Цагаан хэрмийг хөвд, нян хамгаалдаг болохыг тогтоожээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 12 сарын 11

 

Хятадын цагаан хэрмийг бүрхсэн хөвд болон нян бактери хэрмийг эвдрэлээс хамгаалдаг болохыг Хятадын сэргээн засварлагчид болон биологичид тогтоожээ. Олон зууны явцад ус, салхи болон байгалийн бусад хүчин зүйлсийн нөлөөгөөр хэрмийн тодорхой хэсэг эвдрэлд орж, нурсан гэж “Science Advances” сэтгүүлд онцолжээ.

Бидний судалсан Цагаан хэрмийн хэсгийн 67 орчим хувь цианобактери болон хөвдөөр бүрхэгдсэн байсан ба микроб, хөвдөн бүрхүүл ханын механик хамгаалалт болдог болохыг шинжилгээгээр тогтоосон гэж судалгааны багийн ахлагч, Бээжингийн Хөдөө аж ахуйн их сургуулийн профессор Сяо Бо өгүүлжээ.

Судалгааны баг Цагаан хэрмийн Шаньси, Шэньси мужууд болон Өвөр Монголын өөртөө засах орон, Ниншя-Хотонгийн өөртөө засах орны нутаг дахь нийт 600 км үргэлжилсэн хэсгийг судалжээ. Шинжилгээгээр, хөвд, цианобактериар хучигдсан хэсгүүд байгалийн хүчин зүйлсийн нөлөөнд тэсвэртэй болох нь тогтоогджээ. Ингэхдээ хур тунадас бага үед хамгаалалт буурсан байна. Хятадын хуурай бүсэд Цагаан хэрэм хадгалагдан үлдээгүй нь ийм учиртай аж.

Орчин цагийн долоон гайхамшгийн нэг болох Хятадын Цагаан хэрмийг Мин улсын үед буюу МЭӨ 3-р зууны үед босгожээ. Цагаан хэрэм Хятадын зүүн хойд Ляонин мужаас баруун хойд Ганьсу муж хүртэл нийт 21 мянган км үргэлжилдэг. Хүн төрөлхтний түүхэн дэх архитектурын хамгийн том дурсгалыг ЮНЕСКО 1987 онд Дэлхийн өвд бүртгэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top