Г.Мөнх-Эрдэнэ: МУИС оюуны өмчийн зөрчил гаргавал сахилгын шийтгэл оногдуулж байгаа

2022 оны 12 сарын 23

Монголын утга зохиол шинжлэх ухааны салбарт гадаад дотоодын эрдэмтдийн тархийг гашилгаж, хүч хөдөлмөрөө шавхан бичсэн оюуны бүтээлийг эш татах нэрийдлээр үг үсэггүй хуулбарлаж өөрийн бүтээл мэт хаяглан олонд танигдах, эрдмийн зэрэг горилох цаашлаад эдийн засгийн эргэлтэд оруулж ашиг олох зэргээр зохиогчийн эрхийг маш ноцтойгоор зөрчих үзэгдэл газар авсан учир өнгөрсөн хугацаанд магистр, докторын зэрэг хамгаалсан эрдэмтэн судлаачдыг плагиаризмийн шалгалтад  оруулах талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өмнө нь  мэдээлж байсан. Гэтэл үүнийг "Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөх" гэх мэтээр шүүмжилж, эсэргүүцэх нэгэн байгаа ч плагиаризмийн шалгалтад оруулах нь зөв үүгээр дамжуулан боловсролын салбарт реформ хийх завшаан тохиож байна хэмээн дэмжих эрдэмтэн судлаачид ч байгаа юм. Иймд тэдний төлөөлөл МУИС-ийн антропологи, археологийн тэнхимийн ахлах багш доктор (PH.D) Г.Мөнх-Эрдэнэтэй уг асуудлын талаар ярилцлаа.


 

ҮХСЭН ХҮН ҮГ ХЭЛЭХ БИШ ГЭЭД БҮТЭЭЛИЙГ НЬ ХУЛГАЙЛЖ БОЛНО ГЭЖ ҮҮ

 

-Ярилцлагаа эрдэмтэн судлаачдын дунд үүсээд буй плагиаризм буюу оюуны өмчийн хулгайн талаар эхлүүлье.Зохиогчийн эрх хөндөгдөж буй энэ асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Оюуны өмчийн хулгай гэдэг үнэхээр байж боломгүй зүйл. Тийм учраас үүнийг олон улсад гэмт хэрэг гэж үзэн тодорхой ял оноодог. Харин манай улсад хуулийн болоод дүрмийн зарим нэг заалт байгаа ч түүнийг хэрэгжүүлдэг албан тушаалтан байхгүй. Ялангуяа миний шүүмжлээд байгаа судлаач, эрдэмтдийн бүтээлийн хулгай, оюуны өмчийн зөрчил бол "чадаж байгаа юманд арга байхгүй" гэсэн зарчмаар сүүлийн 20 гаруй жил явлаа.

Тухайлбал, ШУА-ийн академич  цолыг хууран мэхлэх замаар  буюу бүтээлийнхээ жагсаалтыг худлаа бүрдүүлж бичиж авсан С.Чулуун гэгч хүний жишээ байна. Энэ талаар нь ШУА-д гомдол гаргатал өнөөх хэд нь "Монгол улсад бүтээлийн жагсаалт хийх тогтсон дүрэм байхгүй тул С.Чулуун нь өөрийнхөөрөө бүтээлийн жагсаалтаа гаргаж, тэр нь хүмүүст буруу ойлголт төрүүлсэн байна" гэх хариуг бичгээр гаргаж өгсөн байдаг.

Мөн С.Чулуун өөрийн хэвлүүлсэн нэгэн сэдэвт бүтээлийнхээ дүгнэлт хэсэгт С.Пүрэвжав гэдэг хүний аль 1968 онд хэлсэн санааг өөрийн болгож хуулбарласан байгаа юм. Түүнчлэн Л.Дэндэв гэж алдартай түүхчийн "Монголын товч түүх" бүтээлийг монгол бичгээс крилл үсэгт хөрвүүлснээ өөрийнхөө сэдэвт бүтээл гэж  зарлан, нэрээ тавин хэвлэж ноцтой зөрчил гаргасан. Энэ талаар холбогдох бүх газарт нь мэдэгдэж, зохих шийтгэлийг нь оноохыг шаардсан ч Оюуны өмчийн газар "оюуны өмчийн эрх нь зөрчигдсөн хүн өөрөө гомдол гаргах ёстой" гэж ам тагласан. Тэдний хэлснээр бол аль эрт нас барсан Л.Дэндэв, С.Пүрэвжав агсан нар босож ирээд гараараа гомдол бичих ёстой юм шиг байна лээ. Манай улс энэ жишгээр оюуны өмчийн эрхийн зөрчил, бүтээлийн хулгайтай тэмцэж байна даа. Үхсэн хүн үг хэлэх биш гээд бүтээлийг нь хулгайлж болно гэж үү.

-Дотоод гэхээсээ илүүтэй гадаадын улс орны зохиолч эрдэмтэн, судлаачдын ном зохиол эрдэм шинжилгээний ажлыг эх хэлнээ хөрвүүлэн  бүтээл туурвих байдал далд хэлбэрээр  явагдаж буй мэт  санагдаж байна. Үүнийг хэрхэн засаж залруулах вэ?

-Бас л нэг төрлийн гэмт хэрэг. Ийм зүйл эрдэмтдийн дунд мэр сэр дуулддаг. Нэгэнтээ манай улсад  шалгаж хянадаг тогтолцоо, ямар нэгэн программ байхгүй учраас тийм амар засрахгүй байна. Олон нийт бодохдоо эрдэмтэн хүн ёс зүйтэй, өндөр нэр төртэй байдаг гэдэг. Гэвч “Сайн муу хоёр нийлэн байж сав дүүрдэг” гэдэг шиг эрдэмтдийн дунд ч гэсэн болохгүй бүтэхгүй нөхөд бий. Гэхдээ тэр мэт хүний үйлдлээс болж монголын бүх эрдэмтэн судлаачдын хөдөлмөр үнэгүйдэж нэр төр нь сэвтэх ёсгүй. Сайн судалгаатай эрдэмтэд олон бий.

-Зохиогчийн эрхийн хулгайтай хэрхэн тэмцвэл бодит үр дүнд хүрэх бол?

-Хууль, журмаа ягштал мөрддөг дарга гэж алга. Ер нь хуулиа чандлан мөрдвөл болохгүй юм гэж үгүй. Гэтэл бид нэгнээс нь айна, гуйна, нөгөө нь аргална гэх мэт бохир аргаар бүхнийг болгоод замхруулаад сурчихсан. Түрүүн хэлсэнчлэн Оюуны өмчийн газар "эрх зөрчигдсөн хүн өөрөө гомдол мэдүүлэх ёстой" гэсэн хариу бол тэр байцаагч залхуурсан эсвэл эрх мэдэлтэй хэн нэгэнтэй муудахгүй гэж арьсаа хамгаалсан үйлдэл шүү. Угтаа хууль сахиулагч нь хууль бус явдалтай үнэн мөнөөр тэмцэхгүй бол өөр хэн энэ бусармаг зүйлийг таслан зогсоох гэж хөөцөлдөх билээ. Гэхдээ сайн үлгэр жишээ авмаар туршлага байна.

-Ямар?

-МУИС сүүлийн үед оюуны өмчийн зөрчил гаргасан багш нартаа сануулга, сахилгын шийтгэл оногдуулж байгаа. Энэ нь авууштай сургамжтай зүйл болж байна.

-Өнгөрөгч намар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан магистр, докторын зэрэгтэй эрдэмтдийг плагиаризмийн шалгалтад оруулах нь зүйтэй хэмээн мэдэгдсэн. Та үүнийг дэмжиж байна тийм үү?

-Энэ бол үнэхээр зөв санаа­чилга учраас хэдэн мөчөө өргөөд дэмжмээр байна. Тухайн чиглэлд баг, бүлэг, ажлын хэсэг гаргавал сэтгэл зүрхээ зориулан ажиллахад бэлэн. Магистр, докторын дипломыг шалгаад зогсохгүй оюуны хулгай мөн эсэхийг нь шалгах хэрэгтэй. Яг л сайдын хэлдэг шиг энэ улсын чинь эрдэм шинжилгээний ертөнц худал хуурмагийн далай болчихсон нь үнэн. Үүнийг эсэр­гүү­цээд янз бүрийн юм бичээд эхэлсэн хүн байна.

Хэдий чинээ хүн эсэргүүцнэ төдий чинээ үнэн гэж хэлж болохоор гажиг прадокс энэ асуудал дээр бий. Энэ ажлыг эхлүүлэх хүн олон хүний дургүйцлийг хүргэх байх гэвч улс үндэстний эрх ашиг түүнээс нь хавь илүү юм. Тиймээс л би өөрийн фэйсбүүк хаягаар дамжуулан "би шалгуулахад бэлэн" гэж пост хийж, цааш шэйр хийнэ үү хэмээн уриалсан тохиолдол бий.Эрдмийн ажил гэдэг алив нэг ашиг сонирхолд үйлчлэлгүй, баримт дээр тулгуурлаж, бодитой дүгнэлт хийх гэсэн үндсэн зарчимтай. Энэ зарчмыг баримталдаг олон судлаач бий.

 

ХАРИУЦЛАГАГҮЙ ХАРИУЦЛАГАТАН НАР ИХ БОЛЖ

 

-Олон улсад оюуны өмчийн хулгайтай ямар арга барилаар тэмцдэг бол. Та мэдэх жишээнээсээ дурдаач?

-Ер нь гаргасан журмаа хэнээс ч хараат бусаар хэрэгжүүлдэг их сургууль, судалгааны байгууллага эрдмийн эрх чөлөөгөө дээдэлдэг газар байгаа, байсаар ч байх болно. Манай зарим дарга нарын  адил  улс төрийн нөлөөнд автдаг, хувийн эрх ашгийн төлөө эрдмийн эрхээ хөсөр хаядаг хүнд орон зай байдаггүй. Жишээлбэл, өнгөрсөн хавар гэхэд л Германы Макс Планкын Хүрээлэн гэж дэлхийн хамгийн том хүрээлэнгүүдийн нэг болох судалгааны байгууллагын Хүний түүхийн шинжлэх ухааны хүрээлэнгийн археологийн салбарын захирал байсан Николе Боивин хэмээн дэлхий дахинаа ихэд алдаршиж явсан судлаач яг манай С.Чулуун шиг хэрэг хийсэн буюу "залуу судлаачдыг дарамталсан, ёс зүйгүй аашилсан, өөрөө бичээгүй өгүүлэлд өөрийнхөө нэрийг оруулах" гэсэн үйлдэл гаргасан.

Ингэснээр ажлаасаа халагдаж, давхар арга хэмжээ тооцуулсан. Ёс зүйтэй, сэтгэдэг, сэргийлдэг, эрдмийн эрх чөлөөг дээдэлдэг улс ийм л байна. Германд бусдын оюуны өмчийн эрхийг зөрчсөн тохиолдолд даруй хариуцлага тооцож эрдмийн ертөнцөд ажиллах арга, нөхцөлгүй болгодог байна. Гэтэл манайд "яахав дээ, хөөрхий минь, нэг их сүртэй биш юм байна, бүгд хийдэг шүү дээ" гэх мэтээр тоохгүй ханддаг, хариуцлагагүй хариуцлагатан нар их болж, С.Чулуун мэтийн  хүмүүс сүүлээ сэрвээн дээрээ хаяад,булайг нь дэлгэсэн хүнийг боргож ноцох болсон.

-Та барууны орнуудад зочин судлаачаар нэлээдгүй ажилласан байдаг.Тухайн улс орон судалгааны ажил болон эрдэм шинжилгээний бүтээлд  ямар цензур тогтоодог бол?

-Би Дани улсын Копенхагений их сургууль, Английн Кэмбрижийн их сургууль, АНУ-ийн Нью Йорк их сургууль, Австри улсын Шинжлэх ухааны академи зэрэг газар мэргэжлээрээ зочин судлаачаар ажиллаж байсан. Энэ хугацаанд англи хэлээр судалгааны ажлаа хэвлүүлэхийн чухлыг ойлгож, оролдсоор 2018 оноос хойш гурван өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Одоогоор 20 гаруй нь эшлэгдээд байна. Мэдээж маргаантай ч гэсэн би бусад улс орнуудад судалгааны ажил хийж байхдаа шинжлэх ухааны судалгаа гэдэг бидний хийж байгаагаас огт өөр зүйл байдаг гэдгийг ойлгосон.

Тухайлбал, олон улсад судалгаагаа хэвлүүлэх бол заавал хөндлөнгийн үнэлгээгээр орж хэвлэгдэх эрхийг авдаг. Сэтгүүлийн болоод хэвлэлийн газрын чансаанаас болж энэ үйл явц хоёр жил ч үргэлжилж, хэдэн ч хүний хяналт дамжиж болно.Харин манай улсад бараг хүн сонирхохгүй, нийгэмд нөлөөлөхгүй, шинжлэх ухааны судалгааг чанаржуулахгүйгээр хэвлэдэг.Нэг жишээ дурдахад,"Баянхонгор аймгийн музейн урд талын чулуун арслан" гэдэг сэдвээр нэг зүйл бичээд, дараа долоо хоногт болох хуралд хэлэлцүүлээд, чадвал хурлынх нь эмхэтгэлд хэвлүүлнэ, чадахгүй бол өөрөө мөнгө төлж "Соёмбо Принт"-д 300 хувь хэвлүүлж номын дэлгүүрт аваачиж өгөөд, үлдсэнг нь өрөөндөө ч юмуу гэртээ хураагаад байгаагаа эрдэм шинжилгээний ажил гээд байгаа юм.

Үнэндээ тэр судлаачийн хувийнх нь танин мэдэхгүй буюу мэргэшсэн гээд байгаа ухааныхаа агуулга, контекстээс хол, онолын аргумент, санал шүүмж байхгүй, дүрслэн бичсэн эссэ шиг зүйл яваад байна. Тиймээс энэ байдлыг чанаржуулах үндсэн алхмын нэг нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын яриад байгаа шиг диплом болон оюуны бүтээлийн зөрчлийг шалгах ажил. Цаашлаад хөндлөнгийн үнэлгээгээр  аливаа судалгааг үнэлж, хэвлүүлдэг, эрдэм шинжилгээний сэтгүүл зэргээ онлайн болгож, оюуны бүтээлийн хулгайгаас сэргийлэх зэрэг ажлыг эхлүүлэх хэрэгтэй байна.  

-Та хамгийн сүүлд ямар судалгаа эрдэм шинжилгээний бүтээл хийв. Одоо юунд төвлөрөн ажиллаж байгаа вэ?

-Би яг одоо Оксфордын их сургууль, МУИС, Киргизийн Төв Азийн их сургууль, Японы Кагашима зэрэг найман сургуулийн хамтарсан "Ковид-19-ийн дараах Дотоод азийн малчдын нийгмийн өөрчлөлт" нэртэй 500 мянга гаруй англи фунт стерлингийн өртөгтэй судалгааны төслийн монгол талын ахлагчаар ажиллаж байна. Бидний төсөл 2022-2025 оны хооронд гурван жилийн хугацаанд хэрэгжиж, Монгол, Киргизстан Улсын малчдын нийгмийн өөрчлөлтийг судлан эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх зорилготой. Мөн удахгүй болох Английн Кэмбрижийн их сургуулийн зохион байгуулдаг "Кэмбриж Монголиа Форумд" уриг­дан илтгэл хэлэлцүүлэх тул монгол малчдын нийгмийн өөрчлөлтийн тухай өгүүлэл бичиж сууна.  

-Таны анхны эрдэм шинжилгээний бүтээл юу байв.Өдий хүртэл хичнээн бүтээл туурвисан бэ?

-Одоогоор англи, монгол хэлнээ ном, эрдэм шинжилгээний өгүүлэл, номын бүлэг, орчуулгыг нь хянасан гээд 30 орчим бүтээл хэвлүүлжээ. Тэдгээрийн ихэнх нь капитализм, хөгжил, уул уурхай, соёлын өвийн асуудал, албан бус эдийн засаг гэсэн сэдэвтэй. Хэвлүүлсэн зүйл дундаасаа монголоос анх удаа антропологийн ухааны топ таван сэтгүүлийн нэг гэгддэг Current Anthropology сэтгүүлд нэгдүгээр зохиогчоор хэвлүүлсэн  "Enclosing the Gold Mining Commons of Mongolia: The Vanishing Ninja and the Development Project as Resource" хэмээх өгүүллээ жаахан тоодог.

Ташрамд хэлэхэд би анх Хятад улсын Хөх нуур мужийн Дээд монголчуудын үндэсний үзлийн тухай өгүүлэл бичиж, нилээд хэдэн оюутны эрдэм шинжилгээний хуралд байр эзэлж байлаа. Түүний дараа тухайн үед ихэд дэлгэрээд байсан "алтны нинжа" гэгддэг хүмүүсийн тухай судалгаа хийсэн. Сонирхолтой нь нэр бүхий хэдэн хүн миний судалгааны сэдвийг голж "ийм судалгаа гэж байдаггүй юм, наадах чинь эрдэм шинжилгээний ажил биш" гэж ихэд гоочилсон. Гэтэл нинжа нарын тухай монгол болон англи хэлнээ хэвлүүлсэн хоёр өгүүллээс маань гадаад, дотоодын 10 гаруй судлаач эшлэсэн байх юм. Эш авах тоо жил бүр нэмэгдээд  байгаа.

-Шинэ үеийн залуу эрдэмтэн судлаачдад хандан юж хэлэх вэ?

-Залуу судлаачдын урам зоригийг мохоох гэсэн үйлдэл нэлээд олон. Тиймээс чиний судалгааны сонирхлыг гутааж, чамайг доромжлох гэсэн хэний ч үгийг үл тоож, өөртөө итгэж, өөрийнхөө амжилтыг бүтээгээрэй, битгий бууж өгөөрэй гэж хэлье.

Б.ОЮУНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
EE(202.9.40.22) 2022 оны 12 сарын 26

Esvel Chuluuntai Kharakh zarianii us khonzontoi juum bna

0  |  0
ZZ(202.9.40.22) 2022 оны 12 сарын 26

Ene neg zaluu khusuusiin zakhialgaar iim juum jarij jaavakh zavtai khiikh juumgui gar bna daa.

0  |  0
Яах вэ?(150.129.141.194) 2022 оны 12 сарын 23

УИХ, ЗГ-ын ихэнх гишүүд бас оюуны өмчийн хулгайн хэрэгт холбогдож балрах юм бна. УИХ-д дэвших хүмүүс олдохгүй болох бололтой.

0  |  0
Уншигч(66.181.161.44) 2022 оны 12 сарын 23

Өө мундаг мундаг, амжилт хүсье, чулуун ч ёстой багын хулгайч нөхөр байна шд ээ.

0  |  0
Top