа арван тавхан мянган төгрөгтэй ч тэрнийгээ авах эрхгүй,эрх нь хураагдаад шүүхэд шилжсэн, комьпютер битгий хэл ширээ ч байхгүй суух өрөөгүй байжээ. Хатуухан хэлвэл Монголын хамгийн алдар нэртэй хөгжмийн зохиолчдын удирдаж ирсэн холбоо нь төрийн бус байгууллага болсноосоо хойш төр байтугай улсдаа гологдоод бараг траншейнд орсон байв. Яг тэрхэн үед мань эр бас эхнэрээсээ салахдаа тулчихсан явсан төдийгүй архи гэгч адын нөхрөөс хагацахаар нэгэнт шийдсэн байсан атлаа авгайдаа “Чи савхиа хий,би дуугаа хийе” гээд хоёр тийшээ болчихсон чанга эр л дээ. Тэрбээр Холбооны ерөнхийлөгчийн ажлыг бараг л үйлчлэгчээс нь эхэлж арав гаруй жил зүтгэхдээ хийхийн төлөө чармайсан ч сансандаа хүртэл босгож тэнхрүүлж чадаагүй дээ өөрийгөө жаахан голдог. Гэхдээ хатуу нанчидаас хагацна гэсэн амандаа хүрч чадсан дөмөг эр билээ. Ер нь бол тэр давилуун агаад бардам. Тэгэхдээ хэрээс хэтэрсэн нь бага гэнэ. Хааяадаа горим журмаас даварсан тал бий.
Уусаан, уусан. Сайхан ч уусан, сайн ч уусан. Энэ ер нь хэдий завандаа хөгжим бичдэг юм гэж хүмүүс гайхтал уусан. Уугаад л байсан атлаа бичээд л байсан. Уран бүтээлчийг ууснаар нь биш, юу хийв гэдгээр нь цэгнэх хэрэгтэй. Архи ч уугаагүй, юм ч хийгээгүй хүн байна шүү дээ. Би ууж яваад л “Морин хуур”-т ганцаараа гурав түрүүлсэн. Уудаггүй ч түрүүлээгүй хүн зөндөө л байна шүү дээ. Би хүнээс нууж ууж явсангүй. Хавтгай дашмаганд архи хийж жорлонд орж уучихаад боловсон царайлаад яваад байвал би чадах л байлаа. Дур хүрвэл уугаад, дургүй хүрвэл болиод явж байсан юм гэж бардам эрхэмсэглэдэг хүнтэй яах сан билээ.
Халхын Хөгжмийн зохиолчдын хамгийн том наадам нь “Морин хуур”. Энд тэр цор ганцаараа гурвантаа түрүүлсэн бол наймантаа аман хүзүүдсэн гээд хуруу гаргаад тоолвол бөхөөр бол Далай, даян, дархан аварга л гэсэн үг. Харин аугаа Н.Жанцанноров, Б.Шарав, Ч.Сангидорж нар тус бүр хоёронтоо магнайлжээ.
Хэрвээ түүнд Б.Бат-Эрдэнэ аваргынх шиг амбиц байсан аваас УИХ-д дэвших бололцоо олдох байсан биз. Харин тэр хүсээгүй. Түүнд нэр цуу, эд мөнгө хэрэгтэй бус. Зөвхөн сайхан дуу хөгжим л хэрэгтэй. Сайн бүтээл л чухал байсан. Алдарт аваргууд шиг хэдэн арван саяар шагнуулж ч яваагүй. Хамгийн орлоготой бай нь 1992 оны “Морин хуур”-т “Орхон Түшээ мөрөн” дуугаараа түрүүлээд 15 мянган төгрөгөөр шагнуулсан нь хамгийн том нь байв. Харин нэг удаа тоглолтоо 50 мянган төгрөгийн тасалбараар зарж элит маягаар зохиомжлон коктейль хүртэл түгээсэн ч сэтгэлд нь хүрээгүй.Бараг л шатаад дуусахтай адил. Гэхдээ л сэтгэл нь ханажээ.”Ерөнхийлөгч”-ийн алба хашиж байхдаа тэр том уралдаанд оролцохоос татгалзаж эхэлсэн. Дөнгөж даргаар сонгогдсон үедээ “Морин хуур” наадмыг дөрвөн номинацитай болгосон чинь эхний хоёрт нь тэргүүлээд эхэлтэл хөшигний ард “Өөртөө зориулж номинациуд бэлдчихэж” гэхийг сонсоод дараагийн номинациас шууд татгалзаад түүнээс хойш оролцохоо болихоор шийдсэн байдаг. Харин өөрийнх нь шавь Цэн.Эрдэнэбат хоёр ч удаа түрүүлэхэд өөрөө манлайлсан мэт сэтгэл ханажээ. Ерөөсөө тэр өөртөө биш өрөөлийн төлөө сэтгэл ханаж, санаа уужрахыг эрхэмлэх болсныгоо “Хөгширч байгаа юм байлгүй” гэсэн байдаг.
Одоогоор жаран насны босго өнгийж яваа нэгэн. Урт биш ч богино бус зам. Үзэсгэлэнт аялгуутай хөгжмийн зохиолчийн жинхэнэ Монголын ая дан урт байгаасай, улам дундаршгүй байгаасай. Түүний дуунууд бусдаас яахаараа “Үзэсгэлэнт аялгуу”-тай гэсэн цэгнэлт хүртэв гэхээр тэрбээр хөдөөний унаган хүү. Цэцэг навч яагаад хагдардгийг, мал яаж тэвээрч тэнхээрхдэгийг багаасаа харж өссөн учраас аялгуу ч тансаг.
Түүнд байгаль өөрөө төрөлхийн авьяас гээч өгөгдөл оноочихжээ. Зарим хүний дуунууд нэг л хэмнэлтэй, нэг л янзын байдаг нь өөрийгөө үргэлж давтсаных. Тэр бусдаас өөр. Тэр давтавч хөгжиж байдаг. Заримдаа би түүнийг уртын дуу зохиогоосой гэж санадаг. Н.Жанцанноров гурав, дөрвөн уртын дуу зохиосон. Гэвч өөрийнх нь ярьснаар “Сайхан дуу болсон ч хэн ч хүлээж аваагүй”.
Уг нь тэд хоёулаа Өвөрхангайнх. Багшаасаа том бай! гэж шаардаагүй ч түүнд уртын дуу зохиох үзэсгэлэнтэй аялгуу нь байх. Бас түүний хурц зан авир таарч байх шиг. Орчин үеийн нийтийн дууг анзаарвал үндэсний хэлбэрээрээ сонгодог төвшинд зохиогдсон дуу нь нэмэгдэж байгааг дурдахгүй өнгөрч болохгүй. Т.Ариунаа, Б.Сарантуяа нарын дуулдаг поп дуунууд, С.Жавхлан, Т.Баясгалангийн дуулсан зохиолын дуунууд тун ойр дөхүү болж буйг тэр ажиглажээ. Поп ба зохиолын дуу зохиогчдод мэргэжлийн хөгжмийн “юм” жаахан дутаад байгааг ч тэр анзаарчээ. Ийн санахуйяа Б.Бямбабаяраас л XXI зууны монгол уртын дуу төрөх юм шиг санагдах болсоны учир тодроно. Оролдоод үзээсэй. Яагаад гэвэл түүнд Н.Жанцанноровоос дутахгүй байгалиас олгогдсон үзэсгэлэнт эгшиг аялгууны зохицол оршоод бүрдчихсэн юм шиг л бодогддог юм даа...
М.АМГАЛАН
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
neree buruu ugchee egshigelent ayalguu ...ayalguu uzesgelentei gej medeej bhgui sh dee
жанцанноровын уртын дуу гэж юу байдаг юм болдоо.
Бүх холбоо ТББ хөгжиж дээшлээд байхад хөгжмийн холбоо ядуу арчаагүй байсаар байгаагаа тунгаа.даа. Зах зээлийн үед өөрийгөө сүйхийиэй авч явж чаддаггүй Төрөөс л тэжээлгэх сэтгэлгээтэйгээ байгаад байна шүү . !