Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын сүүлээр БНХАУ-д албан ёсны айлчлал хийх гэж байна. Тэгвэл энэ айлчлалын бэлтгэл хангах ажлын хүрээнд УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр /2023.06.16/ БНХАУ-ын Тээврийн сайд Ли Шяопэнтэй уулзаж айлчлалд өндөр хувь нэмэр оруулж, үр дүнд хүргэх талаар хэлэлцлээ.
Уулзалтын үеэр талууд Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын өмнө хоёр улсын Засгийн газар хоорондын автотээврийн хэлэлцээрийг шинэчлэн байгуулахад бэлэн болж, Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажил эхлээд байгааг онцолсон байна.
Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын ТЭЗҮ, зураг төслийг боловсруулж, баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замыг барих гүйцэтгэгчтэй хөрөнгө оруулалтын гэрээ байгуулаад байгааг дурдлаа.
Түүнчлэн Азийн авто замын сүлжээгээр олон улсын автотээвэрлэлт гүйцэтгэх тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд АН-3, АН-4 чиглэлийн авто замаар ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.
Сэтгэгдэл ( 0 )