Д.Сайнсайхан: Олзоос бусад үүд нээгдсэн хүмүүс засал номыг давтамжтай уншуулах нь зүйтэй

2023 оны 02 сарын 19

Монголчуудын уламжлалт Цагаан сарын баяр болох Хаврын тэргүүн сарын Шинийн нэгэн 2023 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож байна. 17 дугаар жарны Сайжруулагч хэмээх Усан бар жил улирч, Үзэсгэлэн болгогч хэмээх Усан туулай жил гарах гэж байна. Тэгвэл айлчлан ирж буй жилийн өнгө хийгээд анхаарвал зохих засал номын талаар Монгол зурхайд хэрхэн шинжсэнийг Бусдад туслахуй анагаах ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.


"ҮЗЭСГЭЛЭН БОЛГОГЧ" ХЭМЭЭХ ТУУЛАЙ ЖИЛД ИХЭС ДЭЭДЭС ТӨРИЙГ ТЭТГЭНЭ, АРД ИРГЭД АМГАЛАНТАЙ

-Туулай жилийн цагаан сарын Шинийн 1 хоёрдугаар сарын 21-ний өдөр тохиож байна. Монголын цагаан сар азийн бусад орнуудаас сарын хойно болж байна. Үүнийг зарим хүн магадгүй буруу тооцооллоо гэж шүүмжлэх нь бий. Ямар учир шалтгаанаар ингэж зөрдөг вэ?

-Азийн цагаан сараас Монголын цагаан сар зөрж байгаа нь цаанаасаа зөрөөд байгаа юм биш. Мөн зориуд зөрүүлээд байгаа юм биш. Энэ нь зурхайн ухааны од гараг, эрхэс, газар зүйн байрлалын нарийн тооцоололд үндэслэж, од, гараг эрхэстэйгээ нийцэж явахын тулд гурвал жил тутамд нэг удаа саалт хийдэг. Тэгэхээр гурван жил тутамд азийн цагаан сараас Монголын цагаан сар нэг сараар зөрж байгаа нь саалт хийсэнтэй холбоотойгоор гарч ирж байгаа юм.

Үүнийг од, гараг эрхсийн үндэслэлтэйгээр тайлбарлахад Хятад болон азийн бусад орнуудын тооцоолол нь нэг сарыг 30 өдрөөр л тооцдог. Тиймээс хуанлийн зурхайн тооцооллоор жил бүрийн цагаан сар нь ижилхэн давтамжтай байдаг. Тэгтэл Төгсбуянт монгол зурхай дээр нэг сарыг од, гараг эрхсийн хөдөлгөөн, сар болон дэлхийн харилцан үйлчлэлээс нь хамааруулаад нэг сар нь 29.54 хоног гэж нарийн авч үздэг. Өөрөөр хэлбэл 1 жил дотор арваад хоног илүү гарч байна гэсэн үг. Тэгэхээр 3 жил тутамд 30 хоног буюу 1 сар илүү гарч байгаа. Үүнийг Төгсбуянт шинэ зурхай маш нарийн тооцооллоороо 3 жил тутамд илүү гарч байгаа 1 сарыг илүү сар гэж тооцдог. Өнгөрч буй Бар жилд зуны сар нь илүү байсан. Ингэж зуны сар дээр 1 сар нэмэгдээд ирэхээр Монголын цагаан сар азиас зөрж байгаа юм. Энэ нь астрологийн нарийн тооцооллоор гарч ирдэг.

Төгсбуянт шинэ зурхай нь од гараг эрхсийн нөлөө, газар зүйн байрлалыг бидний өвөг дээдэс, ламын гэгээн Лувсанданзанжанцан, монгол маарамба, зурхайч Ишбалжир тэргүүтэй хүмүүсийн бодолт хийсэн од, гараг эрхсийн нөлөөллийг маш нарийн саалт, уламжлалыг хадгалж яваа. Тэгэхээр бид үүнийгээ мэдэхгүйгээр, мэдлэг дутуу байдлаас болоод буруутгаж, элдвээр хэлэхийг цээрлэх хэрэгтэй.

-17 дугаар жарны “Үзэсгэлэн болгогч” хэмээх туулай жилийн өнгө хэрхэн зурагдсан бэ?

-Жилийн өнгийг зурхайн 60 жилийн үр, Шороон үхрийн зурлага, Цасан чихрийн амт, Жилийн хаан үр гэх мэт олон зүйлээр шинжиж гаргадаг.

Үүнээс монголчууд голлон шинждэг зүйл бол хамгийн нэгдүгээрт 60 жилийн үрийн зурхай юм. 60 жилийн зурхай нь ерөнхий төлөвөөрөө их таардаг. Тэгэхээр бид ерөнхий зураг нь сайн гарч байгаа жилийг тэгж харах нь зүйтэй. Монгол хүн амны билгээрээ гэдэг.

Одоо бол 17 дугаар жарны Усан туулай жил гарч байна. Тэгэхээр энэ 17 дугаар жарныг анх гарахад нь үрийг нь тооцоод гаргачихсан гэсэн үг. Бид жарны зурхайгаар ойрын хэдэн жилдээ улс орон, байгаль дэлхий, ургац ногоо ямар байхыг хардаг. Өөрөөр хэлбэл бидэнд ажил үйлсээ ойрын дөрөв таван жилээр төлөвлөх боломжийг жаран жилийн зурхай олгодог.

Энэ жилийн тухайд “Үзэсгэлэн болгогч” гэх яг энэ нэрээр нэрлэгдсэн нь Жаран жилийн зурхайн нэршил юм. Энэ нэршлийн утгыг зурхайн шүн номлол судар 60 жилийн онцлогоос үзвэл идээ унд элбэг, өвчин зовлонгүй, бие, сэтгэл амгалан, ихэс дээдэс төрийг ёсчлон тэтгэнэ, ард иргэд амгалантай, найр наадам элбэг болох жил гарч байна. Энэ үрээс нь харахад цар тахлын хүнд үеийг туулан гарч байгаа болохоор ирэх жилээс улс орны байдал сайжирч, өмнөх сайхан амьдралынхаа хэв маягт орох үр нөлөө 60 жилийн онцлогоосоо ирж байгаа болов уу гэсэн эерэг хандлага төрж байна.

Мөн монголчуудын хамгийн их зурдаг зурхай бол Шороон үхрийн шинж байдаг. Шороон үхрийн шинжийг шинжихдээ, тухайн жилийн хамгийн анх хаврын уур орох өдрөөр нь тооцоолж гаргадаг тооцоолол юм.

Хаврын уур нь цагаан сараас өмнө буюу тухайн өнгөрч байгаа жилийнхээ сүүл сард нь ордог. Тэр өдөр нь ямар өдөр таарч байна вэ гэдгийг нь хамааруулаад тухайн жил цаг улирал, нийгмийн байдлыг шинжиж, шороон үхрийн зургийг зурж гаргадаг.

Айлчлан ирж буй туулай жил Үхрийн шинжийг нь харахаар улирлуудын эхээр хур бороо ихтэй ч салхи шуургатай байж магадгүй. Мөн улирлын сүүлээр хур бороо багатай. Гэхдээ жилийн дундуур буюу яг ургац, тариалангийн цагаар ургац ногоо сайн ургахаар байна. Үүнээс үүдээд манай тариаланчид энэ жил тариа ногоогоо сайн тарьж, ургацаа авбал ээлтэй шинж гарсан.

Мөн үхэр хариулагчийн шинжээр тухайн улс орны нийгмийн байдал, ард иргэдийн аж амьдралыг харуулдаг. Үхэр хариулаач нь өвгөн хүн байна. Өвгөн хүнийх нь шинжээр настайчууд юм уу өндөр дээд суудалтан хүмүүст амгалантай, ажил үйлс нь сайн бүтэх жил байгаа. Тийм болохоор настай хүмүүст ээлтэй сайн байх нь. Өндөр дээд судалтан гэдэг нь төрийг барьж байгаа дээд хүмүүст сайн, ажил үйл нь бүтэх. Үүнийхээ үрээр цаашлаад улс орны байдал сайн болох болов уу гэсэн таамаг гарч ирж байгаа юм.

Дунд түшмэдүүд буюу залууст дунд зэрэг. Тэгэхээр залуус болон дунд түшмэдүүд ажил албадаа хичээх хэрэгтэй гэсэн санамжийг өгч байгаа юм. Харин нялхас болон энгийн ард иргэдэд ширүүвтэр жил гэсэн байгаа. Тэгэхээр хүүхэд багачуудынхаа эрүүл мэндэд анхаараарай. Ард иргэд аж амьдрал, аж зуулгадаа хичээхгүй бол амьдрал хүнд байж магадгүй шүү гэсэн шинж гарч байгаа. Үхэр хариулаач нь үхрийнхээ урд яаран гүйж байгаагаас харахад улс орон хямрал тэмцэлтэй байх талтай. Тиймээс эв эеэ хичээх нь зүйтэй.

-Туулай жилтнүүдийн маань жил орж байна. Тэд юуг анхаарч, ямар засал ном уншуулах хэрэгтэй вэ?

-Туулай жилтэй хүмүүсийн жил орж байна. Тэгэхээр 2011 онд төрсөн хүүхдүүдийн 13-ны жил орж байна. Энэ үед хүүхдийн бие өвдөх гээд байдаг. Тиймээс эрүүл мэндэд нь сайн анхаарах хэрэгтэй. 13-ны жил дээр тухайн хүн гүймиг засал гэдгийг заавал хийлгэх ёстой. Догшин газар болон аливаа цээртэй зүйлээс болгоомжилж, биеэ энхрийлүүштэй.

Мөн 25-ны жил орно. Энэ нь их, дээд сургуулиа төгсөөд ажил, амьдралын гараан дээр ирж байгаа залуу хүмүүст тохиодог. Тиймээс жил орж байгаа заслыг шамдаж хийлгэх хэрэгтэй. Үүнийг жаргал зовлон ээлжлэх жил гэж хэлдэг. Тэгэхээр залуучуудад ажил үйлсэд нь саад гарах гээд байдаг. Ажил нь бүтээд байгаа ч юм шиг, бүтэхгүй байгаа ч юм шиг байдаг.

Дараагийнх нь 37-ны жил. Энэ бол залуу хүмүүсийн аж амьдрал нь тэгширдэг нас. Энэ насандаа жил орж байгаа заслаа хийлгэхгүй бол ажил ажил гэж явсаар бие хаа нь өвдөх, мөн эрсдэлтэй ажил төлөвлөж хийвэл гарз гарах магадлал байдаг шүү. Үүнийг сайн анхаарч байх хэрэгтэй.

Үүний дараагийнх нь 49-ний жил. Энэ жил орж байгаа хүмүүс сүлд доройтдог учраас маш буурь суурьтай байж, хол газар явах, эрсдэлтэй зүйл хийхэд болгоомжтой хандахгүй бол амь насанд халтай байж мэдэхээр байдаг.

Тэгэхээр 49-ний жилийн заслаа анхаарч хийлгэх нь зүйтэй.

Дараагийнх нь 61-ний жил ордог. Энэ үед настайчуудын бие хямарч, өвдөх гээд байдаг. Тиймээс биеийн эрүүл мэнддээ анхаарч, сувилуулж, засал номоо хийлгэх нь өөрт нь эерэг нөлөөтэй.

Энэ мэтчилэн 73-ны жил гээд буцаад 13-ны жилтэйгээ адил давтагддаг. Тиймээс жил орж байгаа хүмүүс маань сүм хийд дээр зурхайчид үзүүлээд ямар ном уншуулж, юуг цээрлэх вэ гэдгээ мэдэж аваад засал номоо хийлгэвэл илүү үр дүнтэй болов уу.

-Урвасан жил гэж ямар учиртай вэ. Анхаарах зүйл байдаг уу?

-Урвасан жилийг дотоод жил гэж ярьдаг. Энэ нь тухайн гарч байгаа жил нь бусад жилтнүүдэд нөлөөллийг үзүүлж байдаг. Гадаад жилээрээ бид жил орж байна гэж ярьж байгаа. Дотоод жилээрээ урвасан жилийн үүд нээгдэж байдаг. Энэ нь бидний нэрлэж заншсанаар олзны үүд нээгдэх, гарзын үүд нээгдэх, хагацлын үүд нээгдэх, газрын үүд нээгдэх гэж байдаг. Тэгэхээр үүнийг маш сайн анхаарч, олзны үүднээс бусад үүд нээгдэж байгаа тохиолдолд тухайн үүдэнд тохиолдож байгаа цээрлэх зүйлийг нь тэр жилдээ сайн анхаарч байх ёстой.

Олзны үүд нээгдсэн хүний ажил үйлс нь сайн бүтдэг учраас олон жил бодож, хийхээр төлөвлөсөн, хийж амжаагүй ажлаа тухайн жил хийх хэрэгтэй. Цаанаасаа гараг эрхэс ивээж байгаа учраас засал ном хийлгэдэггүй.

Харин бусад үүд нээгдсэн хүмүүс цээрлэх зүйлийг нь анхаарахаас гадна уншуулах засал номыг жилийн туршид давтамжтайгаар уншуулбал гарз хохирол, сөрөг нөлөө ирэхгүй байх магадлалтай.

Энэ туулай жилийн хувьд олонх хүнд гарзын үүд нээгдэж байгаа онцлогтой. Тэгэхээр газрын үүд нээгдсэн хүмүүс аль болох газар лусын үйл буюу газар ухах, мод таслах, чулуу ухах, ус руу бохир зүйл хийх, усны ан амьтан алах үйлүүдийг маш сайн цээрлэж, газрын үүд хаалгах номуудыг давтамжтайгаар уншуулах хэрэгтэй.

Гарзын үүд нээгдэж байгаа хүмүүс том ажил үйл хийхээр бол сайн төлөвлөж, ажил үйлээ нягт нямбай байлгахгүй бол гарз гарах магадлал өндөр. Тиймээс гарзын үүдийг хаалгах номуудыг давтамжтайгаар уншуулж байвал зохимжтой. Үүнийг урвасан жилийн үр гээд байгаа юм.

-Тэгэхээр урвасан жилийн үр бүх жилтнүүдэд тохиолдож болно гэж ойлгож болох уу?

-Урвасан жил бүх жилтэй хүнд байхгүй. Тухайн жилтэй хүнд ямар жил урваж байна вэ гэдгээс хамаараад дээрх үүднүүд нээгдэж байдаг. Энэ нь зурхайч дээр ирээд үзүүлэхэд тодорхой хэлээд өгнө, мөн календарь дээр урвасан жилийн үр гээд байдаг.

СУУДАЛ НЭГДСЭН ЭХНЭР, НӨХӨР Л СУУДАЛ САЛГАДАГ

-Суудал өнцөгдсөн хүмүүс ямар засал хийлгэх вэ?

-Суудал өнцөгдсөн хүмүүс нийтлэгээрээ “суудлын өнцөг” гэдэг засал хийлгэнэ. Найман суудал байдаг. Үүнээс шороо, огторгуй, уул, хий гэснийг суудлын өнцөг гэнэ. Өнцөг суудал дээр сууж байгаа хүмүүс суудлын өнцөг гэдэг заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Өнцгийн заслыг хийлгэхээс гадна суудал тус бүрд тусдаа уншуулах ном байдаг, өөр өөрийн онцлогтой. Жишээ нь шороо суудалд суусан хүмүүс байшин барих, газар ухах гэх мэт газар шорооны үйл хийхдээ маш болгоомжтой байх хэрэгтэй.

Огторгуйд суусан хүмүүс өндөр зүйл дээр гарахгүй байх, хэл амнаас сэрэмжлэх хэрэгтэй. Уул суудалд суусан хүмүүс суудлын өнцгийн нөлөөнөөс гадна уулын орой дээр гарахад ямар нэг саад гарах гээд байдаг. Манайхан Бурхан халдун, Шилийн богддоо очно гэдэг. Тиймээс тухайн суудалд суусан хүмүүс аль болох тэр үйлээ цээрлээд, нэг жил өнжчихвөл зүгээр. Хий суудалд суусан хүмүүс хэл аманд өртөмтгий байх талтай гэх мэт нөлөөллүүд байдаг. Тиймээс суудлын өнцөг заслаа хийлгэхээс гадна сая хэлсэн онцлогуудыг анхаараад, онцлогтоо тохирсон засал номоо уншуулах хэрэгтэй.

-Нэг гэр бүлийн хүмүүс ижил суудалд суусан тохиолдолд хэрхэх вэ?

-Нэг гэр бүлийн хүмүүс ижил суудалд суухыг зурхайн нэршлээрээ гэр бүлийн ширүүн гэж хэлдэг. Нэг суудалд дээр эхнэр, нөхөр хоёр сууж байгааг л суудал нэгдсэн гэж хэлдэг. Тэгтэл би охинтойгоо, хүүтэйгээ нэг суудалд суучихжээ, суудал салгах уу гэж олон хүн ирдэг. Үүнийг хүмүүс зөв мэдэж авах хэрэгтэй. Эхнэр, нөхрөөс бусад гэр бүлийн гишүүдтэйгээ ижил суудалд суух нь суудал нэгдэх биш юм. Эхнэр, нөхөр суудал нэгдсэн байвал суудал салгах заслыг хийлгэдэг. Суудал салгахгүй байвал тухайн айлын эд баялагт муу гэдэг. Орж ирсэн эд баялаг нь юм болохгүй байх, гарз гарах гэх мэт нөлөө гардаг. Монголчууд эрт дээр үеэс л суудал салгахыг маш сайн мэддэг байсан.

-Туулай жилийн харш жилтнүүд юуг анхаарч, ямар ном уншуулах вэ?

-Их, бага гэсэн хоёр харш жил байдаг. Энэ туулай жилийн хувьд тахиа жилтэй хүмүүст их харш тохиож байна. Энэ нь тухайн жилээс хойш тоолоод 7 дахь жил гэсэн үг. Их харш жил таарч байгаа хүмүүсийн ажил үйлсэд том саад гарах гээд байдаг. Тэгэхээр тахиа жилтэй хүмүүс энэ жил томоохон ажил хийх гэж байгаа бол маш сайн төлөвлөж, засал номоо хийлгэж, их харшийн номоо байнга уншуулж байвал зохимжтой. Мөн хол газар явах, муу зүгтээ явах зэрэг эрсдэлүүдийг сайн тооцоолж, анхаарал болгоомжтой байх хэрэгтэй.

Харин бага харш нь хулгана, морь жилтэй хүмүүст тохиож байна. Энэ тохиолдолд мөн ажил үйлсэд тодорхой хэмжээгээр саад тохиодог. Гэхдээ их харшаасаа бага. Тиймээс Ногоон Дарь-Эх, Жадамба номыг уншуулж байвал сайн.

Мөн цагаан жил гэж байдаг. Үүнийг бид маш сайн анхаарч байх хэрэгтэй. Туулай жилийн хувьд цагаан жил хулгана жилтэй хүмүүст таарч байна. Цагаан жил гэж яагаад хэлсэн бэ гэхээр 12 жилд хоёр жил л харшилддаг. Түрүү жилд үхэр, бар хоёр тэмцэлдэнэ гэж байсан. Үхэр жилтэй хүмүүс өнгөрч байгаа бар жилд бие өвдсөн, сэтгэл санаа хямарсан гэх нь их байсан.

Тэгвэл туулай жилд яагаад хулгана жил гэж байгаа вэ гэхээр хулганыг туулай хөөнө гэсэн зурхайн шүн байдаг. Энэ шүн номынхоо хувьд хулганыг туулай хөөнө гэсэн учраас туулай жил гарвал хулгана жилтэй хүмүүс, хулгана жил гарвал туулай жилтэй хүмүүст цагаан жил нь таарна.

Хулгана жилтэй хүмүүсийн цагаан жил ирж байгаа учраас хулгана жилтэй хүмүүсийн сэтгэл санаа хямрах талтай тул сэтгэл санаагаа маш тайван байлгах, сэтгэл санаа зовоосон асуудлуудыг дор дор нь шийдэж явах нь зүйтэй. Мөн биеийн эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Тиймээс хулгана жилтнүүд Их Манал, Маналын Чого гэсэн номыг сар бүрийн Шинийн 8-нд уншуулж байх, ядаж нэрээ оруулж уншуулж байвал гараг эрхсийн нөлөө бага байна гэдгийг засал номын судар дээр бичсэн байдаг.

-Энэ туулай жилд ямар хүмүүсийн мэнгэ голлож байгаа вэ. Юуг анхаарвал зохих вэ?

-Мэнгэ голлох гэдэг нь өөрийн төрсөн мэнгэ, огторгуйн жилийн мэнгэ, тухайн хүний эрхшээсэн мэнгэ гурав нэг мэнгэ болохыг хэлдэг. Тэгэхээр “Үзэсгэлэн болгогч” хэмээх Усан туулай жил нь дөрвөн ногоон мэнгэтэй. Тэгэхээр энэ жилд төрж байгаа хүүхдүүд бүгд дөрвөн ногоон мэнгэтэй гэсэн үг бөгөөд мэнгэ голлоно. Түүнчлэн дөрвөн ногоон мэнгэтэй бүх хүний мэнгэ голлож байгаа тул мэнгэ голлосны тусгай засал байдгийг хийлгээрэй. Мэнгэ голлох гэдэг мөчлөг есөн жил тутамд нэг тохиолддог.

33-НЫ МӨЧЛӨГИЙГ АМЬДРАЛАА ӨӨРЧЛӨХ БОЛОМЖ ГЭЖ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

-Жил бүр 33-ны мөчлөгийг талаар яригддаг. Энэ мөчлөг нь таарч байгаа хүмүүс юу анхаарах вэ?

-Ер нь 33-ны мөчлөгийг сайн ойлгуулах хэрэгтэй. 33-ний мөчлөгөө мэдэхгүй учраас зан үйл засал ном, бодох бодлоо өөрчилж чадаагүйгээс болоод залуус амьдралдаа алдах зүйлүүд байдаг нь надад харамсалтай санагддаг. Надад ирж үзүүлж байгаа олон хүнээс 33-ны мөчлөгөө ойшоохгүй яав даа гэсэн сэтгэл төрдөг учраас үүнийг дахин дахин ярьж, ойлгуулах юм сан гэж боддог. Залуус маань 33-ны мөчлөгийг муу зүйл гэж айж, цэрвэхээсээ илүүтэйгээр үүнийг боломж гэж харах хэрэгтэй. Энэ мөчлөгөөс эхлээд надад амьдралаа сайн сайхан болгох ямар боломж байж болох вэ гэдэг өнцгөөр харах нь зүйтэй.

Яагаад гэхээр 33-ны мөчлөг дээр хүн суудлын гүймиг буюу эхээс төрсөн суудал дээрээ эргэж суудаг. Эрэгтэй хүн эхээсээ төрөхдөө гал, эмэгтэй хүн усан суудал дээр суудаг. 33-ны мөчлөг дээр төрөхөд анх суусан суудал дээрээ суудаг. Тийм учраас л үүнийг 33-ны эхийн хий гэж яриад байгаа юм. Хүн эхээс төрнө гэдэг амьдралаа шинээр эхлүүлж байна. Эхээс төрөөд 33 хүртлээ хүн амьдралын нэг замаар явж.

Тэгвэл энэ мөчлөгөөсөө эхлэн цаашид тухайн хүн юу бодсон бэ, ямар зан үйл хийсэн бэ, засал номоо хийлгэсэн үү гэдгээс хамаараад тухайн хүний амьдрал уруудах уу, өөдлөх үү гэдэг нь бас хамаардаг. Тиймээс 33-ны мөчлөгийг амьдралаа өөрчлөх боломж гэж харан ашигла гээд байгаа нь өмнөх амьдралдаа болсон, болохгүй байсан зүйлдээ дүгнэлт хийгээд, болж бүтэж байсан зүйлээс цааш нь улам дэвжээж, болохгүй байсан, хичээгээд хүрч чадаагүй зүйлүүдээ бий болгоё гэсэн эерэг хүсэл тэмүүллийг хамгийн нэгдүгээрт дотоод сэтгэлдээ бий болгох хэрэгтэй. Бодол их чухал.

Хоёрт зан үйл чухал. Энэ нь ээжийгээ л баярлуул гэж байгаа юм. Ээжийгээ баярлуулахдаа тийм зүйл хий гэсэн юмгүй. Ээжийгээ баярлуулбал хүний дотор сайхан мэдрэмж төрнө дөө. Тэр бодол, мэдрэмж хоёр нийлэх нь чухал. Гэхдээ хүний эцэг, эх эд баялгаас илүүтэй үр хүүхдээ сайн явахад л хамгийн их баярладаг байх гэж боддог. Тиймээс та бүхэн энэ мөчлөг дээрээ зөв явж, сайн амьдраад ээж аавынхаа сэтгэлийг зовоолгүй, одоо л миний хүүхэд зөв амьдарч байна даа гэж сэтгэл амартал нь баярлуулбал хамгийн дээд зүйл болов уу.

Гуравт 33-ны мөчлөг дээр гурван гүймиг байдгаас суудлын гүймиг, ясан махбодын гүмэг гэсэн хоёр сүрхий гүймиг таарч байгаа. Тиймээс энэ хоёр гүймигийн засал номыг хийлгэхгүй бол том нөлөөтэй.

Энэ туулай жилд 1991 онд төрсөн хонь жилтэй хүмүүст 33-ны мөчлөг таарч байна. Тиймээс энэ жил амьдрал нь өөдлөх, сайн амьдрал нь эхлэх гараг эрхсийн үүд зам нээгдэж байна. Нөгөө талаараа үүнийг анзаарахгүй хөлөөрөө толгой хийгээд, толгойгоороо хөл хийгээд явбал энэ туулай жилдээ өвчин зовлонд өртөх, хэл ам, хэрүүл зарга, шүүх цагдаа зэрэгт орооцолдох өндөр магадлалтай. Ийм асуудалд орсон хүмүүс жилийн дундуур их ирдэг учраас дээр хэлсэн зан үйлийг жилийн эхээр чухалчилж хийгээрэй. Залуу хүмүүс үүнийг тоохгүй явахад 100 хувь амьдралд чинь нөлөөлөхгүй ч тодорхой хэмжээнд нөлөө гардаг.

-Та дээр гурван гүймэг байдаг гэлээ. Үүнийг тодруулж өгнө үү?

-Насны гүймиг, суудлын гүймиг, ясан махбодын гүймиг гэж байдаг. Насны гүймиг гэдэг нь есөн жилийн давтамжтай явдаг. Энэ нь хүүхэд эхээс төрөөд билгийн насаараа 9, 18, 27, 36, 45 гэж явдаг. Энэ нь цааш явсаар 81 насан дээр ирдэг. 81 настай ахмадууд насны гүмэг заслыг онцгойлон анхаарч хийлгэх хэрэгтэй. Монголчууд эцэг, эх нь 81 нас хүрэхэд хоёр удаа золгодог. Энэ насанд ахмад хүмүүст маш эрсдэлтэй байдаг учраас хоёр золгож, 82 хүрлээ гэж бэлгэшээдэг. Тэгээд 81 настай ахмадууд би хүүхдүүдтэйгээ хоёр золгочхоод одоо би 82-той гэж цээрийг арилгадаг байх нь. Тэгэхээр насны гүймиг гэдэг ийм чухал.

Суудлын гүймиг гэдэг нь 33-ны эхийн хий дээр дайрч байгаа. Мөн бусад эрэгтэй хүн гал дээр, эмэгтэй хүн усан дээр сууж байгаа бол суудлын гүймиг таарч байгаа шүү. Гурав дахь нь ясан махбодын гүймиг. Энэ нь далд нууц мөртөө хүмүүсийн амьдралд маш том нөлөө үзүүлдэг нь харагддаг. Энэ гүймиг нь туулай жилд хонь жилтэй хүмүүст таарч байгаа. Тэгэхээр бүх хонь жилтнүүд гүймиг заслыг заавал хийлгэх хэрэгтэй. Бар жилд ясан махбодын гүймиг морь жилтэй хүмүүст таарч байсан, түүний урд жил могой жилтэй хүмүүст таарч байсан.

НОМ ЗАСАЛ ХИЙЛГЭХЭД САВНЫ ГУРВАН ГЭМИЙГ ТЭВЧ

-Хүмүүс шинийн 15-ны дотор жилийн засал номоо хийлгэхийг чухалчилдаг. Заавал энэ өдрүүдэд багтаах ёстой юу?

-Ер нь жилийн эхэнд засал номоо шамдаж хийлгэх нь зөв. Жилийн эхэнд гэхээр шинийн 15-ны дотор заслаа хийлгэх алба байхгүй. Жилийн эхэнд заслаа хийлгэх нь тухайн хүний эрсдэлээс урьдчилан сэргийлэх гараг, од эрхсийн нөлөө хүний бие махбодод нөлөөлөх нөлөөллийг багасгах зүйл.

Бурхны шашинтай хүмүүс 15-ыг яагаад голчилдог вэ гэхээр Бурхан багш хаврын эхэн сарын шинийн 15-нд их шид бүтээлийг үзүүлсэн гэдэг утгаараа энэ өдрүүдийг бурхны шашинтай бүх орнууд бэлгэшээж, энэ өдрүүдэд хурал номоо хурж, өргөн дэлгэр байдаг. Энэ үед монголчууд засал номоо хийлгэж шамддаг. Гэхдээ энэ үед ачаалал их гэж бодвол хаврын эхэн, дунд сардаа багтаад заслаа хийлгэчхээрэй. Жилийн сүүлээр заслаа хийлгээгүй, ийм юм болчихлоо гээд явдаг хүмүүс их байдаг.

-Цаг үеэ дагаад гандан, хийдүүд цахимаар засал ном хийдэг болж. Заавал ламд очихгүйгээр түүнийг даган баясвал заслаа хийлгэчихлээ гэж бодож болох уу?

-Ер нь бол биечлээд уншуулсан нь бүх юмнаас илүү байх талтай. Нөгөө талаар тухайн хүний сүжиг мэднэ. Хойшоо харсан амтай агуйд нарны гэрэл тусахгүй байгаа нь нарны буруу биш гэдэг шиг буруу сэтгэлийг үүсгэж байвал бурхан ирээд толгой дээр чинь адисалсан ч ач тус нь хүрэхгүй. Тиймээс бид зөв, буруу гэж туйлширч болохгүй.

Ном уншуулж байгаа хүмүүс нэг л зүйлийг анхаарах хэрэгтэй. Тэр нь сүжиг сэтгэл үүсгэдэг савны гурван гэм гэж байдаг. Тэрийг тэвчиж чадвал юугаар ч ном уншуулсан тус нь хүрнэ. Савны гурван гэм буюу бохирдсон сав, цоорхой сав, хөмөрсөн сав гэж байна. Бохирдсон сав гэж буруу үзлийг хэлж байгаа юм. Энэ уншиж байгаа ном худлаа, надад яаж хүрэх вэ дээ гэсэн бохирдсон сав шиг бодолтой байвал тэр хүн ном уншуулаад хэрэггүй.

Дараа нь хөмөрсөн савны гэм нь ирээд ном уншуулаад сууж байхдаа бодол нь өөр газар явж байдаг. Энэ нь хөмөрсөн сав дотор нь юм орохгүйтэй адил. Цоорхой савны гэм нь ном уншуулж байгаа зүйлдээ санаа бодлоо зориулахгүй, нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргадаг, хүчээр ирсэн мэт хүмүүс байдаг. Тиймээс бид савны гурван гэмийг тэвчихгүй бол ном уншуулаад ч хэрэггүй, засал хийлгээд ч үр дүн гарахыг мэдэхгүй юм.

-Дээрхээс бусад жилтнүүдийн онцгой анхаарах засал юу байна вэ?

-Бусад хүмүүс нийтлэгээр их хийлгэдэг онцгой засал гэвэл Нашидүрсэм байдаг. Энэ засал нь суудлын болон жилийн гэсэн хоёр янз байна. Хүн ямар суудалд сууж байгаагаас хамаараад нашидүрсэм хийлгэдэг. Түүнийг зурхайч дээр үзүүлж гаргана. Харин жилийн нашидүрсэм болохоор нийтлэгээр байдаг. Нашидүрсэм гэдэг нь На ши дүршиг буюу гурван жил дараалж хийдэг заслыг хэлж байгаа юм. Өнгөрч буй бар жилд На буюу өвдөх жилийн нашидүрсэмийг хийлгэсэн. Энэ нь өвдөх гэсэн үг биш гарз гарах гэсэн утгыг илэрхийлдэг.

Энэ туулай жилд Ши буюу үхэх жилийн нашидүрсэм засал хийлгэнэ. Үүнийг ямар жилтэй хүмүүс хийлгэх вэ гэхээр гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтэй хүмүүс байна. Гэхдээ энэ нь үхэх гэсэн утга биш. Та ажил үйлсдээ анхаараарай, нягт нямбай байгаарай. Ажил үйлсээ саад тотгоргүй байлгахын үүднээс нашидүрсэмийн засал хийлгээрэй. Тэгвэл ажил үйлс нь энэ жил сайн явна.

-Ярилцсанд баярлалаа. Таны буян, номын ажилд амжилт хүсье.

-Баярлалаа.

 

Top