Италийн Пиза их сургуулийн эрдэмтэд бясалгал хийж байгаа хүний тархинд юу болж байдгийг судалжээ. Судалгаанд Энэтхэгийн Буддын Сэра Жей сүмийн лам, хуврагууд оролцжээ.
Судлаачид тархины цахилгаан бичлэгийн тусламжтай бясалгал хийх үед тархины мэдрэлийн эсүүдийн үйл ажиллагааг ажиглажээ. 12 долоо хоног үргэлжилсэн судалгаанд төвлөрсөн болон задлан шинжлэх бясалгал хийдэг 23 лам, хувраг оролцсон байна. Судалгааны явцад энэ хоёр төрлийн бясалгалын нөлөө ихээхэн ялгаатай болох нь тогтоогджээ. Төвлөрсөн бясалгал буюу амьсгал, тарни зэрэг нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлэх бясалгалын үед тархины идэвхжилд мэдэгдэхүйц өөрчлөлт гарсан байна. Төвлөрсөн бясалгал нь тархины дух болон арын хэсэг дэх альфа болон тета долгионы хүчийг нэмэгдүүлсэн ба энэ нь анхаарлаа хянах нь нэмэгдэж, ухаан бодол тэнүүчлэх байдал нь багассанаас үүдэлтэй холбоотой аж.
Задлан шинжлэх буюу тодорхой сургаалыг тунгаан бясалгах үед тархины идэвхжилд бага зэргийн өөрчлөлт оржээ. Буддын лам, хуврагууд хүссэн үедээ оюун санааны янз бүрийн байдалд орч чаддаг болохыг тогтоожээ. Туршлагатай лам нарт нэгэн онцгой зүйл илрүүлсэн нь тархиных нь бета долгионы хэлбэлзэл огцом өссөн байна. Ийм өөрчлөлт дөнгөж бясалгал хийж сурч байгаа лам, хуврагуудад ажиглагдаагүй байна. Өөрөөр хэлбэл урт хугацаанд бясалгал хийснээр танин мэдэх үйл явцыг сайжруулж, анхаарал төвлөрлийг нэмэгдүүлдэг болох нь тогтоогджээ.
Сэтгэгдэл ( 0 )