ПРОКУРОР: Гэр бүлийн хүчирхийллийн зөрчил 85.4 хувиар өсжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 11

Улсын хэмжээнд 2023 оны 3 дугаар сарын байдлаар 250.748 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь 2 дугаар сартай харьцуулахад 5.6 хувиар өссөн байна.

Нийт зөрчлийн хэргийн 74 хувь нь Нийслэлд, 26 хувь нь орон нутагт бүртгэгдсэн бол 97.1 хувийг Цагдаагийн байгууллага, 2.9 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Дээрх хугацаанд 243.298 хүн, 415 хуулийн этгээд Зөрчлийн тухай хуульд зааснаар шийтгүүлсэн ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 5.2 хувиар, хуулийн этгээд 8.9 хувиар тус тус өсжээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 77 хувь нь эрэгтэй, 23 хувь нь эмэгтэй байгаа бол 65.3 хувь нь 26-45 насныхан байна.

Өнгөрсөн 3 дугаар сард үйлдэгдсэн зөрчлийг 2 дугаар сартай харьцуулахад зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна.

Тодруулбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 85.4 хувиар, Танхайрах зөрчил 53 хувиар, Хүүхдийн эрхийг зөрчих зөрчил 32.7 хувиар, Хүний биед халдах зөрчил 32.6 хувиар, Хулгайлах зөрчил 26.3 хувиар, Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 11.6 хувиар, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 4.7 хувиар, Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 2.9 хувиар өсжээ.

Харин Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 8.3 хувиар, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих зөрчил 26.5 хувиар тус тус буурсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top