Өмнөд Солонгосын Гванжу хотын нэгэн тоглоомын талбай дээрээс 40 настай согтуу эрэгтэй 9 настай охиныг хулгайлахыг завдсан хэрэг гарчээ.
2023 оны дөрөвдүгээр сарын 2-ний өдрийн 17:15 цагийн орчимд 40 настай согтуу эрэгтэй 9 настай охинд хөнгөн зууш өгөөд гэр рүүгээ дагуулан явахыг оролдсон тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ. Шаглгалтын явцад сэжигтэн охинд хүүхэлдэй авч өгнө хэмээн итгүүлж, 500 метр орчим газар дагуулж явсан болох нь тогтоогдсон байна.
Нэгэн иргэнд түүний энэхүү үйлдэл сэжигтэй санагдан араас нь дагаж явснаар уг хэргийг таслан зогсоож чаджээ. Тэрээр сэжигтэнд дөхөн очоод охинтой ямар холбоотой хүн болохыг нь лавлахад сэжигтэн өөрийгөө охины авга ах хэмээн хэлсэн байна. Баатарлаг иргэн асуултаа улам бүр лавшруулан охины эмээгийнх нь нэрийг асуухад сэжигтэн хариулж чадаагүй бөгөөд сэжигтнийг цагдаад мэдэгдсэн гэмт хэргийг таслан зогсоож чаджээ.
Уг хэргийг таслан зогсоосон залуугийн мэдүүлснээр сэжигтэн "охинд тоглоом авч өгснийхөө дараа тоглоомын талбай руу буцааж явуулах гэж байсан" хэмээн ярьжээ.
Болзошгүй гэмт хэргийг таслан зогсоосон баатарлаг залуу олон нийтийн талархлыг хүлээгээд байна. Мөн эцэг, эхчүүдийг хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж, иргэдийг сэжигтэй тохиолдолтой таарсан бол цагдаагийн байгууллагад мэдэгдэн иргэний үүргээ биелүүлэх уриалга гарч эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )