Прокурорын байгууллага өнгөрөгч долоо хоногт 136 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 59, Өмчлөх эрхийн эсрэг 52, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 8, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 6, Хүний амьд явах эрхийн эсрэг 4, Авлига, албан тушаалын 3, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 2, Мөрийтэй тоглоом зохион байгуулах болон Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах тус бүр 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
-Нийслэлийн прокурорын газраас Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.Д, мэргэжилтэн Н.О нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, ашигт малтмал хайхыг хориглосон газарт тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэсэн үндэслэлгүй дүгнэлт гарган, “П” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Г, Захиргааны тасгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Б нар нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Татварын ерөнхий газрын даргын тушаал, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчин төсвийн санхүүжилтээс ажилтан, албан хаагчдад урамшуулал олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.8 дугаар зүйлийн 2 /Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Зам, тээврийн хөгжлийн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээврийн ухаалаг систем, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Б.Э нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, “М” ХХК-д худалдааны төлөөлөгч Н.Д-тэй хамтран, тээврийн хэрэгсэл худалдан авсан иргэдэд “аз”-ын болон сонирхол татахуйц улсын дугаарыг худалдан борлуулж, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд;
-Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт арматур төмөр боловсруулах үйл ажиллагаа явуулдаг “Х” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-дад багтсан 5 төрлийн бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 24.3 дугаар зүйлийн 3 /Химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Багахангай дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус шилжүүлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )