Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг бүртгэлтийн 41.803, мөрдөн байцаалтын 3287 хэрэгт хяналт тавьж ажиллажээ.
Үүнээс Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 145, Өмчлөх эрхийн эсрэг 78, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 14, Хүний амьд явах эрхийн эсрэг 6, Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг 7, Хүрээлэн байгаа орчны эсрэг 6, Авлига, албан тушаалын 8, Мөнгө угаах болон Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах тус бүр 3, Заналхийлэх 2 , Хүүхдэд садар самуун сурталчлах, Нотлох баримт хуурамчаар үйлдэх, Хүүхэдтэй хэрцгий харьцах, Хууль сахиулагчийг эсэргүүцэх, Хувь хүний нууцад халдах тус бүр 1, нийт 277 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэлээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн хэргээс дурдвал:
- Нийслэлийн прокурорын газраас Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газарт виз, зөвшөөрлийн мэргэжилтнээр ажиллаж байсан Э.М нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, иргэн З.Н-ийн хамтран амьдрагч БНХАУ-ын иргэн В.П.Х-ийн Монгол Улсад оршин суух хугацааг холбогдох баримт материалгүйгээр сунгаж, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/ 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст орлого шимтгэлийн байцаагчаар ажиллаж байсан А.Г нь өөрийн албан тушаалын тодорхойлолтод заасан өр авлага барагдуулах, даатгуулагчдын мэдээллийн санг бүрдүүлэх ажил үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдыг хахууль өгөхийг шаардсан, нэр бүхий иргэдээс хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар дахь Цэргийн штабын мэдээллийн аюулгүй байдал хариуцсан офицероор ажиллаж байсан Ч.О нь нэр бүхий иргэдийг цэрэг татлагаас түр чөлөөлж, цэргийн үүрэгтний үнэмлэх дээр түр чөлөөлөв дардас даран, хахууль авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн /Хахууль авах/, 22.5 дугаар зүйлийн 1 /Хахууль өгөх/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
- Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Архив, лавлагааны тасгийн даргаар ажиллаж байсан Б.Б нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдын автомашины улсын дугаарыг зөвшөөрөлгүйгээр нэр бүхий иргэний тээврийн хэрэгсэлд шилжүүлэн бүртгэж, хууль бусаар давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хүүхэд,
- Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Боловсрол, шинжлэх ухааны яамнаас улсын хэмжээний нийт багш нарын их, дээд сургуулийн дипломын дугаарт тулгалт хийх хяналт шалгалтыг зохион байгуулахад багш М.Ц нь өөрийн боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж байсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 /Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )