ХӨВСГӨЛ | 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн аж ахуйн нэгжид хариуцлага тооцлоо

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 23

Хөвсгөлийн аймгийн тусгай хамгаалалттай газарт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгдлээ.

Байгаль орчин аялал жуулчлалын Сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу салбарын Улсын ерөнхий байцаагчаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл нуурын байгалийн цогцолбор газарт үйл ажиллагаа явуулж буй  67 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаанд 2023 оны зургаадугаар сарын 12-19-ний өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээгүй, тодотгол   хийлгээгүй /23  обьект/, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг холбогдох газраар батлуулж, мөрдөж ажиллаагүй /37 обьект/, ус ашиглах дүгнэлт, зөвшөөрөлгүй, ус ашигласны төлбөрөө төлөөгүй /21 обьект/, усан сан бүхий газарт хэсэгчилсэн давхцалтай /18 обьект/, ойн сан бүхийг газарт хэсэгчилсэн давхцалтай /41 обьект/, зөвшөөрөлгүйгээр талбайн хэмжээ хэтрүүлэн ашигласан, талбай хэтрэлтэй, солбицол алдаатай /23 обьект/, газрын тусгай зөвшөөрөлгүй, сунгуулахаар хүсэлт хүргүүлсэн /14 обьект/, шаардлага хангахгүй жорлонтой /2 обьект/, хог хаягдлыг тээвэрлүүлэх гэрээ байгуулаагүй /23 обьект/, хог хаягдлыг ангилан ялгаагүй /60 обьект/ зэрэг зөрчлүүд илэрлээ.  

Зөрчилтэй аж ахуйн нэгжүүдэд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцож,  зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Мөн тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөлгүйгээр 55.8 га талбайд хашаа татаж, барилга барьсан 72 иргэн, аж  ахуйн нэгжийн зөрчил, мэдээллийг  холбогдох эрх бүхий байгуулагуудад  хүргүүлж, хуульд заагдсан бүрэн эрхийнхээ хүрээнд  зөрчлийг арилгуулахыг мэдэгдлээ.

Бусдын эзэмшиж, ашиглаж буй газартай давхцалтай,  газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй зэрэг зөрчилтэй 16 иргэн, аж ахуйн нэгжийн газрыг бүхэлд нь цуцлуулах, 1 аж ахуйн нэгжийн газрыг хэсэгчлэн цуцлуулах саналыг хүргүүлж байна.  

 

  •   Хяналт шалгалтад хамрагдсан газар ашиглах тусгай зөвшөөрөл бүхий иргэн, аж ахуй нэгжийн газар ашиглалтын байдалд хяналтын хэмжилтийг  хийлээ.
  •  Зөвшөөрлөөр олгогдсон талбайн хэмжээг хэтрүүлэн хашаалсан  зарим зөрчлийг газар дээр нь арилгуулж,бусад иргэн, хуулийн этгээдэд Хөвсгөлийн тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаанаас  хугацаатай мэдэгдэл хүргүүлж зөрчлийн арилгуулах арга хэмжээг үргэлжлүүлэн  авч байна.
  •  Мал амьтны нүүдэл шилжилт хөдөлгөөнд саад учруулсан зарим хашаа хайсыг буулгуулж, орц гарц гаргуулах болон ой модонд төмөр хадаас зоож суулгасан зөрчлийг газар дээр нь арилгууллаа.
  • Тусгай хамгаалалтай газарт газар ашиглах зөвшөөрлийг 2022 онд шинээр авсан нутгийн 13  иргэдэд  зөвлөгөө өгч сургалт зохион байгууллаа.  
  • Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран усан замын тээврийн ажил үйлчилгээ эрхэлдэг 84 иргэн, аж ахуйн нэгжийг хамруулан  “Монголд зочлох жил”-ийн хүрээнд хийж хэрэгжүүлж байгаа бодлого болон  Байгаль орчны чиглэлийн хуулийн хэрэгжилт, анхаарах асуудлын талаар илтгэл мэдээлэл хийж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.   

 

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
.(192.82.75.144) 2023 оны 06 сарын 23

Нуурын орчим газар зархыг хориглооч

1  |  0
Монгол(202.55.183.178) 2023 оны 06 сарын 23

Зөв хө. Хөвсгөл нуурын амралтууд Арай замбараагүй юм билээ.

0  |  0
Top