Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын Мэргэжлийн Сүмогийн Холбооноос гарч буй тухайгаа хэвлэлийн хурал дээр албан ёсоор мэдэгдсэн тэр өдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 9-нд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээний шинэ эзэн болж буйг мөн зарласан юм.
Тэгвэл шинэ Исэгахама ояката дэвжээнийхээ бэлтгэлийг олон нийтэд нээлттэй хийлгэжээ. Өглөөний 7:30-д бэлтгэл эхэлж, 30 хэмийн халуунд бүтэн дөрвөн цаг үргэлжилсэн байна.
“Дэвжээ өвлөж авсан учраас би цаашид улам хөгжүүлж, сайжруулах ёстой” хэмээн Тэрүнофүжи мэдэгдсэн байна. Нээлттэй бэлтгэлд долоон сэкитори оролцсоны дотор Хакүхогийн Миягино дэвжээнд байсан Хакүохо, Энхо нар байжээ.
Хакүохо бол Хакүхогийн Миягино дэвжээг хаахад Исэгахама руу шилжүүлсэн бөхчүүдийн нэг. “Ояката /Хакүхо/ надад “Одоо чамд илүү хүчтэй болохоос өөр зам байхгүй” гэж хэлсэн. Тийм шийдвэр гаргасан нь их харамсалтай санагдсан ч би юугаа хийж чадах вэ дээ. Одоо би шинэ Исэгахама дэвжээний бөх болсон. Өөрийн чадах бүхнээ хийх болно” гэж Хакүохо өгүүлсэн байна.
Мөн Хакүхогийн Миягино дэвжээний бөх байсан жижиг биетэй ч уран, дайчин барилдаантай Энхо “Энэ бол миний амьдрал. Тиймээс өдийг хүртэл хийсэн зүйлээ хийсээр байх болно. Өөрөө өөртөө үнэнч байж, үргэлжлүүлэн барилдана” гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )