Японы сүмо бөхийн холбооны зөвлөлийн ээлжит бус хуралдаанаар экс ёкозүна Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ буюу Исегэхама дэвжээний багшид сахилгын шийтгэл оноож, зэрэглэлийг хоёроор бууруулж, гурван сар дэвжээний багшийн цалинг 10% бууруулахаар болжээ. Зэрэглэл буурсан гэдэг нь Японы сүмо бөхийн холбооны ахлах гишүүнээс, энгийн гишүүний статустай болсон гэсэн үг юм. Түүнийг согтуурсан үедээ өөрийн шавийг зан авирынх нь төлөө зэмлэж, гар хүрсэн хэрэгт нь шийтгэл оноосон байна.
Исегэхама дэвжээний багш ёкозүна асан Г.Ган-Эрдэнэ нь хоёрдугаар сард Токио хотын нэгэн ресторанд макүүчи зиндааны бөх Хакүнофүжигийн нүүр рүү цохисон байна. Түүний шавь нь халамцуу байхдаа нэгэн эмэгтэйд зохисгүй үг хэлсний дараа тэрээр цохижээ. Болсон хэрэг явдлыг Г.Ган-Эрдэнэ өөрөө сүмогийн холбоонд мэдэгдэж, хоёрдугаар сарын сүүлээр Японы сүмогийн холбооны сонсголд оролцсон байна.
Мэргэжлийн сүмогийн дээд зиндаанд 10 түрүүлсэн Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ 2025 оны нэгдүгээр сард зодог тайлж, тухайн жилийнхээ зургаадугаар сард нь Исегэхама дэвжээг өмнөх багш Асахифүжигээс өвлөн авсан юм.

Сэтгэгдэл ( 0 )