БАЯН-ӨЛГИЙ: Нийт нутгаар хар зуд нүүрлээд байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 17
Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрчээ. Тус аймгийн хэмжээнд нийт 2.2 сая тоо толгой мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.
 
Одоогийн байдлаар тус аймгийн 13 сум, 1 тосгоны нийт 1641 өрхийн 429224 толгой мал отроор өвөлжиж байгаа юм. Үүнээс бусад аймгийн нутаг дэвсгэрт 411 өрхийн 90153 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 581 өрхийн 105721 толгой мал, сум дундын отрын бүс нутагт 8 өрхийн 7241 толгой мал, хилийн зурвас бүс нутагт 190 өрхийн 74701 толгой мал, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 451 өрхийн 151408 толгой мал өвөлжиж байна.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баян-Өлгий аймгийн удирдлага, шуурхай албаныхантай уулзах үеэрээ  “Өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ боломжийнхоо хэмжээнд сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөсдөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арга хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэлээ.
 
Мөн Улсын нөөцөөс Баян-Өлгий аймгийн өвөлжилт хүндэрсэн сумдад 683 тонн тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр олгохоор шийдвэрлэж, хүлээлгэн өгсөн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top