Францын фермерүүдийн эсэргүүцэл ЮУНААС БОЛСОН бэ!

2024 оны 01 сарын 31

Францын фермерүүд Парис хотыг болон ойролцоох гурван дүүргийг хаах арга хэмжээгээ эхэлснээ зарлав. Эсэргүүцлийн хөдөлгөөнийг зохион байгуулагчдын ярьснаар фермерүүд нийслэл хотыг тодорхойгүй хугацаагаар бүсэлж эхлэхээ мэдэгдсэн байна. Тэдний төлөвлөгөө ёсоор хүнсний бүтээгдэхүүн тээвэрлэсэн нэг ч ачааны машин Парис руу орох ёсгүй гэнэ.

Фермерүүдийн олон нийтийг хамарсан эсэргүүцлийн арга хэмжээний эхлэл Францад нэгдүгээр сарын 18-нд тавигдсан байна. Хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдийн импортын өсөлтөд сэтгэл дундуур байгаа аж. Мөн Засгийн газрын дизель түлшний үнийг нэмэх төлөвлөгөөг эсэргүүцэж байна.

Шинжээч нарын үзэж буйгаар Европын фермерүүдийн сэтгэл ханамжгүй байдалд Европын Холбооны Засгийн газрууд Украинд туслах хөрөнгө олохын зэрэгцээ үйлдвэрлэгчдэд үзүүлэх дэмжлэгийг бууруулж байгаа нь чухал үүрэг гүйцэтгэжээ.

Францын аж ахуй эрхлэгчид нэгдүгээр сарын 29-ний даваа гарагийг Парис хотыг бүслэх өдөр болгон зарлаж, Засгийн газрын хөдөө аж ахуйн салбарт баримталж буй бодлоготой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлж байна. Энэхүү арга хэмжээг фермерүүдийн хамгийн том холбоо FNSEA болон “Залуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид” (Junes Agriculteurs) байгууллагаас зарлав. Энэ хоёр байгууллага нь тус улсын хөдөө аж ахуйн салбарынхны дийлэнхийг нэгтгэсэн газар юм.

Тэд Эна, Аубе, Эр, Эр ба Луар, Марна, Нор, Оиз, Па-де-Кале, Сена ба Марна, Сомма зэрэг газруудын хөдөө аж ахуйн ажилчид түүнчлэн Парисын нийслэл дэх FNSEA холбоо болон “Залуу хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчид” эвлэлийн салбаруудын гишүүн Иль-де-Франс муж дахь гишүүдээ цуглуулан нийслэлийг “бүслэлтэд оруулж” байгаа аж.

“Jeunes Agriculteurs” компанийн төлөөлөгчийн хэлснээр уг арга хэмжээ дор хаяж тав хоног үргэлжилнэ. Францын Дотоод хэргийн сайд Жеральд Дарманен хууль сахиулах байгууллагынханд Парисыг бүрэн бүслэхээс урьдчилан сэргийлэх үүрэг өгсөн байна. Үүний зэрэгцээ хувь хүн, төрийн болон хувийн хэвшлийн барилга байгууламж, өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдалд заналхийлсэн тохиолдолд л нөхцөл байдалд хөндлөнгөөс оролцож, хууль журам сахиулах хүчин маш болгоомжтой ажиллах ёстой гэж Дотоод хэргийн сайд онцолжээ.

Домино эффект

Фермерүүдийн эсэргүүцлийн жагсаал Францад энэ сарын 18-нд эхэлсэн билээ. Жагсагчид хөдөө аж ахуйн техникүүдийг ашиглан хэд хэдэн замыг хаажээ. Үүнээс болж замын хөдөлгөөн хаагдаж, супермаркетууд руу хүнс хүргэлтэд тасалдал үүсгэсэн байна.

Бухимдсан фермерүүд Францын эрх баригчдад хандсан 100 гаруй нэхэмжлэлийн жагсаалт гаргажээ. Эдийн засгийн хувьд хүнд байгаа фермерүүд үр дүнгүй ажиллаж байгаа учир хөдөө аж ахуйн салбарын төрийн бодлогоо эргэн харахыг шаардаж байна. Түүнчлэн Брюсселийг зарим шийдвэрээ эргэн харахыг шаарджээ.

Фермерүүдийн эсэргүүцлийн жагсаалын гол шалтгаануудын нэг нь дизель түлш үнэд орсон явдал юм гэж мэргэжилтнүүд ярьж байна. “France 24” телевизийн мэдээлснээр хөдөө аж ахуйн техникт хэрэглэж буй энэхүү хүрээлэн буй орчинд аюултай төрлийн түлш нь удаан хугацаанд Засгийн газрын дэмжлэгтэй байсан юм.

Үүнээс гадна 2018 онд батлагдсан EGalim хуулийг дагаж мөрдөхгүй байгаа нь фермерүүдийн дургүйцлийг төрүүлж байгаа аж. Тус хуулийн гол зорилтуудын нэг нь хөдөө аж ахуйн салбарын ажилчдын орлогыг хамгаалах явдал байв. Эсэргүүцлийн шалтгаануудын дунд мөн Украины хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний импорт нэмэгдэж, цэргийн тусгай ажиллагаа эхэлсний дараа Европын Холбооноос квот, татвараа цуцалсан нь орж байна.

Үүн дээр нэмээд Брюссел Европын Холбоо болон Өмнөд Америкийн “Меркосур” блок хоорондын худалдааны зөвшилцлийн хэлэлцээрийг дахин эхлүүлсэн нь фермерүүдийн дунд ирээдүйд элсэн чихэр, үр тариа, махны үйлдвэрлэлийн өрсөлдөөнд санаа зовних байдлыг үүсгэж байна.

Францын хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн сэтгэл дундуур байдалд Европын Холбооны хүрээлэн буй орчныг хамгаалах салбар дахь шинэ нормууд ч нөлөөлжээ. Уг нормууд тус салбарт бизнес хийхийг хүндрүүлж байгаа билээ. Эдгээр бүх хүчин зүйл хөдөө аж ахуйн салбар дахь таатай бус нөхцөл байдалтай давхацсан.

Францын Ерөнхий сайд Габриэль Атталь өнгөрсөн долоо хоногт эсэргүүцлийн жагсаалыг зогсоохоор оролдохын тулд хэд хэдэн фермд очиж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэгчдийн шаардлагыг сонссон гэж “France 24” мэдээлэв. Тэрбээр айлчлалынхаа үр дүнд бартаат замын тээврийн хэрэгслийн дизель түлшний татварыг нэмэхээс татгалзах, үхэр нь өвчилсөн мал аж ахуйн нэгжүүдийн нөхөн олговрын хэмжээг нэмэгдүүлэх, яаралтай арга хэмжээ авахаа мэдэгдсэн байна. Түүнчлэн EGalim хуулийн заалтуудыг биелүүлээгүй гурван хөдөө аж ахуйн нэгжид хатуу шийтгэлийн арга хэмжээ авна гэжээ.

Гэвч Ерөнхий сайдын өгсөн амлалтууд жагсагчдыг хоёр хуваасан аж:

 

  • Ерөнхий сайдын мэдэгдлийн дараа тэдний зарим нь хурдны замыг нээх шийдвэр гаргасан бол
  • Зарим нь Г.Атталийн жагсаасан арга хэмжээг хангалтгүй гэж үзэж, эсэргүүцлээ үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа мэдэгдэв.

 

Шинжээчдийн үзэж байгаагаар үүнтэй төстэй үйлдлүүд одоо Европын Холбооны бусад орнуудад, тэр дундаа Герман, Италид ч өрнөж байна. Энэ нь домино эффект шиг аж. Бусад улс орнуудад ч хүн амын дургүйцлийн шалтгаан нь дээрхтэй ижил төстэй. Дампуурал ихтэй, үйлдвэрлэгчид өрсөлдөөнийг тэсвэрлэх чадваргүй, эрчим хүчний үнийн өсөлтөд сэтгэл дундуур байгаа гэх мэт... Тариаланчид энэ байдалд төрөөс анхаарал хандуулахыг шаардаж байна.

Э.Макроныг Ерөнхийлөгч гэж хүлээж аваагүй

Шинжээчдийн онцолж буйгаар Эммануэл Макроны Францыг тэргүүлэх хугацаа нь нийтийн томоохон эсэргүүцлийн жагсаал дор өнгөрч байгаа аж. Түүний засаглалын эхний хугацаанд Францыг олон нийтийг хамарсан “шар хантаазтануудын” арга хэмжээ нөмөрч байсан. Тэгвэл одоо фермерүүдийн хөдөлгөөн нэмэгдсэн билээ. Шинжээчдийн дүгнэж буйгаар энэ нь олон талаараа Э.Макрон болон түүний хүрээллийн үзэл баримтлалтай холбоотой.

Э.Макрон глобалист либерал онолыг баримталдаг бөгөөд эрчим хүчний үнэд сөргөөр нөлөөлсөн Европын интеграцчилал, ногоон шилжилтийг дэмжих зорилготой. Энэ бол эсэргүүцлийн нэг шалтгаан гэж шинжээчид бичжээ. Мөн Э.Макрон үйлдвэрчний эвлэлүүдтэй үргэлж хэцүү харилцаатай байсаар иржээ. Тэрбээр социалист нам, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн хөдөлгөөнтэй нэлээд ширүүн харилцаатай аж. Тэд Э.Макроныг Ерөнхийлөгч гэж хүлээж аваагүй, харин улс орныг эдийн засаг, нийгмийн бодлогод хатуу либерал удирдаж байгаад эвгүйцэж байна гэж мэргэжилтнүүд тайлбарлав.

Нэмж дурдахад, Франц болон Европын хэд хэдэн орны хөдөө аж ахуйд үүссэн нөхцөл байдал нь Барууны Оросын эсрэг бодлогоос үүдэлтэй гэж Оросын шинжээч үзжээ. Эсэргүүцэл өрнөдийн орнуудын төсвийн чадавхийг бууруулснаас үүдэлтэй бөгөөд Орост хандсан найрсаг бус бодлогын улмаас эдгээр чадавх ихээхэн буурсан гэжээ.

Ийм нөхцөлд тариаланчдын хувьд Засгийн газар яагаад өөрийн иргэддээ зориулах мөнгөгүй, харин Украинд зориулах мөнгөтэй байгаа вэ гэсэн асуулт гарч ирсэн байна.

Фермерүүдийн эсэргүүцлийн хөдөлгөөнд нэрвэгдсэн Европын Холбооны улсуудын хүрээ цаашид өргөжин тэлэхийг шинжээчид үгүйсгэхгүй байгаа юм. Эдгээр эсэргүүцлийн ард Европын үйлдвэрчний эвлэлүүд байдаг бөгөөд тэд эв санааны нэгдлийн зарчимтай. Хэрвээ Европын аль нэг улсад, зарим үйлдвэрт ажил хаялт эхлэх юм бол дүрмээрээ өөр улсын үйлдвэрчний эвлэлийн түншүүд санаачилга гаргаж, эсэргүүцэж эхэлдэг. Үүгээр ч зогсохгүй Европын Холбооны хувьд эдийн засаг нь нийтлэг дүрэм журмууд дээр тулгуурладаг тул нэг улсын асуудал бусад оронд хүндрэл учруулдаг аж.

Үүний өмнө...      

Энэ сарын эхээр Германд олон мянган фермер эсэргүүцлийн жагсаал хийсэн билээ. Тэд тракторуудаараа хотуудын замын хөдөлгөөнийг хааж, тариаланчдад олгох хөнгөлөлтийг цуцлах Засгийн газрын төлөвлөгөөнүүдийг эсэргүүцсэн.

Тариаланчид тус улсад нийт 100 гаруй ийм арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байжээ. Мэргэжилтнүүдийн тэмдэглэснээр Герман дахь эсэргүүцлийн жагсаал нь эдийн засгийн хямралын үед Засгийн газрын нэр хүндийг унагаж буй.

Жагсагчид “Тариачид үхвэл улс мөхнө”, “Германд шинэ сонгууль хэрэгтэй байна” зэрэг уриа лоозон барин эсэргүүцлээ олон хоног илэрхийлсэн билээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top