Хүүхдүүдийн утас хулгайлсан дөрвөн этгээдийг шалгаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

-ХАЛААСНЫ ХУЛГАЙН ГЭМТ ХЭРГИЙН УЛМААС АЛДАГДСАН ЭД ЗҮЙЛСИЙН 93.2 ХУВИЙГ ГАР УТАС ЭЗЭЛЖ БАЙНА-

Нийслэлийн 124 дүгээр сургуулийн орчимд энэ сарын 16-ны өдрийн 13:00 цагийн үед сэжигтэй дөрвөн этгээд хичээлээсээ тараад явж байсан таван сурагчийн гар утсыг хулгайлсан гэх камерын бичлэг бүхий мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийтлэгдсэн.

Тус хэргийг "Г" нарын дөрвөн этгээд бүлэглэн үйлдсэн болохыг тогтоон, тэднээс сурагчдын хулгайд алдсан гар утсыг хураан авч, хохирогчдод хүлээлгэн өгөх, холбогдох шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгсэд эсэргүүцэх чадвар багатай сургуулийн насны хүүхдүүдийн анхаарал болгоомжгүй, яарсан сандарсан байдлыг нь ашиглан тэдний гар утсыг хулгайлах тохиолдол бүртгэгдэж байна. Тиймээс эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдэдээ үнэтэй гар утас авч өгөхгүй, зузаан хувцасны гадна халаасанд эд зүйлсээ хийхгүй байх, анхаарал болгоомжтой явах талаар хүүхдүүдтэйгээ ярилцаж сургуулийн орчимд үйлдэгдэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Тус гэмт хэрэг нь бүлэг зохион байгуулалттайгаар үйлдэгддэг ба хөл хөдөлгөөн ихтэй газруудад /сургуулийн орчим, зах, худалдааны төв, автобус/, өглөө оройны оргил цагаар анхаарал сарнисан агшинг олзолдог байна. Мөн бага насны хүүхдүүд болон өндөр настнуудыг онцлон эд зүйлсийг нь хулгайлж, хулгайлсан эд зүйлс, гар утсыг дамлан худалдаалдаг.

Энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэхэд гэмт хэргийн замаар олж авсан гар утсыг худалдан авсан /ченж гэх/ иргэдэд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /Мөнгө угаах/ гэмт хэргээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, яллагдагчаар татаж, шүүхээр шийдвэрлүүлж ял оноож байна. Тиймээс хувь хүнээс эх үүсвэр нь тодорхойгүй, хямд үнээр rap утас худалдан авч байгаа нь халаасны хулгайн гэмт хэрэг, зөрчлийг өөгшүүлж байгаагийн нэг хэлбэр юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top