Азийн хөгжлийн банкны зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх” (L3787/3788-MON) төслийн “Нутгийн оршин суугчдад түшиглэсэн хүртээмжтэй аялал жуулчлалын төлөвлөлт ба чадавхыг сайжруулах” 1.1.4 зорилтын хүрээнд Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газар, Онон Балжийн байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын баазуудад сайн дурын эко сертификат олгох хөтөлбөрийг нэвтрүүлэх, турших ажлыг амжилттай эхлүүлж туршилтын хөтөлбөрийн үр дүнгээ үнэлэв.
“Эко аялал жуулчлалын төлөвлөлтийн зөвлөх үйлчилгээ”-ний зөвлөх баг 12 жуулчны баазаас туршилтын журмаар санал авч үндсэн 7, дэд 24 шалгуур үзүүлэлтийг боловсруулан Хөвсгөл Трэйвэл ХХК-ны “Тойлогт” жуулчны бааз, Байгаль-Үүд ХХК-ны Байгаль-Үүд жуулчны бааз, Өсөх Өнөр ХХК-ийн “Леона Ресорт” жуулчны бааз, Хөвсгөл Баян –Улаан ХХК-ийн “Баян –Улаан” жуулчны бааз, Дангина Хатан ХХК-ийн “Дангина Хатан” жуулчны баазуудыг нээлттэй сонгон шалгаруулалтад орж, 2023 оны 6-12 дугаар сарын хооронд зөвлөх үйлчилгээ, сургалт зохион байгуулж, мэргэжлийн болон хөндлөнгийн үнэлгээгээр САЙН үзүүлэлттэй гарав.
Хөтөлбөрт хамрагдсан баазуудын үйл ажиллагааг дүгнэн 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Монгол Улсыг Нэгдсэн өнгө төрхтэйгөөр олон Улсад сурталчлах MonGOlia үйл ажиллагааны TOURISM AWARDS ёслолын үеэр БОАЖ-ын Сайд Б. Бат-Эрдэнэ, Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газрын дарга В.Батчимэг нар “АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЭКО ГЭРЧИЛГЭЭ”-г гардуулж, баяр хүргэлээ.
Сэтгэгдэл ( 0 )