Түр зам сэтлэх, усны урсацыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг буурууллаа

2023 оны 07 сарын 07

Долоодугаар сарын нэгнээс эхлэн бороо үргэлжлэн орсны улмаас нийслэлийн 26 хорооны 31,600 өрхийн 128 мянга орчим иргэн, 11 байршилд гудамж, зам талбай, мөн 108 барилга байгууламж үерт өртсөн.

Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй дүүргийн 18 байршилд нийслэл, дүүргийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нутгийн захиргааны албан хаагчид, төрийн цэргийн болон тусгай чиг үүргийн байгууллагын 4828 ажилтан, албан хаагч 403 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Үерийн ус хальсан байршлуудад нийт 80 мянга орчим шуудай, 900 шоо метр элс, хайргыг 300 орчим машин механизмаар зөөж, голын даланг өндөрлөн хүчитгэж байна.

Түүнчлэн 11 авто зам, орон сууцны хотхонууд усанд автсан тул зарим байршилд зам хаах зохицуулалт хийсэн. Нийт 108 барилга байгууламжийн зоорийн давхрууд усанд автсаныг соруулах ажил үргэлжилж байна. Ус соруулахад өндөр хүчин чадал бүхий шахуурга шаардлагатай тул уул уурхайн компаниуд, хувийн хэвшил үүн дээр дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Одоогоор Баянзүрх дүүрэгт усыг нь соруулах шаардлагатай 27 барилга байгууламж байна.

Авто зам, замын байгууламжийн тухайд 11 байршилд гудамж, зам, таван нүхэн гарц усанд автсан. Эдгээр байршилд ус соруулах, түр зам сэтлэх, усны урсацыг жигдрүүлэх арга хэмжээ авснаар эрсдэлийг буурууллаа.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Шанти резинденс” орон сууцны барилгын суурь усанд автаж, эргийн бэхэлгээ нурж, Манлай баатар Дамдинсүрэнгийн гудамжны авто замын буюу бидний нэрлэж заншсанаар “Натур”-ын гүүрийн хашлага хөндийрч, нурах эрсдэл үүссэн гэж мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн. Тиймээс гүүрийг түр хааж, маш богино хугацаанд сэргээн засварлаж, хэвийн байдалд орууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top