Нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах хүрээнд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгах ажил үргэлжилж буй. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Нэгдүгээр хорооллын арын зам дагуух зөвшөөрөлгүй барьсан тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулган, тохижуулсан талбайд “Намрын өнгө-2023” тохижилт, бүтээн байгуулалтын нэгдсэн арга хэмжээний нээлт боллоо.
Тохижилт, бүтээн байгуулалтын ажлын хүрээнд тус дүүргийн 15, 16 дугаар хорооны нутаг дэвсгэрийн 16 байршилд зөвшөөрөлгүй барьсан 899 гараашийг буулгаж, газрыг чөлөөлсөн. Ийн нийт дөрвөн га газрыг хамарсан эл талбайг нөхөн сэргээж, явган хүний болон дугуйн зам, авто зам, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчих зам, 3х3 сагсан бөмбөгийн талбай, ариун цэврийн байгууламж байгуулж, сандал, худаг, гэрэлтүүлэг, хогийн сав, мини тайз байрлуулан, бялдаржуулах болон хүүхдийн тоглоомын талбай, авто зогсоол, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг хийж дуусаад буй.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Одоогоор нийслэлийн хэмжээнд нийт 7000 гаруй зөвшөөрөлгүй барьсан гараашийг чөлөөлөөд буй. Чөлөөлсөн байршил бүрд тухайн орчинд нь тохирсон ногоон байгууламж бүхий тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийхээр зураг төслийн даалгавар батлан ажиллаж байна. Эдгээрээс 40 байршилд томоохон бүтээн байгуулалт хийх бөгөөд эхнийх нь энэ юм. Үүнийг хийхэд иргэдийн оролцоо, идэвх санаачилга чухал байсныг дурдах нь зүйтэй” хэмээлээ.
“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Зөвшөөрөлгүй гарааш буулган, тохижилт хийх ажил 2021 оны гуравдугаар сард 17 дугаар хорооны нутаг дэвсгэрээс эхэлж байсан. Өдгөө 1000 орчим гарааш чөлөөлөн, тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийн, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдсэнд баяртай байна” гэв.
“Намрын өнгө-2023” нэгдсэн арга хэмжээ нь наймдугаар сарын 22-26-ны хооронд үргэлжлэх бөгөөд хичээлийн шинэ жил эхэлж буйтай холбогдуулан сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл, шинэ ургацын ногоо, цэцгийн үзэсгэлэн дэлгээд байна.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Сэтгэгдэл ( 4 )
Маш зөв. Машины угаарт байснаас эрүүл агаарт байсан нь дээр.Илүү олныг хийх хэрэгтэй. Замбараагүй олон машинаас болоод явах газаргүй болоод байна. Дуртай газраараа явна. Байрны довжоо, шат руу хүртэл авирч зогсоно. Эвдлэнэ, нураана.
Xotiin darga nertei ene neg teneg bux xeden garaaj buulgachixaad bayar eslol xiigeed yavax yumaa Iim dargatai Ulaanbaatar xot uvulduu UTAANBAATAR zundaa USANBAATAR baix ni argagui yum daa
Хөгшид хүүхэд нарлаж салхилж,дасгал хийх ногоон байгууламжтай шазрууд нэмэгдэж байгаа нь зөв ч машинтай иргэдээ ч давхар бодолцож доор нь В1,В2 давхар бүхий граж шийдэж болохгүй байсан уу? Мөн уг цэцэрлэгт хүрээлэн амрах газраа автозамын торс шорооноос мод бутааар тусгаарлахгүй бол иргэдийн эрүүл мэндэд угаар тоос хортойг анхаармаар байдаг. Гадаадын хөгжилтэй улсууд ийм амрах орчинг аль болох замаас хол хийж өгдөг. Хүмүүсийнхээ тав тухыг бодолцож гаргадаг шийдвэр өөр байдаг. Манайх газар олдвол байр бариад,зай гарвал ийм талбай байгуулаад байдаг нь яг хүүхэд хөгшдөд тав тухтай шийдэл биш шүү!
Цамбагаравын хойд талаар гражууд нураасан. Одоо балгас болсон хог ургамал шавсан газар болсон. Энэ газраа энэ жил лав цэгцлэхгүй нь бололтой. Харин шарилжийг нь зулгаасан байсан. 1-р байрны зүүн, ар талын гаражуудыг бас нураасан. Шороо бужигнасан газар л байна. Нураагаад шууд цэгцэлж тохижуулаад явж болоогүй юм уу. Тэр хэсгийн зургийг оруулж, Сумъяабазар даргад харуулах уу яах уу. Нийт талбайн 3/1-ийг хийсэн болоод баяр ёслол нээлт болоод явчих юм.