Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэд 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдөр тухайн улсын орон нутгийн цагаар 07.00-22.00 цагт саналаа өглөө. 34 улсын 47 дипломат төлөөлөгчийн газарт сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлсэн 13095 сонгогчийн 9760 (74.53%) нь саналаа өглөө.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажлыг зохион байгуулах Төв комиссын дарга Д.Амарсайхан гадаад улсад байгаа сонгогчдын ирцийн талаар өчигдөр мэдээллээ.
Тэрбээр “Санал авах үйл ажиллагааг Монгол Улсаас хилийн чанадад байгаа бүх Дипломат төлөөлөгчийн газар зохион байгуулсан. Иргэн саналаа өгсөн хуудсаа өөрөө битүүмжлээд комисст өгсөн. Түүнийг дипломат шуудангаар авчирч төрийн хамгаалалтад байлгаж байгаад 6 дугаар сарын 28-ны өдөр тоолно. Өөрөөр хэлбэл, саналыг хуудсыг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 22.00 цагаас Сонгуулийн ерөнхий хорооны байранд тоолно. Тэгэхээр хилийн чанадад байгаа иргэд тэр намд, энэ намд саналаа өгсөн гэх яриа үндэслэлгүй.
Сонгогчдын идэвх, оролцоо сайн байлаа. Сонгуульд оролцох бүртгэлийг цахим болгосон, санал авах өдрийн ажлын 2 өдөр, амралтын 2 өдөр болгосон нь сонгогчийн идэвх, ирцэд сайнаар нөлөөллөө гэж дүгнэж байна. Иргэд маань 500-1000 км явж сонгох эрхээ эдэлж, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ орууллаа гэж бахархаж байсанд нь талархал илэрхийлье” гэлээ.
Сүлжээний технологийн нөхцөл байдлаас шалтгаалж ирцээ ирүүлж амжаагүй улсуудын ирцийг нэгтгэхэд 13095 сонгогч саналаа өгөхөөр бүртгүүлснээр 9760 сонгогч буюу 74.53 хувь нь саналаа өгчээ.
Сэтгэгдэл ( 0 )