Жижиг, дунд үйлдвэрийн газар, Солонгос улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн нийгэмлэг, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран “Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа- 2024” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний гол зорилго нь жижиг, дунд бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг экспортлох боломж нөхцөлийг бүрдүүлэх, хоёр орны бизнесийн харилцан түншлэлийг өргөтгөх, зах зээл, борлуулалт, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн ба харилцан түншлэгчдэд зориулсан бизнес уулзалт, оролцогч компаниудын бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй танилцуулга, үзэсгэлэн гэсэн ерөнхий хоёр агуулгын хүрээнд амжилттай болсон юм. Энэхүү арга хэмжээнд Монгол Улсаас оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн, хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн, бэлэг дурсгал, гоо сайхан, сав баглаа боодол, хог хаягдал, хот тохижилт зэрэг 16 чиглэлийн 128 ААН, Солонгос улсаас 167 жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцов. Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээг зохион байгуулагчид болоод Монгол-Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчид, арга хэмжээнд оролцогчидтой ярилцлаа.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Н.Чимэдлхам: Инноваци, тенхнологийн чиглэлээр хамтран ажиллана
-“Монгол, Солонгосын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн эдийн засгийн хамтын ажиллагаа-2024” арга хэмжээ Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Үйл ажиллагааны гол зорилго нь хоёр орны жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг тогтоох, тодруулбал, инноваци, технологийн чиглэл дээр хамтран ажиллах дээр тогтож байна. Арга хэмжээнд 23 монгол орчуулагч бүтэн хоёр өдрийн турш ажиллалаа.
Солонгос хэлний орчуулагч Л.Түвшинзаяа: Солонгос хэлтэй хүн зүгээр сууна гэж байдаггүй
-Би МУИС-ийг солонгос хэлний орчуулагч мэргэжлээр дүүргэсэн ба мэргэжлээрээ 30 жил ажиллаж байгаа. Солонгос хэлтэй хүн зүгээр сууна гэж байдаггүй. Байнга ямар нэгэн юм хийж л явдаг. Мэргэжил маань намайг огт орлогогүй байлгадаггүй, зүгээр суулгадаггүй шүү. Гадаад хэлийг сайн эзэмшчихсэн байхад аль нэг байгууллагат орчуулагч ч юм уу, эсвэл бичгийн орчуулга хийгээд, үгүй бол эмнэлэг, бизнес, эдийн засаг, техник технологи, хөдөө аж ахуй, уул уурхай зэрэг ямар нэгэн салбарт мэргэшээд давхар өөр мэргэжлээр ч ажиллах боломжтой. Тиймээс би хүүхэд, залуустаа солонгос хэлийг чанартай сайн сурахыг уриалмаар байна.
Чэжү арлынхан гоо сайхны бүтээгдэхүүнээ дэлгэв
Харин Солонгос улсаас хүрэлцэн ирсэн 167 байгууллагын төлөөлөл “Happy Jeju” компанийн удирдах ажилтнууд тус үйл ажиллагааныхаа тухайд сэтгэгдлээ ийн хуваалцсан юм. “Манай арал Солонгос улсын өмнөд хэсэгт байдаг. Аялал жуулчлалаараа ихээхэн алдартай. Товчхондоо, үзэж, харах сонин содон, өөрмөц зүйлүүдтэй. Мөн анхилам сайхан цэцэгс, жүрж зэргээрээ ч олны анхаарлыг ихээхэн татдаг. Бид энэхүү сайхан найрлагаас гоо сайхны бүтээгдэхүүн гаргаж авч, үйлдвэрлэх тал дээр илүү төвлөрч ажилладаг юм. Солонгосын алдарт Чэжү арлын анхилам сайхан цэцэгс, жүржийн найрлагатай нүүр арчилгааны бүтээгдэхүүнүүдээ Монголд авчирлаа. Энэхүү арга хэмжээнд зөвхөн Чэжү арлаас гэхэд 21 компанийн захирал ирсэн. Чэжү нь аялал жуулчлалын арал учраас аялагчид сонирхож авах бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг. Монгол, Солонгос улсын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн уулзалтад хоол, гоо сайхны бүтээгдэхүүнээ авч ирсэн. Чэжү арал дээр явагдаж байдаг гол худалдаа, үйлдвэрлэл бол хоол хүнс болоод нүүр, гоо сайхны бүтээгдэхүүн дээр төвлөрч байдаг” хэмээн өөрийн орны бүтээгдэхүүн, үйлчилгээний онцлогийг танилцуулж байна. Тэд арга хэмжээ зохион байгуулагдахыг 2-3 сарын өмнөөс мэджээ. Солонгос улсад Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн холбоо гэж байдаг аж. Тус холбооны гишүүдээс ч энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бөгөөд “Монгол-Солонгосын бизнес эрхлэгчдийн харилцаа өргөжин тэлж, маш олон салбарт хамтын ажиллагаа тогтоож байгаа учир өнөөдрийн үйл ажиллагааны үр шимээр Солонгос улсын бүтээгдэхүүн, үйлдвэрлэл Монголын хэрэглэгчдийн гар дээр очиж, цаашид хоёр улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн харилцаа өргөжин тэлж, Чэжү арал дээр худалдаалдаг бүтээгдэхүүн, үйлчилгээгээ илүү олон хүнд таниулсаар байх болно” гэв.
Солонгосын бизнес эрхлэгчид “Монголд очъё” гэдэг зорилго тээн иржээ. И март-ын Солонгос дахь төв салбараас Монголын И март-ын салбар удирдсан ажилтнууд нь туршлага судалдаг байв. Харин одоо И март Монголд хэр зэрэг амжилттай явааг, монголчууд Солонгос бүтээгдэхүүнийг хэрхэн хэрэглэж байгааг харсан учир энэ улсад худалдаа, үйлчилгээний салбар дээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх боломж байгаа юм байна гэдгийг харсан биз.
Мөн Өмнөд Солонгос улсын Чолла муж, Сүнчон хотод үйлдвэрийн автоматжуулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг LKNTech компанийн захиарал Лим Ки Тектэй ч хэсэг ярилцав. Тэрбээр автоматжуулалтын инженер мэргэжилтэй бөгөөд энэ чиглэлийн компани байгуулаад 25 жил болж байгаа аж. Лим Ки Тек “Аливаа үйлдвэрийн ажилтан хүнд ачааг өргөхөд хөл, гар, бүсэлхийн хэсгээр гэмтэл бэртэл авах нь их байдаг. Иймд хүний хөдөлмөрийг хөнгөвчлөхөөс гадна хамгийн чухал нь аюул эрсдэлгүй ажиллах нөхцөлийг бүрдүүлж, автомат төхөөрөмж бүтээхийг зорьсон” гэв.
“Хайнаг толгой” хоршооныхон солонгосуудтай хамтарна
Харин тус арга хэмжээнд оролцсон Монгол Улсын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл ижил төрлийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл явуулдаг Солонгос улсын талтай хамтран ажиллахаар болсон байна. Тодруулбал, “Хайнаг толгой” хоршоо нь 12 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаа явуулдаг. Тус хоршооны хамгийн гол бүтээгдэхүүн нь арвайн гурил аж. Түүнтэйгээ уялдуулж модон эдлэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. Модоор хийгдэж байгаа зүйлс нь дандаа хувин, сав гэх мэт гэр ахуйн зүйлүүд харагдана. Монголчууд эртнээсээ арвайн гурилаа модон саванд хийж ирсэн. Арвайн гурил ч гэлтгүй хүнсний ямар ч бүтээгдэхүүнийг модон саванд хийж, хадгалах ёстой гэдэг уламжлалт технологитой. Тиймээс уламжлал, шинэчлэлийг хослуулан үйлдвэрлэлээ эрхэлдэг нь тус хоршооны онцлог юм. Тус хоршоо нь одоогоор 30 гаруй төрлийн татвар төлдөг аж. Анх үүний дороос босно гэдэг нь амаргүй даваа мэт санагдаж байсан гэх. Учир нь ахмад настанд төслийн болоод бизнесийн зээл олддоггүй юм байна. Харин банк бус санхүүгийн байгууллагын өндөр хүүтэй зээлийг авч, үйл ажиллагаагаа явуулдаг учир эдийн засгийн хувьд хүндрэлтэй нөхцөлд ч орж байжээ. Олон жилийн турш зорилгодоо хүрэхийн тулд уйгагүй зүтгэсний үр дүнд Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд төвийн төсөлд хамрагдаж чаджээ. Тэндээс тус хоршоонд таван сая төгрөгийн мужааны тоног төхөөрөмжийн буцалтгүй тусламж олгосон нь ёстой л нүдээ олжээ. Түүгээрээ модон эдлэлийн цех байгуулсан юм байна. Түүнээсээ их урам авчээ. “Ер нь бол маш том бурам болчихсон юм шүү дээ” хэмээн тус хоршооны үүсгэн байгуулагч ярьж байна. Тус хоршоо нь Говь-Алтай, Хөвсгөл, Сэлэнгэ зэрэг аймгаас халтар арвай, хөх арвай буудайг аваад, уламжлалт аргаар буюу гар технологиоор боловсруулдаг. Тиймдээ ч тус хоршооны бүтээгдэхүүнүүд олонд их амархан танигдсан болов уу. Одоо хэдийнээ асууж сурагладаг өөрийн гэсэн хэрэглэгчидтэй болжээ. Тэд арвайн гурилаа ХААЯ-ны харьяа Хоршоологчдын үндэсний холбооны дэлгүүрт зардаг юм байна. Одоогоор өөр газраар борлуулж эхлээгүй байгаа аж. Гэхдээ үзэсгэлэн худалдаагаар бүтээгдэхүүнээ сурталчлан таниулахаас цааргалдаггүй юм байна. Саяхан “Нүүдэлчин фестиваль” дээр авч очсон 200 кг гурилаа гурван өдөр, гурван шөнө ажиллахдаа бүгдийг нь зарж дуусгаад ирсэн байх жишээний. Нэг кг арвайн гурил нь 12 мянган төгрөгийн үнэтэй юм байна. Түүхий эдийн үнэ нэмэгдсэн учраас ийм үнэтэй болсон гэнэ. Өмнө нь нэг кг гурилаа 5000 төгрөгөөр борлуулдаг байжээ.
“Хайнаг толгой” хоршооны гишүүн Г.Гэрэлцэцэг: Солонгосын талтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
-Би 67 настай. Анх 2012 онд “Хайнаг толгой” хоршоогоо байгуулж, одоог хүртэл арвайн гурил, оёдол, модон эдлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхэлж байна. Завхан аймагт 30 жил ажиллаад, гавьяаныхаа амралтад гарсан ч тэтгэврийн маань мөнгө амьдралд хүрэлцэхгүй учир анх хоршоо байгуулж ажиллахаар шийдэж байлаа. Ахмадууд бид нар хийж чадна. Бидэнд үзэж туулсан туршлага, уламжлалт техник, ахуй сэтгэлгээ цөм бий. Түүнийгээ л үйлдвэрлэлээрээ үлгэрлэхийг зорьдог. Тухайлбал, саяхан ногоон эдийн засгийн төсөлд хамрагдаад 10 мянган ам.долларын тоног төхөөрөмжийг буцалтгүй тусламжаар авахаар болсон. Миний хувьд эрхэлсэн ажилдаа л идэвхитэй байхыг хичээдэг. Түүнийхээ шагналыг их, бага хэмжээгээр хүртэлж л явна. Би энэ төрлийн маш олон арга хэмжээнд оролцож байсан ч өнөөдрийн үйл ажиллагаа бол үнэхээр онцлогтой. Би урд нь гадаад хүнтэй харилцаж үзээгүй, харин өнөөдөр хамтран ажиллах хэмжээний туршлага солилцож, хамтын гэрээгээ байгуулахаар болж байна. Арга хэмжээний орчин нөхцөл үнэхээр сайхан байна, үүнээс илүү яах вэ. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцож буйдаа маш өндөр сэтгэгдэлтэй байна. Манайх Солонгос улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагатай хамтарч ажиллахаар болж, гэрээ байгуулахаар боллоо. Удахгүй манай үйлдвэрээр зочилж санал, туршлага солилцох тул би хувьдаа их яарч байна. Энэхүү арга хэмжээг зохион байгуулсан Жижиг, дунд үйлдвэрийн газарт маш их талархаж байна.
Баянзүрх дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх төвийн сургагч багш Д.Доржмаа: Солонгосын тал малын тосоор хийсэн давтагдашгүй бүтээгдэхүүнийг маш сайн олж харлаа
-Баянзүрх дүүргийн хэмжээнд үйлдвэрлэл явуулдаг 10 ААН энэхүү арга хэмжээнд гоо сайхан, нэхмэл, ноос ноолуур, хэвлэлийн салбарын бүтээгдэхүүн, үйлчилгээгээ дэлгэж оролцоо. Солонгосын талаас ч сүлжмэл бүтээгдэхүүн, хэвлэл, барилга, хоол хүнс, гоо сайхан гэх мэт олон салбарын 167 байгууллага иржээ. Солонгос улс малын тосоор хийгдсэн давтагдашгүй бүтээгдэхүүний онцлогийг маш сайн олж харж, хамтран ажиллах санал тавьж байна. Цаашид бүтээгдэхүүн, үйлдвэрлэлээ өргөжүүлж, өөрөө шинийг сурч, сав баглаан дээрээ анхаарах, Монголдоо бий болгосон үндэсний үйлдвэрлэлээ дэлхийн зах зээлд гаргах гарцыг энэ үйл ажиллагаагаар нээж байгаа нь баярлууштай. Засгийн газрын харьяа агентлаг Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих газар, нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс энэ төрлийн мэдээллийг тогтмол өгч ажилладаг. Гол зорилго маань дүүргийнхээ нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байгаа ААН, иргэнийг дэмжих, хөгжүүлэх, сургах, зөвлөн туслах зорилготой. Баянзүрх дүүрэгт 6000 орчим иргэн жижиг, дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ эрхэлдэг.
Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Хэрлэнчимэг: Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нүдээр үзэж, гараар бариад ярих нь маш их үр өгөөжтэй байна
-Солонгос улсаас хүнс, хөдөө аж ахуй, цахилгаан, эрчим хүч, мэдээлэл технологи зэрэг маш олон салбарын төлөөлөгчид оролцож байна. Солонгос, Монголын үйлдвэр, үйлчилгээ эрхэлж байгаа байгууллагууд эрхэлж буй бизнес, үйл ажиллагаа, үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнээ танилцуулсан арга хэмжээ болж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нүдээр үзэж, гараар бариад, өөр хоорондоо харилцан ярилцах нь маш үр өгөөжтэй байдаг юм байна. Бие биедээ хамтран ажиллах, амжилт гаргах итгэл үнэмшил төрүүлж байна. “Хайнаг толгой” хоршооны гишүүн 67 настай эгч гэхэд л хамтран ажиллах гэрээ байгуулж чадлаа. Монгол Улс төрөл бүрийн бүтээгдэхүүн, үйлдвэрлэл эрхэлдэг ч түүнийхээ хэрээр хаягдал гаргачих гээд байдаг талтай. Харин Солонгосууд огт хаягдалгүйгээр хүнсний хэрэгцээг хангах технологид суурилдаг учраас тэр талаар хамтран ажиллах сонирхолтой байдаг юм байна.
Энэ мэтчилэнгээр Солонгос, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжин тэлж, харах өнцөг өөрчлөгдөж байна. Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаагаа явуулдаг “Шим эрдэнэ” бренд зөвхөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн хийдэг байсан бол одоо адууны тосоор гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг солонгос компанитай хамтран ажиллахаар болжээ. Түүхий эд нь Монгол Улсад бэлэн байж байхад болохгүй зүйл, чадахгүй асуудал байж боломгүй л юм байна. щ Тиймээс тэдний хамтрал дэлхийн зах зээлд гарах цаг ирэх биз. Ийм байдлаар маш олон бизнес эрхлэгч өөр өөрийн үйлдвэрлэлийн чиглэлд хамтын ажиллагаа тогтоох боломж энэхүү арга хэмжээгээр гарч иржээ. Мөн бусад баялаг бүтээгчид ч гэсэн харилцан бие биеийнхээ үйлдвэрлэлийг дэмжиж, өөр өөрийн улсдаа, тус тусын арга технологиор бий болгосон бүтээгдэхүүнээ солилцон худалдах саналд ч нэгдсэн байна. Аливаа улс орон өөр хоорондоо ажил хэргийн уулзалт хийхэд олон удаагийн төлөвлөгөө гаргадаг. Төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг чухалчилж Солонгосын эдийн засаг, хамтын ажиллагааны нийгэмлэг бизнес аялал хийж, Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчидтэй уулзах санал тавьсаны дагуу хоёр орны хамтын арга хэмжээ ийнхүү амжилттай зохион байгуулагдав.
Сэтгэгдэл ( 0 )