“Монгол, БНСУ-ын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хэлэлцүүлэг амжилттай боллоо

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 08 сарын 26

 

Жижиг, дунд үйлдвэрийн газар Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвтэй хамтран “Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээг өнөөдөр /2024.08.23/ зохион байгууллаа.

Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилготой уг арга хэмжээнд Солонгос улсаас 160, манай улсын 100 гаруй жижиг, дунд үйлдвэрлэгчид хамрагдсан юм.

Арга хэмжээний нээлтэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын зөвлөх Н.Баатарцогт, ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Элчин Чой, Жин, Вон, Жижиг, дунд үйлдвэрийн газрын Бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга А.Гэрэлзаяа, Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн ерөнхий менежер Х.Хэрлэнчимэг болон албаны бусад хүмүүс оролцов.

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын зүгээс Монгол Улсын хүн амын хүнсний аюулгүй байдлыг сайжруулах, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан батлуулсан:

- “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2022 оны 36 дугаар тогтоол,

- “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2024 оны 63 дугаар тогтоол,

уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллөөс урьдчилан сэргийлэх, малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийг сайжруулах замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор Засгийн газрын 2024 оны “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх тухай 166 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Цаашид Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт орчин үеийн дэвшилтэт техник, тоног төхөөрөмжийг нэвтрүүлэх, судалгаа шинжилгээнд тулгуурлан бүс нутгаар төрөлжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлийг бодлого болгон ажиллах болно.

Дээр дурдсан бодлого, зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нэн чухал бөгөөд энэхүү бизнес уулзалтаар дамжуулан холбогдох байгууллагууд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

Энэ үеэр хоёр орны үйлдвэрлэгчид харилцан туршлага солилцож, үйл ажиллагаа, бүтээгдэхүүнээ танилцуулж, бизнес уулзалт хийлээ.

Дашрамд дуулгахад, Монгол Улс, БНСУ- дипломат харилцаа тогтоосны 34 жил энэ жил тохиож байна. Энэ хугацаанд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, Орлогын татварыг давхардуулж ноогдуулахгүй байх, Гаалийн асуудлаар хамтран ажиллах, харилцан туслах тухай зэрэг хөрөнгө оруулагчдад таатай, Засгийн газар хоорондын олон гэрээ хэлэлцээр хийгдсэн байдаг.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top