Аппликейшн ашиглаж, 20-60.000 ам.доллар залилсан хэргийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 30

Цахим орчинд “FT GROUP”, “FAMILYMART”, “WAYFAIR” гэх нэршилтэй хэрэглээний программ ашиглан иргэдээс 20-60,000 ам.долларын барьцаа байршуулж, залилсан үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж байна. 

Тодруулбал, хэрэглээний программ гар утсандаа татан ашиглаж, олон улсын арилжааны биржээр дамжуулан цахим хэтэвч нээж, иргэдээс 60-20,000 ам.долларын барьцаа байршуулж дээрх аппликейшнийг нэг жилийн хугацаанд нээлттэйгээр ашиглаж сурталчилгаа түгээж, элссэн үнийн дүнгээс хамаарч өдөр бүр 2-50 ам.долларын урамшууллыг олгоно гэх үйл ажиллагаагаар иргэдэд их хэмжээний хохирол учруулж залилсан байж болзошгүй үйлдэлд Цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Бусдад залилуулсан байж болзошгүй иргэд нь өөрсдийн болон бусдын орон сууц, тээврийн хэрэгслийг зарах, барьцаалах, өөрсдийн болон хүүхдийнхээ хадгаламжийг барьцаалж зээл авах, хамаарал бүхий хүмүүсээ элсүүлэх, эмчилгээнд хадгалсан мөнгө зэргээ оруулж, залилуулсан байна.

“FT group” аппликейшн нь манай улсын иргэдэд зориулан Монгол хэлний тайлбартайгаар цэс нээж, онлайн худалдааны сайт руу хандан даалгавар биелүүлж, урамшуулал авах байдлаар үйл ажиллагаа явуулсан.

Дээрх залилах хэрэг нь өнгөрөгч 2022 оны арваннэгдүгээр сард Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлэн 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр үйл ажиллагаа явуулахаа больж, хаагдсан байна.

Иймд иргэд та бүхэн дээрх залилах үйл ажиллагаатай холбоотойгоор таны хохирлыг төлж барагдуулна, хохиролгүй болгож өгнө гэх мэтчилэн хэн нэгний худал үгэнд итгэж, мөнгө шилжүүлэхгүй байж, хохирсон иргэд цагдаагийн байгууллагад хандахыг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top