Нэг сарын турш “Үдийн цай”-ны сэдвийг онцолно
“Эрхэт Монгол” медиа групп сар тутамд нийгэмд хүлээлт болсон нэг сэдвийг сонгон, тухайн сэдвийн хүрээнд олон талын эх сурвалжтай, тэнцвэртэй, асуудал дэвшүүлсэн, шийдэл хайсан мэдээ, сурвалжилга бэлтгэх зорилготой “Нэг сэдэв – Нэг сар” нөлөөллийн мэдээллийн хөтөлбөрийг эхлүүллээ.
Энэ хүрээнд медиа группийн харьяа TВ8 телевиз, өдөр тутмын “Өглөөний сонин”, мэдээллийн Zindaa.mn сайтын редакц хамтран өдөр бүр тухайн сэдэвт хамаарах мэдээ мэдээлэл, ярилцлага, нийтлэл, зөвлөмж, хэлэлцүүлэг зохион байгуулж, хууль эрх зүйн орчин, иргэдийн болон салбарын мэргэжилтэн, шийдвэр гаргах түвшний эх сурвалжуудын байр суурийг цувралаар хүргэж байх болно.
Арваннэгдүгээр сард бид цэцэрлэг, сургуулийн хоол, хүнсний стандарт, шинэчлэлийн асуудлыг хөндөхийн сацуу “Үдийн цайг сүүтэй болгоё” сэдвийг онцолж байна. Ирэх өдрүүдэд манай редакциуд сурагчдын үдийн цайны стандарт, чанарыг сайжруулах нийгмийн хүлээлт, шаардлага, саналыг өргөн хүрээнд хөндөх, үдийн цайны төсөв, санхүүжилтийг сурвалжлах, чанар, стандартыг сайжруулахад чиглэсэн сэдвийн мэдээ, сурвалжилга, ярилцлагыг бэлтгэнэ.
Сэдвийн хүрээнд байр сууриа илэрхийлэх, шинэ санал, санаачилга, судалгаа, мэдээллээ таниулах, “Мэдээний зочин” хөтөлбөрт оролцох боломж салбарын мэргэжилтнүүд, холбогдох байгууллага хийгээд уншигч та бүхний өмнө нээлттэй.
“Эрхэт Монгол” медиа групп
Сэтгэгдэл ( 1 )