Мэргэжлийн сүмо бөхийн дээд зиндаанд Дархан аварга Г.Өсөхбаярын хүү Тошинофүжи Ө.Дэмиджамц дэвшээд буй. Тэгвэл тэрээр есдүгээр сарын башё эхлэхээс өмнө Сүмо бөхийн холбоонд ярилцлага өгчээ. Тошинофүжи Ө.Дэмиджамц хэлэхдээ “Би энэ тэмцээнд дор хаяж 10 давах зорилготой. Бүх зүйлээ дайчлан хичээх болно. Намайг дэмжээрэй” гэсэн байна.
Тошинофүжи Ө.Дэмимжамц есдүгээр сарын башёд маэгаширагийн барууны 16-гаас босон барилдах юм. Японы мэргэжлийн сүмо бөхийн есдүгээр сарын 13-ны өдөр эхэлнэ.
Өдгөө 26 настай тэрээр анх 2024 оны тавдугаар сард хамгийн доод зиндаа болох жонокүчид барилдаж байсан юм. Одоо тэрээр исегэхама дэвжээнд харьялагддаг юм. Энэ жилийн гуравдугаар сард цолтой бөх болж дэвшсэн.
Тошинофүжи Ө.Дэмиджамц нь сүүлийн 68 барилдаандаа 45 ялсан амжилттай байна. Мэргэжлийн сүмогийн жонидан зиндаанд нэг удаа түрүүлж байсан амжилттай. Тэрээр дээд зиндаанд дэвшсэнээр Монголоос дээд зиндаанд барилдсан 33 дахь сүмоч болж байна.

Сэтгэгдэл ( 0 )