Эв эеийн ерөөл дагуулсан ирэх сонгуулийн өнгө сайхан байна

2024 оны 06 сарын 11

Монголчууд бид аливаа ажил үйлс эхлэх, алс газрыг зорихдоо ерөөл билэгдлийг чухалчилдаг билээ. Өчигдөр Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэллээ. Хөгжил дэвшлийн шинэ 30 жилийн эхлэлийг тавих учиртай энэ удаагийн сонгуулийн үр дүнд монголчууд асар их итгэл найдвар тавьж байна. Өчигдөр билгийн тооллын зуны дунд цагаан морь сарын 2-ны өдөр байв. Энэ өдөр хар мэнгэтэй, шороон суудалтай, авахуй шүтэн барилдлагатай, найралт эх одтой, Дашням давхацсан хөхөгчин могой өдөр байв. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба өр барагдуулах, буг дарахад  сайн гэж зурхайн толинд тусчээ.

Өдрийн зурхайг эргэцүүлэн тунгаавал УИХ-ын сонгуулийн сурталчилгаа нь сарын эхэн өдөр тохиосон нь шинэ цаг ирж буйг илтгэсэн мэт, Хар мэнгэ нь төрийн хатуу үйл хийхэд тохиромжтойг, шүтэн барилдлага нь эв эвийг, найралт эх од нь олон цөөн бүгдээр хамт оршихын ерөөлийг билэгдэж байх шиг санагдана. Энэ бүхнийг эвлүүлж нэгтгэвэл УИХ-ын 2024 оны сонгуулийн үр дүнд шинэ 30 жилийн хөгжлийг түүчээлэх шинэ залуухан парламент нь олонх цөөнх нь зохистой бүрдсэн, эв эеийг хичээсэн, төрийн үйл хэргийг чин шударгаар хатуу чанга явуулж, буг болсон бурууг дарж, өр зээлээс ангижруулсан найман зүгийн буяныг дуудсан найралт сайхан их хуралдай болохын ерөөлийг билэгдэж байна.  

УИХ-ын ес дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа урьд урьдынхаас илүү аядуу зөөлөн, эвтэй найртай, өнгөлөг жавхаатай эхэллээ. Бүх нам эвслүүдийн сонгуулийн сурталчилгааны нээлтийн ёслол нийслэлийн томоохон талбай, өргөн чөлөөнүүдэд жигд эхэлж, улс орныхоо хөгжлийн төлөө дэвшүүлсэн зорилтоо хуран цугласан сонгогч олон түмэндээ танилцуулж, дэмжсэн олныхоо уухайн түрлэгт урамшин цааш цаашдын сурталчилгааныхаа их аянд мордоцгоолоо. 

УИХ-ын энэ удаагийн сонгууль нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу УИХ-ын 126 гишүүнийг хосолсон тогтолцоогоор сонгох бөгөөд бүсчилсэн байдлаар байгуулагдсан томсгосон 13 тойргоос 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор, харин 48 гишүүнийг нам, эвслийн жагсаалтаар пропорционал тогтолцоогоор сонгоно. Энэ нь сонгогчдын санал гээгдэхгүй, хүн амын бүлгийн төлөөлөл УИХ-д сонгогдох боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд 19 нам, хоёр эвсэл, 42 бие даагч нараас 1336 нэр дэвшигч өрсөлдөж байна.

МАН, АН-ууд мандатын тоогоор УИХ-д нэр дэвшүүлсэн бол бусад улс төрийн хүчнүүд харилцан адилгүй байна Хамгийн сонирхолтой нь Монголын Либерал Ардчилсан Нам, Эх орончдын Нэгдсэн нам тус бүр нэг нэг хүний нэрийг дэвшүүлжээ.    

Улс төрийн намуудын сонгуулийн уриаг ажиглавал,

Монгол Ардын Нам - АРД ТҮМНИЙ ЯЛАЛТ 

Ардчилсан нам - БҮТЭН МОНГОЛ БҮРЭН АРДЧИЛАЛ 

Үндэсний эвсэл - ҮНДЭСТНЭЭРЭЭ БАЯЖЪЯ 

Иргэний зориг ногоон нам - ЗОРИГТОЙ БАЙ!

Эх орон нам - ЭХ ОРНОО МОНГОЛЧУУД ХӨГЖҮҮЛНЭ! 

Шинэ нэгдсэн эвсэл - ШИНЭ СОНГОЛТ ШИНЭ МОНГОЛ 

Бүгд найрамдах нам - УХААЛАГ СОНГОЛТ гэх мэт бүтэн агуулгыг нэгтгэн илэрхийлж байгаа нь бас нэгэн эв эеийн билэгдэл гэлтэй.

Гараа сайн бол бариа сайн гэж үг бий. Сонгуулийн сурталчилгааны эхний өдөр монголчууд биднээс итгэлийн гал гэрэлтэж, сэтгэлээс амны зөвтэй үг ундарч байлаа. Цаанаа л нэг нэг өнгөлөг зургууд нийгмийн сүлжээгээр дүүрч, сайн сайханд урин дуудсан халуун дулаан сэтгэл үнэртэж байна.  

Ам авсан бөхчүүд хүчийг үзэн барилдаж, үзүүр, түрүүнд үлдчихээд асар их хүндэтгэлтэйгээр тахимаа өгч авалцдаг дэлхийд байхгүй ёс ганцхан Монголд л бий. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top