Ш.Даваахүү: Төрийн наадамд түрүүлнэ гэдэг дээд тэнгэрээс харсан хэмжээнд байдаг болов уу

2024 оны 07 сарын 09

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолыг дөнгөж өчигдөр хүртсэн Гавьяат тамирчин, Үндэсний сурын харвааны Дархан мэргэн, Зууны манлай харваач Шагжсүрэнгийн Даваахүүтэй ярилцлаа. Тэрбээр Монгол төрийн их наадамд 40 сумнаас 40 онож өнөө хэр эвдэгдээгүй үнэмлэхүй рекорд тогтоосноос гадна улс, аймгийн цолтой олон шавь төрүүлж, Үндэсний сурын харвааг хөгжүүлэх, дүрэм, техникийг шинэчлэн сайжруулах чиглэлээр ихээхэн ажил хийж яваа зүтгэлтэн билээ.

-Монгол наадмын дэвжээ, сурын алтан шар зурхай ивээж Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм хүндэт цол хүртсэнд тань баяр хүргэе.

-Баярлалаа. Эрийн гурван наадмаа дээдэлж, үндэсний сураа эрхэмлэдэг монгол түмэндээ баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаарай.

-Та өнөөг хүртэл эвдэгдээгүй рекорд амжилтыг Монгол төрийн  их наадамдаа үзүүлсэн хүн. Та анх яаж сурд орж байв, тэр үед сурын хөгжил хэр байсан бэ?

-Аав минь харваач хүн байсан. Намайг дагуулж сурд оруулсан юм. 1989 он л доо. Тэр үед харваач цөөхөн, ахимагдуу хүмүүс голдуу харвадаг. Уламжлалаа хадгалж үлдсэн хэдхэн хүн л арай гал  тасалчихалгүй сэтгэлээсээ авч үлдсэн хэрэг л дээ. Өнөөдөртэй харьцуулбал сурын хөгжил их л сул байж дээ. Нийгмээ дагаад 1990-ээд оноос хойш л сур хөгжих замдаа орсон. Уламжлалаа сахиж үлдсэн хүмүүс ч зүтгэсэн. Сэтгэлээсээ ханддаг залуучууд ч орж ирсэн. Үндэсний харваа гэдэг монгол хүний ген, цусанд байдаг учраас амархан сэргэсэн. Эрийн гурван наадамд оролцож тоосоо өргөх, хийморио сэргээх ч гэдэг юм уу, эсвэл монгол дайчин уламжлал ч юм уу, маш олон шалтгаанаар сур сайхан хөгжих эхлэл тавигдсан.

Тухайн үеийн нөхцөл байдалтай харьцуулбал өнөөдөр өдөр, шөнө шиг ялгаатай болжээ. Хүний тоогоор ч тэр, харвааны техник хэрэгслийн хөгжил, гаргаж буй амжилт гээд бүх талаараа тэс өөр болж дэвшлээ.

-Анх нутагтаа харваж эхлэв үү. Удалгүй шил шилээ дарсан олон амжилт гаргасан байдаг?

-Би Завхан аймгийн Тосонцэнгэлд төрж өссөн. Дунд сургуулиа төгсөөд сургууль соёлд явж нутгаасаа хэсэг холдоод, буцаж очсоныхоо дараа сурын харваатай холбогдож аавыгаа дагаж харваж эхэлсэн дээ. Эцэг эхээс, байгаль ээжээс гайгүй мэдрэмж, авьяас чадвар заяасан шиг байгаа юм. Маш хурдан хугацаанд өндөр амжилт гаргасан. Судалдаг хүмүүс надад тийм үнэлгээ өгсөн байна лээ. Би 1989 онд анх сур харваж эхлээд л сумынхаа наадамд түрүүлж, 1990 онд аймгийн аварга  шалгаруулах тэмцээнд түрүү авчихаад улсын аваргад ирж Спортын мастер гэдэг тухайн үедээ их нэр хүндтэй цол авч байлаа. Үргэлжлүүлж улсын наадамд харваж түрүүлээд Монгол Улсын Мэргэн цол авсан. Тэр намар Монголын нууц товчооны 750 жилийн ой болж, Үндэсний их баяр наадамтай дүйцэхүйц цол олгох төрийн шийдвэр гарч, тэнд түрүүлж, нэг жилийн дотор хоёр түрүүтэй болж, тэр цагт хошой Мэргэн гэж нэрлэдэг байсан, одоогийнхоор бол Даян Мэргэн цол авсан. Сайхан амжилттай жил байсан даа.

-Эрдэнэтийг харваачидтай болгоно гэж таныг Ш.Отгонбилэг агсан урьж ирүүлсэн гэдэг?

-Тэгсэн. Завхан аймгийн 70 жилийн ой 1993 онд боллоо. Тэр жилийн төрийн их баяр наадамд дахин түрүүлчихээд аймгийнхаа 70 жилийн ойд очиж харваад бас түрүү авсан. Тэр наадам дээр Ш.Отгонбилэг ах тааралдаж намайг “Эрдэнэтэд ирээч. Тэнд хоёулаа үндэсний сурын харвааг хөгжүүлье” гэлээ. Саналыг нь хүлээж аваад би тэр жилээ Эрдэнэтэд шилжиж ирсэн. Түүнээс хойш тасралтгүй Эрдэнэт үйлдвэрийнхээ Спорт цогцолборт нийтийн биеийн тамир, их спортыг хөгжүүлэх, үндэсний сураа хөгжүүлэх ажилд чин сэтгэлээсээ 30 шахам жил хөдөлмөрлөж явна даа.

-Эрдэнэт монгол сурын нэг том голомт боллоо. Энэ таны ажилтай холбоотой байх?

-Ш.Отгонбилэг гэдэг холч ухаалаг хүний дэмжлэг туслалцаа, түүнээс хойших үеийн удирдлагуудын дэм тус, миний өөрийн чин сэтгэлээ гаргаж зүтгэсэн зүтгэлийн үр дүнд өнөөдөр Орхон аймаг, Эрдэнэт хот Монголын үндэсний сурын харвааны оргил амжилтуудыг гаргасан цөм боллоо. Тэнд очоод би өөрийгөө давхар хөгжүүлж, дайчилсны хүчинд төрийн их баяр наадамд түүхэнд анх удаа 40 сумнаас 40 оносон үнэмлэхүй рекорд амжилт тогтоосон. Шавь нар бэлтгэх ажилд орж Орхон аймаг, Эрдэнэт хот 200 гаруй харваачтай болсон. Энэ дотроос төрийн их баяр наадамд онцгой амжилт гаргасан олон сайхан залуус төрлөө.

Миний шавь нар дотроос төрийн их баяр наадамд гурав түрүүлсэн Отгонбаяр гэж харваач байна. Даяар дуурсах мэргэн цолтой. Төрийн их наадамд хоёр түрүүлсэн Даян мэргэн цолтой гурван харваач бий. Төрд нэг түрүүлсэн Монгол Улсын Мэргэн харваач нэг байна. Эрэгтэй харваачдаас таван залуу улсынхаа их баяр наадамд түрүү манлай болцгоож эрдэнэтчүүд, Орхон аймгийнхаа нэр төрийг өндөрт өргөөд сайхан явцгааж байна.

-Одоогоор Эрдэнэтийн өмнө сураар гишгэх өөр газар байна уу?                                                   

-Миний бахархаж ярьдаг нэг зүйл бол шавь нартайгаа нийлээд 1990 оноос хойш 30 жилийн хугацаанд төрийн их баяр наадмын 15 түрүү буюу 50 хувийг авсан байдаг. Энэ бол нэг аймаг, орон нутаг, нэг клубын харваачдын хувьд үнэхээр том амжилт юм. Манай шавь тамирчдын багийн амжилт үнэмлэхүй өндөр. Улсын аварга шалгаруулах багийн харвааны тэмцээнд бид 14 удаа түрүүлсэн нь бусад баг харваачдаас тасархай өндөр амжилт. Энэ бүхнээрээ бахархаж байдаг даа. Яалт ч үгүй өнөөдөр Эрдэнэтийн харваачид Монголын үндэсний сур харвааны амжилтын оргил цэгийг бүрдүүлээд байна гэж хэлж болно.

-Сурын харвааны хөгжлөөр манлайлдаг өөр ямар бүсүүд байна?

-Уламжлалаа харах юм бол Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дулаанхаан хавиар сайн харваачид ажиллаж амьдарч, амжилт нь дэлгэрч байсан. Дорнод, Төв аймаг сайн харваачидтай. Буриадууд бүр эртнээс өөрийн онцлог харваатай, хүн болгон багаасаа харваж ирсэн байдаг. Явцын дунд тэд их сурд орж өндөр амжилт үзүүлцгээсэн. Дорнодын Баян-Уулынхан их сураар маш амжилттай харваж байсан түүхтэй. Сүүлийн үед Өмнөговь, Дорноговь аймагт сур сайн хөгжиж байна. Баян-Өлгий аймаг урианхай сур дээрээ тулгуурлаад сүүлийн жилүүдэд сайн харваачидтай болж байгаа. Багаасаа л бас урианхай харваагаараа наадаж байсны үр дүн л дээ.

-Таны 40 сумнаас 40 онож үнэмлэхүй дээд амжилт тогтоосон наадмыг дурсаж ярилцлагаа үргэлжлүүлье. Ямар тохироо бүрдэв, ямар бэлтгэлтэй орсон бэ?

-Энэ наадмыг би өмнөх тэмцээнүүдтэйгээ холбож дурсах дуртай. Би 1991 онд улс хувьсгалын 70 жилийн ойгоор 39 онох онооны буурин дээр буюу сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 35 оноотой очсон юм. Сүүлийн дөрвөн сумаа яг л онохоор бодож харватал оносонгүй. Ингээд би түрүүгээ алдсан. Товх харваанд надаас дөрвөн сумаар хоцорч явсан дараагийн хүн болох Нямсүрэн мэргэн дөрвөн сумаа гүйцэд онолоо. Би 35 оноотой хэвээрээ байдаг. Ингэж бид хоёр адилхан 35 оноогоор товхолсон. Тухайн үеийн дүрмээрээ би хэдийгээр ижил оносон ч гэсэн миний оноог тооцолгүйгээр Нямсүрэн мэргэн маань 35 оноотой түрүүлж байсан. Би сүүлийн дөрвөн сумаа оносон бол 39 оночих байлаа. Тэр цагтаа 39 оноо бол төрийн их баяр наадмын рекорд оноо байсан л даа. Тэгэхэд настай өвгөчүүд “Болохгүй юм болдоггүй юм аа. Чиний оноо дүүрчихэж” гэж байсан. Би ч “За тийм байдаг юм байж” гээд л өнгөрсөн. Амьдралын хүнд тохиолдлоос шалтгаалж 1992 оны наадамд ирж оролцож чадаагүй.

Дараа нь 1993 он боллоо. Тэр жил дахиад л 1991 оны түүх давтагдлаа. Мөн л сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 35 оноотой зогсож байлаа. Өөрийн эрхгүй өмнөх наадам бодогддог юм. “Өмнө нь би яг ийм оноотой харваад сүүлийн дөрвөн сумаа алдсан. Яах л бол доо. Ямар ч гэсэн харваад үзье” гээд сум тавихад ямар ч бэрхшээлгүйгээр дөрөв онож 39 оноо авсан. Дараа нь 1995 оны наадмаар сүүлийн дөрвөн сум тавихын өмнө 36 оноо авчихлаа. Хашир өвгөд “Юм эзэнтэй, зурагтай байдаг. Болох юм болно. Болохгүй юм хэзээ ч бүтэхгүй” гэж хэлдэг байсныг би аль ч үед үргэлж боддог юм. Амьдралын бүх л үед хүний сэтгэл зүйг тогтвортой байлгах талаас нь хэлсэн өвөг дээдсийн их мундаг сургаал юм байна гэж би дотроо санадаг. Сүүлийн дөрвөн сум тавихдаа энэ үгийг санаж нэлээд тайвшраад харвасан. Гэхдээ алдахгүйг бас хичээнэ л дээ. Дөрвөн сум маань их сайхан онолоо. Харвааны техник, тоноглол ч сайхан болчихсон байсан үе. Дөчин сумнаас 40 оночихоод баярлаж бахархах зэрэгцсэн дээ. Аав маань амьд сэрүүн байсан. Би аав ээжээрээ их бахархаж байлаа. Надад тусалж дэмжиж байсан харваачид, багш шавийн барилдлагатай хүмүүс, гэр бүл, хань ижил, бүх хүнд маш их баярласан. Азтай байсан. Түүнээс хойш хүрсэн амжилтаа хамгаалахын төлөө, дахиж давтахын төлөө мэрийдэг юм билээ. Гэхдээ төрийнхөө их баяр наадамд давтаж онож чадаагүй. Бусад наадам тэмцээнд бол онож байсан. Дараагийн онох хүн олон байгаа даа гэж хардаг. Гэтэл 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл төрийн их баяр наадамд 40 оносон тохиолдол гарсангүй. Шавь нараас маань бусад тэмцээн, уралдаанд онож л байгаа. Гэхдээ үндэсний их баяр наадмын босго гэдэг маш их өндөр юм байна. Төрийн наадамд ононо, түрүүлнэ гэдэг бол дээд тэнгэрээс харсан хэмжээнд байдаг юм болов уу л гэж боддог доо.

-Юм бүхэн хөгждөг жамтай. Сур харвааны техник, нум, сумны бүтэц технологид өөрчлөлт орж байна уу. Таныг энэ талаар бас уйгагүй ажилладаг гэх юм билээ?

-Маш сайхан зүйл асуулаа. Би сурд орж сэтгэлээсээ зүтгэсэн хугацаандаа шавь нар бэлтгэж, тэднийгээ өндөр амжилтад хүргэхээс гадна сурын спортын ерөнхий хөгжилд анхаарч, юу нь болж, юу нь болохгүй байгааг нэлээд ажигласан. Тэмцээн, уралдаан зохион байгуулдаг дүрмийн хувьд асуудлууд байсан. Сум тавиад онож байгаа боловч оноог тооцдог дүрэмд засах зүйлүүд гардаг. Түүнээс шалтгаалж харваачдын дунд маргаан гарах нь элбэг. Энэ маргааныг арилгах нь чухал учраас ажилласан. Санаа оноогоо ажилдаа, өөр дээрээ, шавь нар дээрээ туршаад, нийт харваачдаараа хэлэлцүүлээд, тэд маань маш сайхан дэмжээд, ажил хэрэг болгоод өнөөдрийг хүрлээ. Түүний үр дүнд харвааны дүрэмтэй холбоотой маргаан байхгүй болсон.

-Сурын дүрэм журам, харвааны техникт та ямар ямар шинэчлэлт хийсэн бэ?

-Хүн юмыг өөрөө үзэж байж л мэддэг хойно. Зурхайн урд татдаг зураас байдаг. Миний эхэлж харваж байх үед зүгээр л зураас зурчихдаг байсан юм. Тэр зураас дээр сумны булцуу унах, урд хойно нь тусах гээд маргаан их гардаг байлаа. Тэрийг яаж шийдэх вэ гээд бодоод л явсан. Манай үндэсний бусад харваанд маш сайхан шударга зүйлс бий. Буриад харваанд ганга гэж зурхайн урд шуудуу, ирмэг ухчихдаг. Түүнийг халх сурд авъя гэтэл эсэргүүцэлтэй тулсан. Их сурыг бусад төрлүүдтэй хольж хутгах гэлээ гээд. Тэгэхээр нь би хэлсэн. “Сайн талуудыг нь авах л ёстой. Авах гээхийн ухаанаар хандах учиртай” гэж. Тэгээд тэр гангыг авсан. Түүнээс хойш маргаан гарах нь зогссон. Дутсан сум бол гангад хүрээд зогсоно. Онох сум гараад л байдаа хүрнэ. Өөр нэг зүйл нь хойд талд онооны хана харваан дээр хэц татчихдаг байлаа. Хэцний дээгүүр доогуур сум гарахаар бас бөөн маргаан үүснэ. Тийм учраас ерөөсөө битүү болгож өрье. Уламжлалаа сэргээе гэлээ. Хуучин цагт бол битүү өрдөг байсан. Сур өрөхөд цаг хугацаа ордог зэрэг хүндрэл гардаг бол сурыг тоотой болгоё, цөөлье. Харьцангуйн онолооор хасаа сур 30 хасаа болдог бол ханаа хоёр дахин нэмээд 60 сур өрье. Жаран сураа өрөхдөө хамгийн дээр 19, дунд нь 20, хамгийн доор нь 21 гэсэн гурван үеэр, монголчуудын ярьдгаар ам дараад өрөхөд тогтвортой болно гэж хэлсэн. Би өмнө нь зөндөө туршиж үзсэн л дээ. Харваачид маань үүнийг зөвшөөрсөн. Хэрэгжүүлсэн, маш сайхан болсон. Нөгөө давсан, орсон, гарсан гэх маргаан бүрмөсөн тасарсан.

Миний өөр нэг харамсаж явдаг зүйл бол товх харвааны дүн байлаа. Тэр цагийн дүрмээр харваач товх харваад оноход оносон нэг сур маань сур өрсөн газраас хойш нэг метрийн шугамыг давсан байх учиртай. Тэгж байж оносонд тооцно. Сум онодог, оногдсон сур маань байран дээрээ нураад, шугам давж унаагүй бол оноо биш гэдэг. Энэ үнэхээр биш байсан. Дайны цаг гэж төсөөлье. Би эсрэг талын дайснаа харвалаа. Оночихлоо. Тэгтэл нөгөө хүн маань “Намайг оноогүй ээ. Би хойшоо үсрээгүй, дороо нам унасан” гээд гүйгээд явчихаж байгаатай л ижил юм. Гол зорилго бол уг нь онох л шүү дээ. Тэрнээс биш оногдсон сур хаашаа нурах нь хамаагүй.

“Хэрэв өнөөдрийн мөрдөж буй дүрмээр харвасан бол би төрийн их баяр наадамд ес түрүүлчих байлаа. Дөрвөн түрүүгээ товхны алдаатай дүрмээс болж алдсан. Надаас хойш битгий тэгээрэй. Оносон л бол оносон. Гэхдээ товх нарийн байх ёстой. Хуучин бол товхыг бид бүтэн хасаандаа, 30 сурандаа авчихдаг байсан. Тийм учраас товхыг илүү нарийсгая. Илүү жижиг болгоё. Тэрийг онодог байя. Бас логикийн хувьд хананаасаа хасаа нь хоёр дахин бага, хасаанаасаа товх нь хоёр дахин бага байя, 16 сур өрье. Тэр сураа ингэж ингэж өрье” гээд тайлбарлахад харваачид бүгд дэмжсэн. Одоо бол товхон дээр ямар ч маргаан байхгүй.

-Харваачдыг бэртэл гэмтлээс хамгаалах хэрэгсэл санаачилсан гэж бас сонссон шүү...

-Анх харваанд орсноосоо хойш мэдэрсэн зүйл бол харваач хүний  эрхий хуруу маш их гэмтдэг. Тэр үед одоогийнх шиг жилийн дөрвөн улирал яваад харвадаг байсангүй. Хавраас намар хүртэл харваад өвөл завсарладаг. Дараагийн хавар эргээд нум сумаа барихаар эрхий хуруу цэврүүтээд, задраад, цус шүүрээд, яс янгинаад маш хэцүү байдаг. Яаж үүнээс гарах вэ гэж бодож байгаад хатуу хамгаалалт хийгээд үзье гээд эврээр эрхийвч хийж үзсэн чинь үнэхээр гайхамшигтай сайхан байсан. Тэр эвэр эрхийвчтэйгээ харваж 40 онож байсан. Харвааны амжилтад ч сайнаар нөлөөлсөн. Тэр хатуу эрхийвч өнөөдөр бүх харваачийн хэрэгсэл болж хувирсан. Энэ бол миний үндэсний сур харваанд оруулсан хөдөлмөр хамгааллын талдаа маш том ахиц ололт л гэж боддог. Шавь нар маань түүнийг сайжруулаад, эврээр хийдэг байсныг залуучууд янз бүрийн полимер материал, төмөр болгоод, сүүлдээ бүр үнэт металлаар хийж, алт, мөнгөн эрхийвч барьдаг болжээ./инээв/ Энэ бол харахад ч сайхан зүйл л дээ.

Дараагийн миний гаргасан нэг дэвшилтэт санаа бол өсвөрийн харваачдын харвадаг зайны хувьд жаахан өөрчилмөөр юм харагдсан. Нас ахих тусам жил бүр зай нь өөрчлөгддөг, тэмцээн уралдаан явуулахад их төвөгтэй байсан. Би түүнийг нь ерөөсөө л бага, дунд, ахлах нас гэж гурав ангилаад зайг нь тогтоож өгсөн. Тэр маань харваачдад бас их үнэлэгдэж, дэмжицгээсэн. Хүүхэд 16 нас хүртлээ дунд насанд харвана, тэр хүртлээ энэ зайнаас сум тавина. Ахлах насанд шилжихээрээ ийм зайнаас харвана гэдгээ мэддэг. Ийм хэдэн нэлээд бодитой, хүмүүст, харваачдад хүрсэн, ажил хэрэг болсон өөрчлөлтүүдийг би сурын хөгжилд оруулсан. Үүнийг манай харваачид бүгдээрээ сайхан ойлгож мэдэрч, дэмжиж, ажил хэрэг болгосонд баярлаж явдаг.

-Харваачид гэр бүлээрээ их харвадаг юм билээ. Танай гэрийнхэн бас тийм биз?

-Манай монгол сурын нэг онцлог бол харваа удамшдаг. Миний дээд удамд шагай харвадаг, сум тавьдаг хүмүүс байсан гэж аав маань ярьдаг байсан. Тэднээс өвлөж уламжлагдаад аавд, ааваас надад ирсэн. Надаас дамжаад миний хань ижил муугүй харваач болж аймагт олон түрүүлсэн. Төрийн их баяр наадамд дөрөвдүгээр байрт орж байсан аймгийн Дархан мэргэн, спортын мастер Энхтуяа гэж харваач бий.

Миний хоёр хүү харвадаг. Том нь Баясгалан, бага нь Доржжигжид гэдэг. Манайх дөрвөн хүүхэдтэй. Нэг охиноо цаг бусаар алдчихсан юм. Бага охиноо харваанд оруулаагүй. Хөвгүүд маань хоёулаа бага насандаа төрийн их баяр наадамд түрүүлж Идэр мэргэн цол хүртсэн. Одоо бол хичээл, сургууль соёл гээд завсардчихсан. Гэхдээ дуртай, сонирхолтой. Цаашдаа харвана гэж ярьцгаадаг. Би ч хожмоо ач, зээ нараа харвуулна л гэж боддог. Яах аргагүй гэр бүлийн уламжлал юм л даа.

-Үндэсний сурын хэтийн төлөвийг та яаж хардаг вэ?

-Мөн чанарыг нь монголчууд ойлгоод ирэхээр сурын харваа эртнийхээ хэмжээнд хүрч бөх, морь шигээ үнэлэгдэх цаг холгүй байх. Яагаад тэгж боддог вэ гэхээр хүн болгон барилдаж чадахгүй, морь уяад байж чадахгүй. Харин хүн бүр харвах боломжтой. Энэ боломж том үүд хаалга нээж байгаа юм. Тэр чанараараа сүүлийн хэдэн жилд харваачдын тоо маш хурдтай өсөж байна. Нэг үе сум, аймгийн наадам сургүй болсон. Одоо бол эрийн гурван наадмаа бүтнээр нь хийдэггүй сумгүй боллоо. Төрийн их баяр наадамд цугларч харвадаг харваачдын тоо мянга хол гарлаа. Аймаг, орон нутагт зохион байгуулдаг тэмцээн, уралдаанд л гэхэд хэдэн зуугаараа оролцож байна. Алсдаа тооноос чанарт гэдэг зүйл зайлшгүй гарч ирнэ. Төрийн их баяр наадамд 2000 харваач харваад зогсож байхад тэдний ар тал, найз нөхөд, үзэж сонирхогчдын тоо хэд байхав. Тэр массаараа сурын харваа удахгүй өндөр үнэлэмжид хүрэх байх аа. Тийм болгоход зөв удирдлага, зохион байгуулалт зайлшгүй хэрэгтэй. Манай холбооны удирдлагууд, орон нутгийнхан хэрэглэл материалынхаа хөгжил, байр талбайнхаа нөхцөлд анхаарч, зөв бодлого гаргаж хэрэгжүүлээд явах нь бас чухал.

-Бөхчүүд баяр наадмын дээл, гутал, малгайн гоёлыг тодорхойлдог болсон. Уяачид эмээл, хазаарын тоног, мориороо гоёно. Харваачдын гоёл юу билээ?

-Харваач хүний гол гоёл бол оноо л байдаг юм даа. Нум чанартай, дээр нь их үзэмжтэй байх ёстой. Сүүлийн үед хэрэглэл, материал хийдэг залуус олширчээ. Энэ маш сайн. Хийц, үзэмж, чанарт ч их дэвшил гарч байна.

-Эртний хадны зургаас харахад хүн адуу гаршуулж морь унахаасаа ч өмнө явган харваж байсан бололтой дүрс их байдаг шүү дээ?

-Нум сум эртнээс хүний амьдралын нэг хэсэг болж байсан. Ерөөсөө л амьдралын шаардлага байж л дээ. Ан хийнэ, араатнаас амиа хамгаална. Тэр нь хөгжсөөр дайснаа дардаг, дайснаас өөрийгөө хамгаалдаг зэвсэг болсон. Өнөө цагт цэнгэл наадам, спортын төрөл болжээ.

-Та ямар мэргэжилтэй хүн билээ. Мэргэжил харваанд бас нөлөөлдөг шиг санагддаг?

-Би дунд сургуулиа төгсөөд Анагаах ухааны дунд сургуульд суралцаж, сувилагч, бага эмч мэргэжлээр онц дүнтэй дүүргээд Анагаахын дээд сургуульд элсэх урилга авсан юм. Тухайн үед эвлэлийн илгээлт гэж мундаг зүйл байлаа. Нутагтаа илгээлт авч очиж хоёр жил ажиллаад, дадлага туршлагатай болоод Анагаахын дээддээ ирж сурч их эмч болно гэж мөрөөдсөн хэрэг. Би ямар ч юмны учрыг олох гэж мэрийдэг сонирхолтой. Тийм болохоор мэс заслын маш сайн эмч болно гэсэн мөрөөдөлтэй явлаа. Гэвч хүний амьдралын зам мөр зурагдчихсан байдаг учраас нутагтаа очоод жил хэртэй мэргэжлээрээ ажиллаад байтал сумын намын хороон дээр дууддаг юм. Яваад очтол “Таны ажиллах газар энэ биш ээ. Залуучуудтай ажиллах хэрэгтэй” гээд эвлэлийн дарга болгов оо. Эвлэлийн ажлаараа улс, орон нутагт өндөр үнэлэгдэж, хэд хэдэн удаа түрүүлж, тухайн үеийн МХЗЭ-ийн Төв хорооны дарга байсан Нарангэрэл хоёр ч удаа манай Тосонцэнгэлийн ажил байдалтай танилцаж, сүүлийн удаа очихдоо надад “За, төвд очиж ажиллах бэлтгэлээ хангаарай” гэлээ.  Тэр үед хөдөө орон нутгаас Улаанбаатарт шилжиж ажиллана гэдэг том шагнал шүү дээ. Баярлаад л, дараагийн алхмаа хийж, ажилдаа гүнзгийрч сүрхий ажиллана гээд байж байтал нийгэм бужигнаад, бүх зүйл өөрчлөгдөв өө.

-Анагаахын дээддээ орсон уу?

-Тэр ч байхгүй, эвлэл ч, ажил ч байхгүй. Яг тэр үед бурхнаас заасан зургаар аав минь надад нум, сум бариулж, маш богино хугацаанд өндөр амжилт гаргаж Эрдэнэтэд ирлээ. Эрдэнэтийн Спорт цогцолборт ажилд ороход спортын мэргэжилтэй болох шаардлага гарсан. Тэгээд биеийн тамирын багш, дасгалжуулагчийн мэргэжил эзэмшээд, дараа нь удирдлага, эдийн засаг талыг сонирхох хэрэгтэй болоод Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургуулийн Худалдааны удирдлага, менежментийн ангийг төгссөн. Ингээд гурван сургууль төгссөн дөө. Спорт цогцолбортоо анх нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийн арга зүйч багшаар орсон. Ахиж дэвшсээр тэндээ ахлах дасгалжуулагч, маркетингийн ахлах менежер хийж байгаад 2017 оноос удирдлагынх нь ажлыг хийгээд явж байна даа. Нийтийн биеийн тамир, чийрэгжүүлэлтийг хөгжүүлэх ажил нэлээд хийсний үр дүнд багагүй амжилт гарлаа. Манай Спорт цогцолборын үйл ажиллагааны гол зорилт бол Эрдэнэт үйлдвэрийн ажилчин, албан хаагчдыг спортоор хичээллүүлж, чийрэгжүүлж, бие бялдрыг нь эрүүлжүүлж хөдөлмөрийн бүтээмж өндөр байлгах нөхцөл боломжоор хангах зорилготой. Одоо манайх 6000 гаруй ажилчин, албан хаагчтай. Спорт цогцолбор маань хуучин цагт Зөвлөлтийн дэг зургаар хийсэн маш сайхан комплекс. Ажилчдын хүсэл, сонирхол дээр тулгуурлаж цаг тухайд нь өргөтгөн зохион байгуулж ирсэн. Өнөөдөр Монгол Улсдаа номер нэг спорт комплекс болсон. Зуу гаруй хүн энд ажилладаг. Үйлдвэрийнхээ ажилчдаас гадна орон нутгийн хүүхэд залуучууд, иргэдэд нийтийн биеийн тамир, спортоор үйлчлэх, эрүүл чийрэг байлгах ажлыг өндөр түвшинд гүйцэтгэх ажилд зүтгээд явж байна даа.

-Монгол төрийн наадам Үндэсний сурын харваагаар эхэлдэг. Гэтэл морь, бөхөө бодвол үнэлэмж нь тааруухан тал харагддагийн шалтгаан юу вэ?

-Өнөөдрийн бодит байдал үнэхээр яг тийм. Гэтэл эртний монголчуудын ахуй төрөлд энэ байдал яг эсрэгээрээ байсан шиг харагддаг. Түүнийг юугаар нотлох вэ гэвэл Их эзэн Чингис хааны Чулууны бичээс гэж бодит түүхэн дурсгал бий. Тэнд монгол харваач Есүнгэ мэргэний суу, билиг, авьяас, чадварыг тод томруун, гайхамшигтай сайхнаар мөнхлөн үлдээсэн. Тэндээс үзэхэд харваачийн гавьяа зүтгэлийг нэн тэргүүнд үнэлж байжээ. Цаг хугацааны эрхээр өнөөдрийн түвшинд, хүмүүсийн эрэлт, үнэлэмжээс шалтгаалж бөх, морь хоёр яалт ч үгүй харваачдаасаа илүү үнэлэгдэж, сонирхол татдаг болж.  Гэвч эрийн гурван наадам тулгын гурван чулуу шиг салшгүй холбоотой, монгол түмний бахархал, соёл, дархлаа эдгээрт суурилдаг гэж боддог. Иймээс эрийн гурван наадмаа адил тэнцүү, ижил түвшинд авч явах ёстой юм. Монгол Улсын Ерөнхийлөгч их сурыг хөгжүүлэх талаар зарлиг гаргаж байсан. Монгол Төрийн тэргүүн сурын талбайд ирж өөрийн биеэр сум тавьж, монголчуудынхаа ирээдүйг харж, бэлгэдэж, ард түмэн, наадамчид ч түүнийг харж баясдаг. Ингэж харвал сур тэгтлээ ч бас  анхаарлаас гарчихаагүй байна уу даа гэмээр санагддаг.

-Бөх, морь хоёр сүүлийн үед илт бизнесийн хандлагатай болчихлоо. Сур хуучин уламжлалаа хадгалсаар ирсэн. Энд менежментийн өөрчлөлт хийх боломж хэр байдаг бол?

-Бөх, морь хоёрт үзэгчид сураас илүү ханддаг болсон нь үнэхээр бизнестэй холбоотой юм л даа. Нийгмийн өгөө, аваа гэж ил, далд юм байна. Сурын харваанд тийм боломж байхгүй. Дэндүү шударга. Түмний нүдэн дээр тавьсан сум нь агаараар нисэж очоод байгаа оносон оноогүй нь ил харагддаг. Начин төрүүлнэ гэгчээр хоорондоо найраа хийгээд “Би энэ удаа онохгүй давуулчихъя. Чи оноод түрүүл дээ” гэх ямар ч тохироо байхгүй. Би байгаа зориуд алдаж харвалаа гэхэд нөгөө найр тавьсан хүн маань онохгүй байх магадлал их. Сур бол бизнес хийх боломж, нөхцөл муутай дээд зэргийн шударга өрсөлдөөн. Орчин цагийн хэллэгээр бол уламжлалт сайхан спорт. Эртнийхээ хэллэгээр бол эрхий мэргэчүүдийн наадам. Ийм шалтгаанаар зах зээлийн нийгэмд бизнес тал руу нь оруулах боломж тааруу учраас бөх, мориноос арай доогуур үнэлэгдэж яваа юм болов уу даа. Гэхдээ залуус маань сураа хөгжүүлж, менежментээ сайжруулах талааар юм бодож л явж таарна.

-Та сайхан наадаарай. Хараа хурц, оноо мэргэн, уухай цээл байх болтугай.

-Баярлалаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрдэнэ(202.179.15.130) 2024 оны 07 сарын 09

Эрэмбээрээ 5 биш 6 түрүүлсэн нь авах ёстой бусуу Ч.Мөнхцэцэг улсын наадамд 6 түрүүлсэн шүү эр хүн байж жудаг заамаар юм

0  |  0
Top