Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороонд цэцэрлэгийн насны 500 гаруй хүүхэд бүртгэлтэй бий. Энэ хүүхдүүд өнгөрсөн жилүүдэд бусад хороодын нутаг дэвсгэрт байх цэцэрлэгүүдэд хамрагдан суралцдаг байсан бол өнгөрсөн 2022 онд 150 хүүхэд шинэ цэцэрлэгтэй болж, хорооныхоо нутаг дэвсгэрт цэцэрлэгт хамрагдах болжээ. Үлдсэн 300 гаруй нь шинэ цэцэрлэгээ хүлээн өнөөдрийг хүрсэн гэсэн үг.
Тэгвэл өнөөдөр /2023.01.30/ тус хорооны Хайрханы 7-245 тоотод 250 хүүхдийн багтаамжтай 306-р цэцэрлэгийн нээлт боллоо. Ийнхүү хорооны ихэнх хүүхэд гэртэйгээ ойр цэцэрлэгт хамрагдах боломжтой болж байна.
306-р цэцэрлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн Н.Учрал, УИХ-ын гишүүн Э.Батшугар, СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагай нарын албаны хүмүүсээс гадна цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэн компанийн удирдлага, төлөөллүүд оролцлоо.
Нээлтийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал "Засгийн газраас өнгөрсөн жил гаргасан бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулан суралцуулах шийдвэрийн хүрээнд цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдийг хувийн цэцэрлэгүүдэд хуваарилсан. Түүний зэрэгцээ олон дүүрэгт шинэ цэцэрлэг барих төсөв мөнгийг шийдвэрлэж, эхнээсээ ийнхүү ашиглалтад орж байна. Сонгинохайрхан дүүргийн 31-р хорооны хувьд өнгөрсөн жил 150 хүүхдийн шинэ цэцэрлэг ашиглалтад орж байсан. Өнөөдөр ийнхүү 200 гаруй хүүхдийн цэцэрлэг нээгдлээ.. Цаашид дахин 150 хүүхдийн цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 306-р цэцэрлэгийн барилгыг хариуцан гүйцэтгэсэн компанийн хамт олонд талархлаа илэрхийлье. 31-р хороон дарга, алба хаагч, 306 дугаар цэцэрлэгийн эрхлэгч, багш нарын уйгагүй зүтгэлээр өнөөдрийн энэхүү бүтээн байгуулалт маш амжилттай дуусаж байна гэж үзэж болно. Цэцэрлэгтэй болж буй багачууддаа баяр хүргэе" гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрөгч 2022 онд бүтээн байгуулалт өрнүүн байсан гэж хэлэхэд болно. Тэр дундаа боловсролын салбар, сургууль цэцэрлэгийн шинэчлэл, өргөтгөлийн ажлууд олноор хийгдсэн. Өнөөдөр ийнхүү 306-р цэцэрлэг шинээр ашиглалтад орсноор тус дүүргийн хэмжээнд 64 цэцэрлэг албан ёсоор үйл ажиллагаагаа явуулдаг болж байна.
Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай "Манай дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан. Тэдгээрийн нэг нь 306-р цэцэрлэг бөгөөд одоогийн байдлаар ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээн авч байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-оор нэмэгдсэн бол 2022 онд хоёр цэцэрлэгийн барилга, гурван өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж, 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа" гэсэн юм.
306-р цэцэрлэг 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 138 хүүхэд бүртгэлтэй, 42 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.
Цэцэрлэгийн эрхлэгч Ж.Байгалмаа "Манай цэцэрлэг 2023 оны нэгдүгээр сарын 6-наас хүүхдүүдээ бүртгэж, үйл ажиллагаагаа эхэлсэн. Өнөөдөр албан ёсны нээлтээ хийлээ. Анги дүүргэлт өнөөдрөөс эхэлж, бүртгэлээ хийж байгаа. Энэ жилийн хувьд 396 хүүхдийг хамран сургахаар төлөвлөөд байна" гэж ярилаа.
Цэцэрлэгт хүүхдээ бүртгүүлэхээр ирсэн 31 дүгээр хорооны иргэн Б.Лхагвасүрэн "Манай хүүхэд оны өмнөхөн хоёр нас хүрсэн. Өнгөрсөн жил нас нь хүрээгүй байсан учраас цэцэрлэгт өгч чадаагүй. Харин өнөөдөр гэртэй маань ойрхон цэцэрлэг ашиглалтад орж байгааг дуулаад бүртгүүлэхээр хүрээд ирлээ. Тохилог, ая тухтай, найрсаг хамт олонтой, гоё цэцэрлэг нээгдсэн байна. Өмнө нь хоёр томыгоо нэгдүгээр хорооллын 104, 106-р цэцэрлэг рүү зөөдөг байсан. Одоо яг гэрийнхээ хажууд багыгаа сургах болсондоо баяртай байна" гэлээ.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байна. Эдгээр цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөлүүд ашиглалтад орсноор хүчин чадал 4520 ороор нэмэгдэж, нийт 25641 хүүхдийн ортой болон 100 хувь боловсролын салбараа шийдэж чадсан анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )