ХЭН ЮУ ХЭЛЭВ I Энэ удаагийн сонгууль Монголын ардчиллын хувь заяаг шийднэ

2024 оны 05 сарын 29

 Энэ удаагийн “Хэн юу хэлэв?” буланд АН-ын дарга Лу.Гантөмөр, АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар, УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан нарын үгийг онцоллоо.


АН-ын дарга Лу.Гантөмөр: Энэ удаагийн сонгуулийн онцлог нь Монголын ардчиллыг үргэлжлэх эсэхийг шийдэх юм. Иргэд авлигын эсрэг, шударга бусын эсрэг тэмцэх хүмүүсийг л тойрог руу илгээхийг хүсэж байгаа учраас бид Х.Баттулгыг тойрогт нэр дэвшүүлсэн. Мөн инженерүүдийг дэвшүүлсэн. Манай 126 нэр дэвшигч дотор 102  шинэ хүмүүс байгаа. Бид тодорхой туршлага харахаас гадна ард түмний дэмжлэгийг авч чадах хүмүүсийг тойрогт илгээсэн. Ингээд энэ сарын 25-нд АН-ын нэр дэвшигчдийг бүртгүүлсэн. Ардчиллын үзэл санааг тээгчид болон өнгөрсөн найман жилийн асуудлыг шийдэж чадах хүмүүсийг манай нам жагсаалтад оруулсан.

 

 

АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан тал нутгийн өнцөг булан бүрээс ирсэн ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Ийм хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол Монголын ардчилал сөнөнө. Авилгал, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцэл зогслоо.  Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцэж байна гэж зааланд байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр эсэргүүцлийн үр дүнд Дубайн гэрээ зурсан, "Эрдэнэт"-ийн 49 хувийг авчрахдаа хууль зөрчсөн, Монголын ард түмний боломжийг 30 жил хулгайлсан бүлэглэлийн эд, эс болсон С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнийг ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй. Энэ бол Монголын ардчилалын ялалт байсан.  Хэрвээ тэр авлигачид дэвшсэн бол Монголын ард түмэн талбай дээр гарч жагсах байсан.

 

 

УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан: Шар ус, үерийн эрсдэлээс хамгаалах ажлын гүйцэтгэлийг хангуулах, үерийн далан сувгийг хүчитгэх, инженерийн байгууламжийг сайжруулж сэргээх, үерийн аманд буусан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх, эрсдэлгүй аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах үүрэг даалгаврыг өгч байна. Долоо, наймдугаар сард ус ихтэй аадар бороо гэнэт орох төлөвтэй байна. Тэгэхээр иргэд аялал зугаалгаар явахдаа хувийн аюулгүй байдлаа хангах мөн холбогдох байгууллагууд техник, төхөөрөмжөө сайжруулах бүх шатанд анхаарал сэрэмжтэй ажиллах шаардлагатай учир зарим үүрэг даалгаврыг өгсөн. Сонгууль эхэлж орон даяар сонгуулийн кампанит ажил эхэлж буй учир төрийн албан тушаалтнууд, аймаг, орон нутаг, нийслэлийн удирдлагууд ажлаа эзэнгүйдүүлэхгүй байх, аливаа ажлын зохион байгуулалтыг сулруулахгүй байхыг сануулъя. Ямар ч тохиолдолд сонгууль болдгоороо болно. Дуусдагаараа дуусна. Амьдрал үргэлжлэх учраас хариуцлага алдахгүй байх хэрэгтэй. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(202.21.109.13) 2024 оны 05 сарын 31

о. АМГАЛАН БААТАР ГЭЖ ЮУ ВЭ? УИХ _ГАРАХ 2 ХҮНЭЭ АЛДЛАА ДАА, МАН_ЫНХАН ТЭР 2_ООС ЧИНЬАЙГААД БАЙСАН ЮМ,

0  |  0
Top