Ооносатог “Аугаа ёкозүна” болгохоор зүтгүүлж эхлэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 10 сарын 01

Мэргэжлийн сүмогийн Аки башёд түрүүлснээр ёкозүна Ооносато жил хагасын хугацаанд Японы Эзэн Хааны цомыг тав дахь удаагаа гардлаа.

25 настай, 192 сантиметр өндөр, 187 кг жинтэй Ооносатог Японы хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцгойлон тэмдэглэж, ёкозүна Таканоханатай зүйрлэхийн зэрэгцээ 20 болон түүнээс дээш түрүүлсэн Аугаа ёкозүна /монголчилбол их аварга/ нарын эгнээнд нэгдэх боломжтой гэж тунхаглах боллоо.

Мэргэжлийн сүмогийн түүхэнд 20 болон түүнээс олон удаа түрүүлсэн зургаан сүмоч л байдаг. Хакүхо 45 удаа, Тайхо 32 удаа, Чиёнофүжи 31 удаа, Асашёорюү 25 удаа, Китаноүми 24 удаа, Таканохана 22 удаа түрүүлсэн ёкозүна нар юм.

Сүүлийн 29 жилийн хугацаанд буюу 1996 оны Таканоханагийн амжилтаас хойш жилд дөрвөн башёд түрүүлсэн япон ёкозүна байхгүй. Кюүшюү башёд түрүүлбэл Таканоханагийн амжилтыг Ооносато давтах юм. Тиймээс Таканоханатай зүйрлэх нь элбэгшжээ.

“Би тойргийн барилдаанд очихоор автобусанд явахдаа ч Таканоханагийн бичлэгүүдийг үзэж, барилдааныг нь судалж, суралцахыг хичээдэг. Тийм аугаа аваргатай зүйрлэж буйд баярлалаа. Түүн шиг амжилтад хүрэхийг маш их хичээх болно. Түрүүлсэн тоогоороо ойртохын тулд чадах бүхнээ хийнэ” хэмээн Ооносато өгүүлсэн байна.

Ийнхүү Ооносатог Японы хэвлэлүүд Аугаа ёкозүнагийн амжилтад уриалж, Таканоханатай зүйрлэж ахуй үед ёкозүна Хоошёорюү өчигдөр Монголд ирлээ.

Хоошёорюү Аки башёд Ооносатотой 13 даваагаар тэнцэж, нэмэлт барилдаанд ялагдсан. Энэ жил ёкозүна цол хүртсэн хоёр залуу хүчтэний барилдааныг Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Ошима Тадамори магтсан байна. “Хоёр ёкозүна хоёулаа ёкозүна цолтныхоо амаргүй үүргийг сайн гүйцэтгэлээ. Өнгөрсөн башёг хоёулаа тааруу өнгөрүүлсэн ч бэлтгэлээ сайн хийж, хариуцлагаа ухамсарлаж, эцсээ хүртэл тэмцэлдлээ. Ингэж барилдаж буйг нь сайшаах ёстой гэж бодож байна. Яг энэ чигээрээ үргэлжлүүлнэ гэж найдъя” хэмээн Ошима Тадамори өгүүлжээ.

Башёгийн 14 дэх өдөр сэкивакэ Вакатакакагэтай тулалгүй татаж давсан Хоошёорюүгийн барилдааны талаар Ошима Тадамори “Ёкозүна цолтон түрүүлэх л ёстой гэсэн бодлын үүднээс тэгсэн байх. Хүмүүс олон янзаар бодож, ярьж байгааг би ойлгоно. Гэхдээ башёд түрүүлэх бол хамгийн том зорилго. Түрүүлэх зорилготой учраас тэгж сэтгэж барилдсан байж болохыг би ойлгож байна” хэмээн мэдэгджээ.

 

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.188.95) 2025 оны 10 сарын 05

Кюшю башод монгол бөх түрүүлдэг юм аа нэгд, хоёрт ямар их амбиц вэ? 2 оронтой тоо руу орвол их юм даа, одоо онцгой өрсөлдөөн бий болж эхэлсэн. Гэхдээ сайн бөх шүү одоохондоо

2  |  0
Зохиолч Л.Пүрэвдорж (202.126.89.21) 2025 оны 10 сарын 05

45 түрүүлж ,чавахгүй л болов уу даа?! 21-зуунд хэнд дахиад хээн ч тийм амжилт гаргахгүй биз ээ. Энэ зуундаа Даваажаргал ганцаараа байх болов уу даа.

2  |  1
Hh(202.9.41.127) 2025 оны 10 сарын 07

Asa awarga hunguhun 35 turuuleh bsan shahsaar bgaad gargasan

4  |  0
Hh(202.9.41.127) 2025 оны 10 сарын 07

Asa awarga hunguhun 35 turuuleh bsan shahsaar bgaad gargasan

4  |  0
Hh(202.9.41.127) 2025 оны 10 сарын 07

Asa awarga hunguhun 35 turuuleh bsan shahsaar bgaad gargasan

3  |  0
Top