Хүмүүний багтаамж

2024 оны 01 сарын 28

Монгол Улсын төрийн эрх барих, хууль тогтоох байгууллага УИХ-ын ес дэх удаагийн сонгууль энэ онд болно. 150-иад хоногийн дараа бид нам, улс төрийн байгууллагаас итгэл хүлээж мандат авсан төлөөлөгчдийг сонгоно. Бидний энэ удаагийн сонголтын цаана 126 эрхэм сонгогдож, төрийн үйл хэрэгт оролцохоор ард олны шалгуурт тэнцэж  тангараг өргөнө. Энэ бол нэг талаар шинэ зүйл, бас ес дэх удаа гэдгээрээ уламжлал болсон хуучин сонгогчдын сонголт хийгээд сурчихсан амархан зүйл мэт.

Сонгогч бидний хувьд  2024 оноос 2028 он хүртэл дөрвөн  жилийн амьдралын хэмжүүрт тэнцэх итгэлт хүнээ олж цэгнэж сонгох хариуцлагын том хэмжүүр гэж болно. Учир нь бид нэг талаас олны итгэлийг хүлээж чадах хөтөлбөртэй намыг, нөгөө талаар УИХ-д биднийг төлөөлж чадах үзэл баримтлалдаа үнэнч, зарчим болоод  чиг шугамыг барьсан хүнийг сонгох маш том сонголтын өмнө ирж байна. Үүнд сонгогчдын хариуцлага хийгээд зөв бодлогын үр дүн харагдах учиртай. Хариуцлагагүй хааш яайш, танил тал харан нутгархаж, эсвэл мөнгөөр наймаалцах буюу зөвхөн сонгогдохын төлөө гэх үзэлд сонголт хийж УИХ-ыг “цоохор цуглуулга” болгож болохгүй. Хуулийн дагуу нэг зүгт харж, нийтлэг эрх ашигт үйлчилж чадах оюун ухааны сонголт хийх явдал сонгогч биднээс л шалтгаална. Зарим сонгуулийн  дөрвөн жилийн турш огцролт, солигдолт, халагдалт болон хувирч, төрийн улс төрийн бодлогын тогтвортой байдалд муугаар нөлөөлж, амьдралын үнэ цэнтэй хугацаагаа алдагдаж, бидний сонголт үр дүнгүй талаар болдог байв. Тухайлбал, 1996, 2008 оны гашуун туршлагаа эргэж харах, дүгнэлт хийх, сонгож байгаа хүнийхээ тархины  багтаамж, хүн чанар, төрийн ажлын туршлага хурдасгал, мэдлэг мэдрэмж, хувь хүний дүн нуруу, хөтөлгөө хараа болдог ар тал намынх нь туршлага чадамжийг судалж, тал талаас нь  бодолцож сонголтоо хийвээс бидний сонголтын үр дүнгийн эцсийн чадамж тэр буюу. Төрийн тогтвортой байдлыг хангахад сонгогч бидний оруулсан том хувь нэмэр, зөв сонголтын үр дүн, миний, таны, бидний амьдралд харагдах сайн талтайг болгоох нь зүйтэй. Би дээр багтаамж гэх үг хэлсэн, төрийн дээд байгууллага УИХ- д 126 мандатын багтаамжтай, түүнд тохирсон хүнээ л бид сонгох хуультай  болсон. Тэр 126 хүний тухайд гол нь тоондоо биш, зай багтаамж эзлэх хүний чанарын тухай бид тун их удаан бодож байж сонголт хийх нь тэр багтаамжийн орон зайд тохирохуйц чанартай, ёс зүйтэй, чадвартай, монголчуудынхаа амьдралыг мэддэг, элдэв муу үйл, ялангуяа шуналын шүншиг хаагдсан, хормойн донгүй хүнийг олж сонгох явдлыг хамгийн зөв хүнээр УИХ-ын  багтаамжийг дүүргэх тухай ойлголт гэж үзвэл зохилтой. Үүнийг  хэлэхийн учир бол  бид нэг талаар хаширсан  сонгогчид. Хашир сонгогчид гэдгээ мартаж болохгүйг сануулсан үг шүү.  Бид ингэж шүүлтүүртэй, зөвхөн алсын зөв хараа, хөгжлийн бодлогоо  сонгож, түүнийг засаг барихуйц хэмжээнд багаар нь бүрдүүлэн сонгож чадвал хэн хожих вэ гэвэл мэдээж бид, монгол хүн хожно гэдгийг яав ч мартаж үл болно. Би энд өмнөх найман удаагийн сонголтын лавтай дөрвөн удаагийнхад улс төр, нийгэм, ёс суртахууны хувьд, хүн сонголтын тухайд маш том алдаа гаргаж байснаа энэ удаагийн сонголтоороо засах, эргэж  бодох учиртайг сануулмаар байна. Ямар том алдаа гаргасан бэ гэвэл, туйлшрал гэх алдаа, идэгчид, хулгайч, хуйвалдагчид, хэтэрхий их шуналын донтонгуудад итгэсэн, монгол гэх ариун нэр төрийг үл хайхран, хэт либерал барууны чиг шугамтай үндэстний үзлээ гээсэн, бүтэлгүй үйлсийн дараа буруугаа хүлээх чадваргүй шууд эх орноо хаяж зугатаагчдыг, түүнчлэн төр, улсын ажлын ариун бөгөөд арвин туршлагын сонголтыг умартах нь хэзээ ч эргэж нөхөхөд бэрх хохирол амсдаг гэдгийг хэлэх байна. Тийм сонголтыг муу сонголт гэх бөгөөд дахин ингэж болохгүйг хатуухан хэлсэн хэрэг. УИХ-д хүний чанарын эрхэм дээд батаамж орон зай байх ёстойг энэ удаагийн сонголтоороо эрх биш маш сайн бодолцох  учиртайг, хүмүүн гэнэдэж алдаж болно, нэг л алдана уу гэхээс хоёрдохоо алдваас та өөрийгөө хуурсантай дүйцэх алдааг үр хүүхдийн чинь хувь заяанд авчирдаг гашуун үнэнийг бүү давтаарай гэж хэлж буй юм. Бид энэ удаагийнхаа сонголтоор “ИЗМ” биш амьдралаа сонгох ёстойг, ийм сонгууль болно шүү гэдгийг хэлье. Монгол хүний амьдралд ойр, монгол айлын гал голомтод таарч тохирох тийм үзэл баримтлал, мөрийн  хөтөлбөртэй улстөрч хийгээд улс төрийн нам дээр төвлөрч сонголтоо хийх тийм хариуцлага ногдож байгааг хэлж байна. Дээр хэлсэн туйлшрал буюу хатуу хэлбэл, хэн нэгэн намын гишүүнчлэлд автан, УИХ-ын гишүүдийг сонгохдоо “цоохор" баг бүрдүүлэх замаар сонголт хийвээс бид хэзээ ч хожихгүй бөгөөд цаг хугацаа, хөгжлийн орон зайгаа ихээхэн алддаг урдны гашуун үнэнг хатуу бодож сонголтоо хийвээс бид хожих учиртайг сануулсуу. Монголчуудын 2024 оны улс төрийн сонголт  хүний чанарын батаамж дүүргэсэн сонголт байх болтугай.

Нийтлэлч Ц.Ядамсүрэн

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(98.181.118.33) 2024 оны 01 сарын 28

Сонгогчдын саналын эсрэг хариу гаргадаг хар машиныг яах вэ гэдгээс шалтгаална.

0  |  0
Мөнхжаргал (66.181.191.125) 2024 оны 01 сарын 28

Цоохор баг нэрийн доор гуравдагч хүчнийг эс дэмж гэж хэлээд байх шиг

0  |  0
Зочин(59.153.115.146) 2024 оны 01 сарын 28

Н. НОМТОЙБАЯР СОНГОГДООСОЙ

0  |  0
Зочин(59.153.115.146) 2024 оны 01 сарын 28

Намын жагсаалт ёстой хэрэггүй нөгөө архаг луйварчин хулгайчууд авилгачдын загалмайлсан эцэг НАМБАРЫН. ЭНХБАЯР ЭлБЭГДОРЖ гээд бөөн хар новшнууд ороод ирнэ дээ

0  |  0
иргэн(66.181.191.77) 2024 оны 01 сарын 29

ГИШҮҮДИЙН ТОО 76 БАЙХАД НАМЫН ЖАГСААЛТААР 20 -иод ХҮН ШУУД ОРДОГ БАЙЛАА , ЭНЭ ТОО ЦӨӨХӨН БАЙГАА ТУЛ ЭНЭ ХУЛГАЙЧУУД 126 БОЛГОСОН ШҮҮ , ОДОО ИРЭХ СОНГУУЛИАР НАМЫН ЖАГСААЛТААР СҮ,БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ 48 ХУЛГАЙЧ ШУУД СОНГОГДОХ БОЛЛОО

1  |  0
Top