Монгол Улсын Засгийн газар, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сантай хамтран “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төсөл хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ хүрээнд өнөөдөр /2024.11.12/ хүчирхийллийн өгөгдөл, мэдээллийг бэлтгэх, ашиглах чадавхийг бэхжүүлэх сургалтад алба хаагчдыг хамруулж байна.
Уг төслийн хүрээнд Цагдаагийн байгууллагаас НҮБ-ын Хүн амын сантай 2017 оноос эхэлж, 2023-2027 он хүртэл хамтран ажиллах гэрээг шинэчлэн байгуулж, “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан”-г үүсгэж, боловсронгуй болгох, хохирогчид үзүүлэх тусламж үйлчилгээг нэмэгдүүлэх, алба хаагчдыг үе шаттайгаар сургах, чадавхижуулах зэрэг олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна.
Энэ талаар ЦЕГ-ын ГБХХГЗУСХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Батжаргал "Цагдаагийн ерөнхий газар нь Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн дэмжлэгтэй “Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх” төслийн хүрээнд “Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн нэгдсэн сан” үүсгэн, 2018 оны дөрөвдүгээр сараас ажиллуулж байна.
Гэр бүлийн хүчирхийллийн мэдээллийн сан үүсгэж байгаа нь энэ төрлийн статистик мэдээллийг нарийвчлан гаргах, төрийн болон төрийн бус байгууллагуудын мэдээллийг харилцан солилцох, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг зөв тодорхойлоход ач холбогдолтой юм.
Энэхүү хоёр өдрийн сургалтаар жендэр болон жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх суурь мэдлэгийг олгож, дуудлага, мэдээллийн өгөгдлийг боловсруулах, дүн шинжилгээ хийх ур чадварыг оролцож буй алба хаагчдыг сургаж чиглүүлэхэд оршино.
Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн тушаалаар Цагдаагийн ерөнхий газрын бүтцэд Урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулж, энэ хэлтэст гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ажил хариуцсан орон тоог анх бий болгосноор Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг цагдаагийн байгууллагын хэмжээнд мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж ажиллах зохицуулалтыг хийж эхэлсэн.
Нийгэмд хүлээлт үүсгээд байсан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль хэрэгжиж, хууль сурталчлах, урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтэд соён гэгээрүүлэх нөлөөллийн ажил, арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран идэвхитэй зохион байгуулан ажиллаж байна. Монгол гэр бүлийн сайн сайхны төлөө мэдээллийн сангийн хөгжүүлэлтийг тогтмол боловсронгуй болгох, статистик мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагатай уялдуулан зохион байгуулах, мэдээлэл солилцох, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр цагдаагийн байгууллагын зүгээс байнга анхаарч ажиллаж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )