Эдийн засгийн цөм буюу Оюу толгойн гүний уурхай

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 15

Францын нэрт зохиолч, газар зүйч Жюль Габриэль Вернийн бичсэн “Дэлхийн цөм рүү аялсан нь” хэмээх зохиолыг уншигч та нэгэн цагт уншиж байсан биз ээ. Хэрэв тэгсэн бол номын сүүлийн хуудсыг хаагаад өөрөө тэр хэмжээний гүнд очсон бол хэмээн сэтгэн, ургуулан бодож, төсөөлөн суусан гэдэгт огтхон ч эргэлзэхгүй байна. Учир нь би л хувьдаа хүүхэд байхдаа Жюль Вернийн зөгнөлт зохиолуудыг уншиж дуусаад тийн төсөөлөн боддог байсан юм. Харин энэ удаад өөрийн тийн ургуулан боддог байснаа бараг л бодит зүйл болгов. Юун хэмээвээс дэлхийд эхний дөрөвт ордог Оюу Толгойн гүний уурхайн олборлолтыг энэ сарын 13-нд албан ёсоор эхлүүлж, тэрхүү түүхэн үйл явдлыг сурвалжлах боломж тохиосон юм.

Улаанбаатараас 06.20 цагт ниссэн сэтгүүлчид Оюу Толгойн кэмпэд цагийн дараа гэхэд л оччихлоо. Төсөл хэрэгжиж эхэлсэн цагаасаа хойш 10 гаруй жилийн хугацаанд сайн, муугаар дуудуулсаар ирсэн ч анх удаа л тус уурхайд хөл тавьж байгаа маань энэ билээ. Шалган нэвтрүүлэхэд бүртгүүлж, зочны үнэмлэхээ авцгаагаад “Аюулгүй ажиллагааны зааварчилгаа”-тай танилцан, хамгаалалтын хувцас хэрэглэлээ өмсөцгөөв. Ер нь Оюу Толгойн кэмпэд ороод л ажиглагддаг нэг зүйл бол аюулгүй ажиллагаа. Хүн нэг бүр аюулгүй ажиллагааг мөрдлөг болгон ажиллаж байгаа нь үнэхээр гайхалтай.

Өглөөний цайгаа уусан бид автобусандаа суун Ил уурхайн засварын хэлтсээр орлоо. Тус газар 2011 онд анх нээгдсэн бөгөөд нэлээд хэдэн жилийн өмнө бол гадаадын сургагч инженерүүд байж. Харин өдгөө дан монгол залуус ажилладаг болсон бөгөөд дан хүнд тоног төхөөрөмжүүдийг засварладаг байна. Архангай аймгийн уугуул Уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй н.Мэнд-Амар хэмээх залуу уг засварын хэлтэст анх 2016 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд өдгөө мэргэжилдээ улам дурлан ажиллах болсон хэмээн сэтгэгдлээ илэрхийлж байлаа.

Засварын хэлтсээс цааш хөдлөн Ил уурхайд очлоо. Уурхайд өнөөдрийн байдлаар үндсэн, гэрээт болон туслан гүйцэтгэгч нарын нийлсэн 80 гаруй тоног төхөөрөмж ажилладаг бөгөөд Монголд байгаа хамгийн том буюу 320 тонны даацтай Комацу-930 маркын автомашиныг жолооддог 60 гаруй эмэгтэй жолооч байдаг гэнэ.  

 

Газрын гүн рүү 1300 метрт

 

Үдээс хойш нь бид зорьсон газраа ирлээ. Энэ бол мэдээж гүний уурхайн хэсэг. Угтаж авсан хүмүүс маань бидэнд мөн л аюулгүй ажиллагааны зааварчилгааг нэг бүрчлэн өгөв. Доошоо орж байгаа хүмүүсийн хамгаалалтын малгайн гэрэл дотор нь давхар байршил тогтоогч суулгаж өгчээ. Энэ нь аюул ослын үед маш чухал үүрэгтэй. Мөн зориулалтын хамгаалалтын гутал, хувцас хэрэгсэл, шаардлагатай үед 30 минут хүчилтөрөгчөөр хангах бортого зүүж өгнө. Харин доош орохын өмнө хүн бүр тусгай тоот бүхий картыг ханын самбарт өлгөн байршуулаад гарч ирэхдээ буцаан авдаг аж. Энэ нь газрын гүнд хэдэн хүн байгааг тооцоход чухал гэнэ. Доошоо ордог цахилгаан шатны хажууд “Уурхайгаас гарч ирэх хамгийн чухал эрдэнэ бол уурхайчин та!” гэсэн бичиг бүхий инээмсэглэн зогсоо хоёр уурхайчны зургийг хананд зуржээ. Үнэхээр л хүний амийг ямар ч алт эрдэнэсээр үнэлж болохгүй билээ.

Ингээд бид үйлдвэрлэлийн босоо ам хэмээн нэрийддэг 96 метр өндөр цамхгаар секундэд зургаан метр туулдаг 300 хүний багтаамжтай цахилгаан шатанд суун газрын гадаргаас 1300 метрийн гүнд буулаа. Явцын дунд чих дүлийрэх бөгөөд шүлсээ залгих, эвшээх мэт үйлдэл хийхэд зүгээр болно. Энэ нь хэтэрхий хурдан явж байгаа болон агаарын даралтын хэлбэлзлээс болдог аж.

Цахилгаан шатны төмөр хаалга нээгдэн урагш алхахад дээр дурдсан “Дэлхийн цөм рүү аялсан нь” зохиол өөрийн эрхгүй санагдав. Чийглэг, хүйтэн ч гэмээр агаар өөдөөс угтах нь хахь ондоо мэдрэмж төрүүлнэ. Ил болон гүний уурхайд ажиллах нь шал өөр байдаг гэнэ. Ил уурхайд зай талбай ихтэй, агаар дутах зэрэг зүйлгүй байдаг бол гүний уурхайн хонгилд тийм биш. Гэрэлтүүлэг бага, тоосжилт ихтэй байдаг ч биднийг ирнэ гээд туузан гэрэлтүүлэг тавьсан нь орчныг хангалттай сайн гэрэлтүүлж байлаа. Харин гүний уурхайд таван ширхэг босоо ам хийсэн бөгөөд, хоёр нь цэвэр агаар оруулж, хоёр нь бохир агаарыг сорж байдаг учраас агаарын даралтын зөрүү гардаггүй байна. Үүнээс гадна агаарын даралт болоод аюулгүй ажиллагааг автомат системээр бүрэн хянаж байдаг аж. Дунджаар 5.5 метрийн өндөр таван метрийн өргөнтэй ийш тийш салаалсан хонгилууд байх бөгөөд тэдгээрийн нийт урт нь 230 километрийн урт буюу Улаанбаатар хотоос Хөтөл орох дайны гэсэн үг. Мөн газрын гүнд байгаа хүдрийнхээ доогуур ингэж хонгил ухаад яг дороос V хэлбэрийн хонгилоор хүдрээ буулган авдаг аж. Ийм хэлбэрийн хонгилыг нийтдээ 220 ширхгийг хийхээр төлөвлөсөн байна. Энэхүү аргыг “Блоклон олборлох” гэж нэрлэх бөгөөд Рио Тинто групп анхлан санаачлан амжилттай хэрэгжүүлж байгаа ажээ.

Хонгилуудын хана, оройн хэсгийг бетон ашиглан торлож, боолтоор боон, хүчитгэн бэхэлжээ. Боолтуудынх нь урт 3-14 метр гэхээр хэр зэрэг ажиллагаа шаарддаг, нарийн технологи нэвтрүүлсэн гэдэг нь ойлгомжтой. Мөн ийм хэмжээний гүнд ажилчдын утсанд нь дуудлага ирж, интернэтээр хоорондоо холбогдож байгаа үнэхээр гайхалтай байлаа. Мөн уурхайчдаа энэ хэрийн гүнд ариун цэврийн өрөө, кофе уух, болзошгүй тохиолдолд хоргодох боломжтой амрах тасалгаа зэрэг гүний уурхайд шаардлагатай бүх тоног төхөөрөмж, байгууламжийг бий болгожээ. Хоргодох байрны тухайд 20-100 хүний багтаамжтай байх бөгөөд шаардлагатай үед тэдгээрт орж, тусламж ирэхийг хүлээх ёстой аж.

Өдгөө уурхайн инженерээр ажиллаж байгаа Б.Уугантулга 2018 онд анх гүний уурхайн налуу ам дээр ажилд орж байжээ. Тэрбээр, гүний уурхайд газрын гадаргаас илүүтэй өндөр эрсдэлтэй ажил их хийгддэг ч гэсэн гүний уурхайдаа ажиллах дуртай гэнэ. Огт өөр орчинд ажиллах нь сонирхолтой байдаг аж. Өмнөговь аймгийн далайн түвшнээс дээш дундаж нь 1180 орчим байдаг бол тэрбээр далайн түвшнээс доош 100 орчим метр орчинд ажиллаж байгаагаараа бахархдаг гэнэ.

 

 

Итгэлцэл-Ирэх жилүүдийн хөгжил

 

Гүний уурхайн үйл ажиллагаатай танилцаж явахад цаг маш хурдан өнгөрсөн байлаа. Доор ажиллаж байгаа уурхайчид ч гэсэн цаг маш хурдан өнгөрдөг хэмээн хэлж байсан бөгөөд өөр орчин нөхцөл, 400 гаруй техник хэрэгсэл 1300 метрийн гүнд ажиллаж байгааг бахархаж явахад арга ч үгүй биз ээ. Техник хэрэгсэл гэснээс анх машин техникүүдээ задалж, цахилгаан шатаар доош буулгаж ирээд газрын гүнд буцаан угсарч байжээ. Оройн хоолоо идсэн сэтгүүлч бид уурхайн журмын дагуу 22 цаг гэхэд амрах байрандаа ирлээ. Маргааш бол чухал өдөр. Оюу Толгойн гүний уурхайн олборлолт албан ёсоор эхэлнэ. Энэхүү түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм нар оролцсон.

Маргааш нь болж 13.00 цагаас гүний уурхайн нээлт болов. Өнөөх л 1300 метрийн гүнд Ерөнхий сайд болон бусад албаны хүмүүс орж нээлтийн үйл ажиллагаанд оролцсон. Тэд ч мөн уурхайн аюулгүй ажиллагааны зааварчилгаатай танилцаж, бүрэн хамгаалах хэрэгслийг өмссөн байв.

Дүрэм журам, стандартыг мөрдүүлж, хэрэгжүүлж чадвал бүгд хэлбэрлэлтгүй дагаж мөрдөж болдгийг үүнээс харж болохоор байлаа.

Нээлтийн үеэр Ерөнхий сайд болон Якоб Стаусхолм нар хэлсэн үгэндээ “Итгэлцэл” гэдэг үгийг онцолсон. Мэдээж энэ том төслийг хэн, хэндээ ашигтай хувилбараар явуулна гэдэг амаргүй. Тийм ч болохоор хөгжлийнхөө явцад олон гацаанд орж байсан тус уурхайнн асуудал ийнхүү нэг талдаа гарлаа.

Нээлтийн ёслолын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд Оюу Толгой төслийн Гүний уурхайн 1265 метрийн гүнд орших 18 дугаар цооногоос Монгол Улс өнөөдөр олон улсад дөрөвт эрэмбэлэгдэх зэсийн өндөр технологийн уурхайтай болж, эхний бүтээгдэхүүнээ олборлож байгааг дэлхий дахинд ийнхүү зарлаж байна. 2022 онд Оюу Толгой компани 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 200 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хүндрэлийг даван туулахад чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэн хэлэх нь зүйтэй. Монголчууд бид нэгдмэл байж, хөгжлийн бодлогыг нэг цонхоор харж чадвал юуг ч урагшлуулан хөгжүүлж, бүтээн байгуулж чаддагийн томоохон илэрхийлэл бол Оюу Толгой төсөл юм. Оюу Толгойн Гүний уурхай нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлт болон Аж үйлдвэрийн сэргэлтийн төслүүдтэй цогцоор хэрэгжиж, уул уурхай дагасан далд эдийн засгийг ил болгох тэмцэлд Засгийн газар иргэдийнхээ дэмжлэгтэйгээр ялж чадвал жил бүр 500 мянган тонн зэсийн баяжмал үйлдвэрлэж, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 10 мянган ам.долларт хүргэх монголчуудын олон жилийн мөрөөдлийг бодитоор наашлуулж чадна гэдэгт итгэл төгс байна. Цаашид Монгол Улс хөрөнгө оруулагчидтайгаа “Монголын За Андгай буй заа” хэмээх эцэг өвгөдөөс уламжлагдан ирсэн язгуур үнэт зүйлдээ тулгуурлан эдийн засгийн олон томоохон төсөлд харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой түншлэн ажиллана гэдгээ Монгол Улсын Засгийн газраа төлөөлж, нийт хөрөнгө оруулагчдын өмнө дахин хариуцлагатайгаар илэрхийлж байна” хэмээн хэлэв. Харин Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал хэлсэн үгэндээ “Энэ цар хүрээний ярвигтай төслийг бодит ажил болгоно гэдэг амаргүй. Говь нутагт газар доор 1.3 километрийн гүнд орших ий хэмжээний хүдрийг олборлохын тулд их хэмжээний хөрөнгө оруулалт, техникийн чадавх хэрэгтэйгээс гадна хамгийн чухал нь талуудад харилцан итгэлцэл шаардлагатай. Энэ бол урдаа тавьсан том зорилгыг гүйцэлдүүлэхийн төлөө хамтдаа мөр зэрэгцэн зогсож, бие биенээ түших итгэлцэл юм” гэв.

Ийнхүү олон жилийн түүхэн хөгжлийнхөө явцад хэд, хэдэн удаа эв эвдрэлцэж байсан хоёр тал итгэлцэлд хүрч, ирээдүйн Монгол Улсын эдийн засгийг тэлэх, хөгжүүлэх чухал үүрэг Оюу Толгойн гүний уурхайн өмнийн цэнхэр говьд үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлэв. Ингэснээр манай эдийн засгийн “Цөм” улам бэхжиж, гадаадын хөрөнгө оруулагчид энэ цөм рүү улам олуулаа болон “Аялалд гарах” итгэл найдварыг төрүүлэх нь дамжиггүй биз ээ. 

 

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top