Энэтхэгийн фермерүүд, тариаланчдын нэгдэл, үйлдвэрчний эвлэлүүд өнөөдөр /2024.02.16/ бүх нийтийн ажил хаялт зарлажээ.
Нөлөө бүхий “Тариачдын нэгдсэн фронт” нэгдлийн удирдлагууд салбарын байгууллагуудад хандан ажил хаялтад идэвхтэй оролцохыг уриалсан байна. “Hindustan Times” хэвлэлд мэдээлснээр, фермерүүд төмөр зам, автозамуудыг дөрвөн цагийн турш хаахаар төлөвлөж байна. Ингэснээр, тээврийн салбарын үйл ажиллагаа доголдож, хөдөө, орон нутгийн дэлгүүрүүд хаагдан, хөдөө аж ахуйн үйлдвэрүүд зогсоход хүрнэ. Фермерүүд ням гарагт Шинэ Дели хотод жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн мэдэгдсэн ба эрх баригчидтай хэлэлцээ хийхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. “Times of India” хэвлэлд бичсэнээр, эрх баригчид фермерүүдийн тавьж буй шаардлагыг авч хэлэлцэхэд бэлэн гэдгээ мөн мэдэгдсэн байна. Шинэ Дели хот руу чиглэж байсан фермерүүдийг хотоос 100 км зайд Харяна мужийн хил дээр зогсоогоод байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, даралттай ус ашиглан жагсагчдыг хөдөлгөөнийг зогсоохоор оролдож байна. Фермерүүд Ерөнхий сайд Нарендра Модитой уулзахыг шаардаж байна. Энэтхэгийн фермер, тариачид хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний боломжит доод хэмжээг тогтоох тухай хууль батлах, фермерүүд болон хөдөө аж ахуйн салбарын ажилчдыг тэтгэвэрт хамруулах, өрийн дарамтыг бууруулах, зарим төрлийн татварыг бууруулах зэрэг шаардлага тавьж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )