ХАА-н гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох “Нэг цонхны систем”-ийг хэрэглээнд нэвтрүүлнэ

2023 оны 05 сарын 22

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Нарандэлгэрээс экспортын нэг цонхны системийн талаар тодрууллаа.


-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК “Экспортын нэг цонхны систем”-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа юм байна. Та энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Шинэ сэргэлтийн бодлого зэрэг бодлогын баримт бичгүүдэд Монгол Улсын эдийн засгийн тулгуур салбарын нэгээр Хөдөө аж ахуйн салбарыг тодорхойлж, хүнс экспортлогч орон болох тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр  тусгасан.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний 3.3.3.2-д мах, махан бүтээгдэхүүний экспортын хэмжээг 2021 онд 70 мянган тонн, 2022 онд 90 мянган тонн, 2023 онд 120 мянган тонн, 2024 онд 150 мянган тоннд хүргэх зорилт дэвшүүлсэн.

Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд төрийн болон төрийн бус нийт 7 байгууллага оролцож, холбогдох хууль тогтоомжийн дагуу баримт бичгийг бүрдүүлэн авдаг. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлогч аж ахуйн нэгж нэг удаагийн экспортын баримт бичгийн бүрдүүлэлт хийхдээ нийт давхардсан тоогоор 50 гаруй баримт бичгийг бэлтгэдэг байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны А/372 дугаар тушаалаар Дэд сайд М.Ганхүлэгээр ахлуулан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, Гаалийн ерөнхий газар, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газар, Монголын махны холбоо болон “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн оролцоо бүхий өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг байгуулсан.

Энэ ажлын хэсэг “Худалдааг хөнгөвчлөх замаар хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагааг зохицуулагч хууль, эрх зүйн орчны өөрчлөлт, шинэчлэлтэд экспортын үйл явцыг хөнгөвчлөх боломж, “Экспортын нэг цонхны систем”-ээр дамжуулан мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход шаардах баримт бичгийн бүрдүүлбэрийн давхардлыг арилгах, экспортын үйл ажиллагаанд оролцогч төрийн болон төрийн бус байгууллагуудын ашиглаж буй цахим системийг “Экспортын нэг цонхны систем”-д холбох техникийн шинэчлэлийн талаар саналыг боловсруулж, улмаар системийн хөгжүүлэлтийн ажил хийгдээд байна.

Энэ системийг зөвхөн Монгол Улсаас мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд ашиглах уу?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Улсын Их Хурлаас “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг баталж, дотоодын үйлдвэрийг хөгжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх бодлогыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам баримтлан ажиллаж байгаа.

“Экспортын нэг цонхны систем”-д одоогоор зөвхөн мах, махан бүтээгдэхүүн экспортлох үйл ажиллагаанд анхаарал хандуулж байна. Цаашид улсын хилээр гарч буй хөдөө аж ахуйн гаралтай бүхий л түүхий эд, бүтээгдэхүүнийг экспортлох үйл ажиллагаанд тус системийг ашиглах юм.

“Экспортын нэг цонхны систем” нэвтэрснээр ямар давуу талыг бий болгох вэ?

Энэ нь экспорттой холбоотой зохицуулалтын бүх шаардлагыг биелүүлэхийн тулд нэг системээр дамжуулан төрийн байгууллагуудад мэдээлэл солилцох боломжийг олгох, экспортлогч аж ахуйн нэгжүүдийн экспортын зөвшөөрөл бүрдүүлэх хүчин чармайлтыг хөнгөвчлөх систем. Тус системийг нэвтрүүлэх нь төрийн байгууллагуудын баримт бичгийн давхардлыг арилгах, түүнд зарцуулагдах цаг хугацаа, зардлыг бууруулахад бодит дэмжлэг болно.

-“Экспортын нэг цонхны систем”-ийг яг хэзээнээс хэрэглээнд нэвтрүүлэх вэ?

-Системийн хөгжүүлэлтийн үе шат дуусаж, холболт туршилтын үе шат эхэлсэн. Албан ёсны нэвтрүүлэлтийг 2023 оны 5 дугаар сард багтаан хийхээр бэлтгэл ажил ханган ажиллаж байна.

-“Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн үйл ажиллагааны талаар уншигчдад танилцуулахгүй юу?

-Хөдөө аж ахуйн бирж нь “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн дагуу 2013 онд үүсгэн байгуулагдсан байгууллага бөгөөд 100 хувь төрийн өмчит компани юм. Төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд учраас зөвхөн ашгийн төлөө гэхээс илүү салбарын шинэчлэл, түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн дэд бүтцийг сайжруулах, малчид, тариалан эрхлэгчид, хоршоод болон боловсруулах үйлдвэрүүдийн хоорондын зуучлалын үйл ажиллагааг дэмжих чиглэлээр ажиллаж байна.

Мөн блокчэйн технологид суурилсан арилжаа, төлбөр тооцооны системийг ашиглан биржийн арилжааг зохион байгуулдаг бөгөөд худалдагч, худалдан авагчдыг холбосон мэргэжлийн брокерууд тус системээр дамжуулан арилжаанд оролцдог.

Биржийн зах зээлд арилжигдаж буй бараа, түүхий эд нь стандартын шаардлага хангасан байдаг учраас чанарын баталгаа, төлбөр тооцооны найдвартай систем, экспортын шаардлагаасаа хамаараад дотоодод үйлдвэрлэлийн нэмүү өртөг шингээх боломжийг олгодог давуу талтай.

2022 оны байдлаар нийт өссөн дүнгээр 1.1 их наяд төгрөгийн арилжааг зохион байгуулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top