Вандан Даваа, Токио хот, Кокүгикан ордон
Өнөөдөр буюу 2023 оны нэгдүгээр сарын 28-нд Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, үндэсний бөхийн Дархан аварга, 1968 оны зуны олимпын чөлөөт бөхийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат агсны отгон хүү, Монгол Улсын Гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар, Японы мэргэжлийн сүмогийн их аварга, 69 дэх ёкозүна М.Даваажаргал Хакүхо Миягино оякатагийн сүмогийн сэвлэг үс тайрах ёслолын үйл ажиллагаа Токиогийн сүмогийн төв ордонд Японы үндэсний уламжлалт дуулалт сонгодог жүжиг болох Кабүкигийн өнөөгийн ертөнцөд хамгийн алдартай залуу жүжигчин гэгддэг 13 дугаар үеийн Ичикава Данжүроогийн тоглолтоор нээлтийн ажиллагаа 11:00 цагт ёслол төгөлдөр эхэллээ.
"Миягино" дэвжээний санданмэ тойргийн 7 бөхийн барилдаан, Хакүхо дохён дээрх сүүлчийн барилдаанаа Г.Өсөхбаяр аваргын хүү Ө.Дэмиджамц, ач дүү Б.Мөнх-Идэр мөн өөрийн ууган хүү Хакүхогийн Мөнхжаргал нартай барилдаж, үзэгч олноо хөгжөөв.
Үргэлжлээд жюүрёо зиндааны барилдаан явагдав. Морь цаг ба үд дунд болоход ордны төвд байрлах дохён зүүн жигүүрийн ханамичи ба цэцгийн замын эхэнд макүүчи зиндааны барилдааны бөх дуудагчдын тэргүүн Жирогийн модон тогшуур цуурайтан түүний араас барилдааны дохён дээрх дээд тэргүүн шүүгч Шики Мори Иносүкэй дагалдан залгаад шадарлуулан, 69 дахь ёкозүна Хакүхо ёкозүнагийн дохёнд гарах ёслолоо үйлдэхээр танхимд орж ирэхэд үзэгчийн алга ташилттай Хакүхо гэж дуудах үзэгчдийн дуу хоолой зэрэгцэн угтан авав.
Ёкозүнагийн дохёнд гарах ёслолын дараа Япон улсын Төрийн дууллыг алдарт дуучин, хөгжмийн зохиолч GACKT, Монгол улсын Төрийн дууллыг Чингис хаан одонт, МУГЖ, дуурийн дуучин Г.Ариунбаатар дуулж, үдээс өмнөх ёслолын ажиллагаа өндөрлөв.
М.Даваажаргал 16 насандаа сүмогийн хаалгыг татан орсноос хойш 21 жилийг хамтдаа туулсан сүмочийн сэвлэг гэзгээ үргээх энэхүү ёслолд сүмо сонирхон дэмжигчид, М.Даваажаргал Хакүхогийн анд нөхөд, төрөл садан, гадаадын элч төлөөлөгчдийн төлөөлөл тэргүүтэй нийт 9000 гаруй хүн хуран цугласан байв.
Сэвлэг үсэнд нэг галын сүмоч, багш нар, үе үеийн ёкозүна нарын төлөөлөл, Сүмогийн холбооны удирдлага бизнес эрхлэгч, улс төр, урлаг, спорт, шинжлэх ухааны эрдэмтэн, анд нөхөд, ах дүү ураг төрлийн төлөөлөл зэрэг нийт 280 хүн хайч хүргэж, хүндэтгэл үзүүллээ.
Ёслолын дараа макүүчи зиндааны хүндэтгэлийн барилдаанаар ёслолыг жаргаав. Ордоны хурлын танхимд Хакүхогийн сүмогийн амьдралыг голчлон тусгасан үзэсгэлэнг гаргасан байв.
Хакүхогийн зураг бүхий 25 төрлийн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн Ордонд худалдаалагдсан бол үнийн ялгаатай 8000 багц бэлэг бүтээгдэхүүнийг бэлдсэн нь Хавай арлын озэки Конишики 1998 онд сэвлэг тайрах ёслолоос хойш ийм тооны багц бэлэг худалдаанд бэлтгэгдээгүй байсан гэнэ.
Хакүхогоор сэдэвлэсэн бэлэг дурсгалын бүтээгдэхүүн тус бүр өөрийн агуулга онцлогийг шингээн илэрхийлсэн байсны дотор манай зураач С.Заяасайханы уран бүтээл байв.
ХОЛБООТОЙ МЭДЭЭЛЛҮҮД:
- Фото: Хакүхо аваргын сэвлэг үргээх ёслол эхэллээ https://news.zindaa.mn/4hnj
- Хакүхо гэргийн хамтаар зочдоо угтлаа https://news.zindaa.mn/4hnk
- Хакүхогийн дохёд гарах сүүлийн ёслолд Хоошёорюү оролцоно https://news.zindaa.mn/4hnb
- Какүрюү: Давааг давж, Ёкозүна болсон барилдаан сэтгэлд үлджээ https://news.zindaa.mn/4hnl
- Кисэносато: Хакүхо бид хоёрыг барилдахад Ордон нүргэлдэг байсан https://news.zindaa.mn/4hno
- Харүмафүжи: Даваагийн амжилтыг мянган жилд ч эвдэх хүн гарахгүй https://news.zindaa.mn/4hnv
- Хакүхо Өсөхөө аваргын хүүг онцоллоо https://news.zindaa.mn/4hnr
- Японы дуучин Гакт Хакүхогийн үсэнд хайч хүргэлээ https://news.zindaa.mn/4hnt
- Төрийн дууллыг Б.Ариунбаатар дуулж, 9000 зочин хуран цугларсан зодог тайлах ёслол https://news.zindaa.mn/4hnz
- Хакүхо дохё дээрх сүүлийн барилдаанаа хүүтэйгээ хийлээ https://news.zindaa.mn/4hnq
Сэтгэгдэл ( 12 )