Сураггүй болсон Монголын уулчдыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Монголын уулчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч, “Эверест-2023” багийн ахлагч С.Ганхүү Непаль улсын Катманду хотод алхалтын багтай хамт очжээ.
Монголын хоёр уулчин Эверест ууланд алга болсонтой холбоотой тэдний үйлчилгээ авсан “8К экспидейшн” компанитай холбогдож, эрэн хайх болон бусад ажлыг төлөвлөж байна. “8К экспидейшн”компанитай хамтарч ажиллаж байгаа гэж ойлгож болно. Багийн гурав дахь гишүүн үндсэн отогт байгаа ба биеийн байдал сайн байна.
Алга болсон хоёр уулчин 3-р кемпээс дээш өгсөхдөө 2;2 хүчилтөрөгчтэй өгсжээ.
Тавдугаар сарын 13-ны өглөө зүүн оргил буюу 8600 м (Далайн түвшнээс дээш)-ийн өндрөөс бууж явсан уулчид тэдэнтэй таарсан бөгөөд том биетэй хүн нь урдаа, туранхай нь хойноо явж байсан гэсэн мэдээлэл өгчээ.
Харин тавдугаар сарын 13-ны үдээс хойш өөр авиралтын баг оргилын зүг явсан боловч балкон буюу 8400 м орчмоос салхинд хөөгдөн буцсан байна.
Таамаглалаар манай хоёр уулчин Эверестийн оргил болон зүүн оргил хоёрын дунд киллари хананы орчим ямар нэгэн байдлаар үлдсэн гэж тооцоолж байна.
4-р кемпээс бүх уулчид, шерпа нарыг буулгаж, 3 болон 2-р кемпүүдээр байрлуулсан байна.
Эрэн хайх багийн 4 шерпа нар өчигдөр (2023.05.15) 3-р кемп дээр бууж ирсэн бөгөөд тэд өнгөрсөн шөнө дээш өгсөж, өглөөгүүр зүүн оргилд хүрэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 0 )