Ёкозүна Ооносато бооцоонд 31 сая иен хүртэж, Хакүхогийн амжилтыг эвджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 09 сарын 30

Мэргэжлийн сүмогийн Аки башёд ёкозүна Ооносато түрүүлсэн. Тэрбээр 13 даваа 2 унаатайтайгаар ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэнтэй даваа, унаа тэнцэж, нэмэлт барилдаанд ялснаар Японы Эзэн хааны цомыг тав дахиа гардсан билээ.

Энэ удаад түүний түрүүлсэн барилдааны тухай бус харин тэмцээний турш хүртсэн бооцооны мөнгөний талаар өгүүлье. Ооносато энэ башёд нийтдээ 519 бооцоо хожсон байна. Нийт мөнгөн дүн нь 31.14 сая иен болжээ.

2015 оны Кюүшюү башёд Хакүхо уналгүйгээр түрүүлэхдээ нийт 545 бооцоо хожиж байж. Гэхдээ тухайн үед нэгж бооцоо бүрээс бөхөд очих мөнгөн дүн нь 56 700 иен байсан гэнэ. Харин энэ башёд нэгж бооцоо бүрээс бөхөд очих мөнгөн дүн нь 60 000 иен байжээ. Ингэснээр 10 жилийн өмнө ёкозүна 545 бооцоогоор 30 901 500 иен хожсон амжилтыг Ооносато эвдэж, 31.14 сая иенд хүргэсэн байна.

Монгол банкны өнөөдрийн ханшаар тооцож үзвэл 31.14 сая иен гэдэг 759 880 000 төгрөг буюу ойролцоогоор 760 сая төгрөг юм.

Ооносато энэ мөнгөн дүнг нэмэх боломж байсан. 13 дахь өдрийн барилдааны дараагаар түүнд 519 бооцоо цугласан юм. Гэвч 14 дэх өдрийн барилдаанд озэки Котозакүра гэмтлийн улмаас гарч барилдаагүй тул тус барилдааны бүх бооцоо цуцлагдсан. Харин 15 дахь өдрийн үндсэн барилдаанд ёкозүна Хоошёорюүд ялагдсан учир бооцоо авч чадаагүй.

14 дэх өдрийн барилдаанд 52 бооцооны дарцаг гарах байсан нь цуцлагдсан. Сүүлийн өдөр Хоошёорюүтай барилдахад 61 бооцоо тавигдсан байсан гээд тооцвол энэ хоёр барилдаанд ялсан бол 113 бооцоо нэмж, нийлбэр мөнгөн дүн 37.92 сая иен буюу 917 сая төгрөг хожиж боломж байсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top