-ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН АЛБАН ЁСНЫ АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР ХҮРЭЛЦЭН ИРЭВ-
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч Владимир Владимирович Путин Халх голын байлдааны 85 жилийн ойг тохиолдуулан энэ есдүгээр сарын 2-3-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийлээ. Энэ нь түүний 2000 оноос хойш Монгол Улсад хийсэн тав дахь удаагийн айлчлал юм.
Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар албан ёсны айлчлал хийхээр есдүгээр сарын 2-ны 23.00 цагт Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Тусгай үүргийн нисэх онгоц “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудалд газардсаны дараа Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг эрхэм зочныг угтан авч хүндэт харуул жагсан хүндэтгэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийг УИХ, Засгийн газрын гишүүдийн төлөөлөл, Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков нарны албаны хүмүүс угтав.
Ерөнхийлөгч В.Путиныг дагалдан ОХУ-ын Гадаад Хэргийн сайд Сергей Лавров, Эрчим Хүчний сайд Сергей Цивилев, РосАтомын захирал Алексей Лихачёв, Ерөнхий сайдын орлогч Алексей Оверчук, Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков, Тээврийн сайд Роман Старовойт, Байгаль Орчны сайд Александр Козлов, Буриад улсын тэргүүн А.Цыденов, Оросын Хөрөнгө оруулалтын сангийн тэргүүн Крилл Дмитриев, Ерөнхийлөгчийн Тамгын газрын орлогч дарга Максим Орешкин, ОХУ-ын Мэргэжлийн Хяналтын албаны дарга Анна Попова, Роснефть компанийн захирал Игорь Сечин, Оросын РЖД компанийн захирал Олег Белозеров, Ростех корпорацийн захирал Сергей Чемезов нар хүрэлцэн ирсэн байна. Угтах ёслолын дараа хүндэт зочны цуваа нийслэл хотыг зорин хөдөлсөн юм.
Хойд хөршийн Төрийн тэргүүнийг Монгол Улсад албан ёсны айлчлал хийх тухай мэдээлэл гарсан цагаас дэмжсэн, эсэргүүцсэн олон санал, сэтгэгдэл нийгмийн сүлжээ болон бусад сувгаар цацагдсан билээ. Гэвч олон тулгуурт, энх тайванч гадаад бодлого баримталдаг Монгол Улсын хувьд мөнхийн хөршийнхөө Төрийн тэргүүнийг урьж, хүндэтгэн хүлээн авч, тулгамдсан асуудлуудаар санал солилцож, яриа хэлэлцээ хийн хэлэлцээр байгуулах нь туурга тусгаар орны бүрэн эрхийн асуудал юм. “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” хэмээн монголчууд эртнээс хэлэлцдэг.
Монгол бол хэнийг ч найрсгаар угтаж, үддэг эртний соёлт эрхэмсэг орон гэдгийг энэ айлчлал харуулах болно. Аль ч тивийн, ямар ч орны зочин төлөөлөгч Монгол Улсад ирсэн ч энэ зарчмаасаа ухрахгүй гэдэг нь баттай үнэн.
Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, эрчим хүч, газрын тос, байгаль орчин зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслолд оролцохоор төлөвлөсөн юм.
Хөрш хоёр орон 1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоож, 1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн бөгөөд 2019 онд талууд “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурснаар Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосныг энэ ташрамд сануулъя.
-УГТАХ ЁСЛОЛ ХАГАС ЦАГААР ХОЙШЛОВ-
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг өчигдөр 13.30 цагт Сүхбаатарын талбайд албан ёсоор угтан авлаа. Талбайн голд хүндэтгэлийн тавцан засаж, Төрийн тэргүүн нарын явах чигт улаан хивс дэвсэн төрийн хүндэт харуул жагсан үлээвэр хөгжимчид ёслолын марш эгшиглүүлж байсан юм. Төрийн ордны өмнүүр эртний баатрын хуяг дуулгатай морьт цэргүүд эгнэсэн байв. Хоёр талын албаны хүмүүс мөн эгнэн зогсжээ. Сүхбаатарын талбайн эргэн тойрон татсан хашлагын цаана угтах ёслолыг сонирхох гэсэн олон хүн цугласан байв. Уг нь угтах ёслол 13.00 цагт товлогдсон боловч хагас цаг хойшилж, албаны хүмүүс Төрийн ордон руу буцан орж, морьт цэргүүд мориноосоо түр буугаад байсан ч тун удалгүй “Мориндоо” гэсэн команд цуурайтаж, албаныхан ч эргэн ирж байраа эзэлсэн юм.
Эрхэм зочны хөлөглөсөн машин хүндэтгэлийн тавцангийн дэргэд ирж зогсон ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин гарч ирэхэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх угтан гар барьж, монгол дээлтэй бяцхан охин В.Путин Ерөнхийлөгчид баглаа цэцэг барив. В.Путин охиныг үнсэж, тэр хоёр хэсэгхэн зуур хоорондоо ярилцана лээ. Дараа нь Хүндэт харуулын дарга хоёр Ерөнхийлөгчид айлтгал өргөж, үлээвэр хөгжимд төрийн дуулал эгшиглэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хүндэт харуулын өмнүүр алхаж, Төрийн ёслолын цэргийн цагаан туганд мэхийн ёсолж, хүндэт харуулын цэргүүдтэй мэндчиллээ. Мөн хоёр талын албаны хүмүүстэй гар барин мэндчилээд Төрийн ордны өмнөх Чингис хааны хөшөөнд мэхийн ёсолж хүндэтгэл үзүүллээ. Энэ үеэр үлээвэр хөгжимд “Монголын тал нутаг” дууны ая эгшиглэж байв.
-МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БРИКС-ИЙН ДЭЭД ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТАД УРИЛАА-
Угтах ёслолын дараа ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Төрийн ордны Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурсан юм. Үүний дараа хоёр Ерөнхийлөгч ганцаарчилсан уулзалт хийв. Энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгчийг Оросын Казань хотноо болох БРИКС-ийн Дээд хэмжээний уулзалтад урьж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус уулзалтад оролцох урилгыг хүлээн авсан юм. Тус арга хэмжээ нь БРИКС эгнээгээ тэлснээс хойш болж буй анхны дээд хэмжээний уулзалт болох ажээ.
БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт Казань хотноо аравдугаар сарын 22-24-нд болох бөгөөд өнөөдрийн байдлаар тус уулзалтад уригдсан дэлхийн 36 орны Төрийн тэргүүнээс 18 нь оролцохоо мэдэгдээд буй аж. Бразил, ОХУ, Хятад, Энэтхэг улсууд хамтран 2006 онд байгуулсан тус байгууллагад 2011 онд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улс, дараа нь Египет, Иран, АНЭУ, Саудын Араб, Этиоп зэрэг улс элссэн бөгөөд БРИКС-ийн орнуудад дэлхийн нийт хуурай газрын 34 хувь, хүн амын 45.2 хувь нэгдсэн байна.
-ЭГИЙН ГОЛЫН УЦС, ЧӨЛӨӨТ ХУДАЛДАА БОЛОН БУСАД АСУУДЛЫГ ХӨНДӨВ-
Ганцаарчилсан уулзалтын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар хэлэлцээ хийв. Хэлэлцээ эхлэхэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путиныг Халх голын байлдааны ялалтын 85 жил, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойг үргэлжлүүлэн тэмдэглэх хүрээнд албан ёсоор айлчилж байгаад талархал илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин хариу талархал илэрхийлж, 2019 оны яг энэ өдөр Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг мөн Монголд тэмдэглэж байснаа дурслаа.
Энэ үеэр хоёр улсын Төрийн тэргүүн харилцаа, хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэж, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, түүний дотор түлш, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, соёл, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн салбарын харилцааг улам эрчимжүүлэх талаар ярилцлаа. Айлчлалын хүрээнд Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх, Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн төслийн зураг төсөл, төсөв боловсруулах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулж байгааг сайшаан тэмдэглэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт хоёр талын хүчин чармайлтын дүнд урагшилж байгааг тэмдэглэж, байгаль орчны үнэлгээ хийх хамтарсан Ажлын хэсэг байгуулах болсныг өндөр үнэллээ. Энэ 2024 оны сүүлээр Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд байгуулах Чөлөөт худалдааны түр хэлэлцээр худалдааны эрх зүйн орчныг тэлж, хамтын ажиллагааг өргөжүүлэх шинэ боломж бий болгоно гэж итгэж байгаагаа талууд илэрхийлэв. Монгол, Орос, Хятадын Эдийн засгийн коридор байгуулах ажлыг эрчимжүүлэх нь чухал гэдэгт талууд санал нэгдэж, гурван улсын холбогдох байгууллагууд холбогдох төслүүдийг цаг үеийн хэрэгцээ, шаардлагад нийцүүлэн шинэчилж буйг сайшаан тэмдэглэлээ.
Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын ээлжит бус чуулганы хаалтын өмнө Дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн ажилтай холбоотой хэлэлцээрийг Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Төслийн нийт төсөвт өртөг ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанийн 2022 онд боловсруулсан техник эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)-ээр нийт 1,326.9 сая евро (НӨАТ-тай дүн 1,486.9 сая евро) болж, санхүүжилтийн 15 хувийг буюу 199 сая еврог Монголын талаас, 85 хувийг буюу 1 тэрбум 127.9 сая еврог ОХУ-ын экспортын зээлээр санхүүжүүлэхээр тусгасан байна.
Уг хэлэлцээрийн төсөл нь нийт 11 зүйлтэй бөгөөд тус хэлэлцээрт Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын (1х50 МВт) блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын (4×12 МВт) блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын (2×125 МВт) блок станц шинээр барих төслийн зураг төсөл боловсруулах, инженерийн судалгаа, шинжилгээ явуулах ажлын цар хүрээ, ерөнхий нөхцөлийг тодорхойлж, захиалагчаар "ДЦС-3" ТӨХК, гүйцэтгэгчээр ОХУ-ын талаас санал болгосон "Интер РАО Экспорт" компанийг томилох асуудлыг тус тус зохицуулахаар тусгажээ.
Эрчим хүчний яам болон "ДЦС-3" ТӨХК-аас уг төслийн ТЭЗҮ-г судалж, эрчим хүчний салбарт хэрэгжиж буй бусад дулааны цахилгаан станцын төслүүдийн жишиг үнийн тооцооллыг ашиглан Монголын тал өөрийн хөрөнгөөр тус төслийг санхүүжүүлж хэрэгжүүлсэн тохиолдолд 814.3 сая ам.доллараар (НӨАТ-тай дүн 915.1 сая ам.доллар) хэрэгжүүлэх, төслийн барилга угсралтын ажлын хугацааг нэгээс хоёр жилээр богиносгох боломжтой гэж үзсэн бөгөөд ОХУ-ын "Интер РАО Экспорт" компанитай удаа дараа уулзалт хийж, төслийн нийт төсөвт өртгийг бууруулах саналыг танилцуулсан ажээ.
-ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАРИМТ БИЧГҮҮДЭД ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсныг Төрийн есөн хөлт их цагаан тугт танхимд сэтгүүлчдэд мэдээллээ.
Үүнд:
1. “Улаанбаатар хотын дулааны гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл, шинэчлэлийн зураг төсөл боловсруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”–т Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Ингэснээр Улаанбаатар хотын дулаан хангамжийн хэрэглээний 32 хувийг хангадаг Дулааны гуравдугаар цахилгаан станцын өндөр даралтын хэсгийг 50 МВт-ын блок станцаар өргөтгөх, дунд даралтын хэсгийн 48 МВт-ын блок станцыг буулгаж суурин дээр нь 250 МВт-ын блок станц шинээр барих зураг төсөл боловсруулж, инженерийн судалгаа хийх юм. Талууд төслийн нийт өртөг, барилга угсралтын хугацааг нарийвчлан тодорхойлж, төслийг хэрэгжүүлэх дараагийн шатны гэрээ байгуулах нөхцөл бүрдэнэ.
2. “Газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Хэлэлцээр байгуулснаар Монгол Улс, ОХУ-ын газрын тосны салбарын хамтын ажиллагаа гүнзгийрч, ОХУ-аас газрын тосны бүтээгдэхүүн саадгүй, тогтвортой нийлүүлэх боломж бүрдлээ. Манай улс газрын тосны бүтээгдэхүүнээ 100 хувь импортоор, үүнээс 95 орчим хувийг ОХУ-аас авдаг. ОХУ газрын тосны бүтээгдэхүүний дотоод зах зээлийнхээ нөхцөл байдалтай холбоотойгоор 2023 онд шатахууны экспортод хязгаарлалт тавьж, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны хамтын ажиллагааны хэлэлцээртэй улс орнууд болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнууд энэ хязгаарлалтад хамаарахгүй байхаар зохицуулав.
3. “Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан, Оросын Холбооны Улсын Эрчим хүчний сайд С.Е.Цивилев нар гарын үсэг зурлаа.
Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын түлшний хангамжийг олон улсын стандартад нийцсэн, хямд үнэтэй бүтээгдэхүүнээр хангах боломж нэмэгдэхээс гадна манай улсын агаарын хөлгийн түлшний хангамж, нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангахад чухал дэмжлэг болно.
4. “Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т Монгол Улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа, болон ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов нар гарын үсэг зурлаа.
Үүгээр Эгийн усан цахилгаан станц байгуулахтай холбогдуулан байгаль орчны хамтарсан үнэлгээ хийж, хоёр улсын Засгийн газрын хоорондын ажлыг эрчимжүүлэн, нэгдсэн шийдэлд хүрлээ. Хоёр улс дэлхийн дулаарлын улмаас давтамж нь нэмэгдэж буй байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон арга хэмжээний хэрэгжилтэд онцгой анхаарна.
Байгал нуур болон Сэлэнгэ мөрнийг хамгаалах нь даян дэлхийн байгаль орчны төлөв байдалд чухал хувь нэмэртэйг ухамсарлан усны нөөцийг зохистой ашиглах, урсац тохируулах, сэргээгдэх эрчим хүч бий болгох тухай олон жилийн яриа, хэлэлцээ бодит ажил хэрэг болно. Энэ чиглэлээр хамтын ажиллагааны замын зураглал, үйл ажиллагааны төлөвлөгөө гаргаж ажиллахаар тохиролцлоо.
5. “Тарваган тахал өвчний тархвар судлалын чиглэлээр хамтран ажиллах тухай Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газар хоорондын хэлэлцээр”-т Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ОХУ-ын Хүний эрүүл мэнд, хэрэглэгчийн эрхийг хамгаалах холбооны хяналтын газрын дарга А.Ю.Попова нар гарын үсэг зурлаа.
Талууд 2018 онд хамтран ажиллах хэлэлцээр байгуулж, хоёр улсын хилийн дагуух бүс нутагт зоонозын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах чиглэлээр хамтран ажилласан.Хэлэлцээрийг шинэчлэн байгуулснаар хамтран тандалт судалгаа хийх, мэдээлэл солилцох, тархвар судлал, нян судлалын чиглэлээр Монголын мэргэжилтнүүд мэргэжил дээшлүүлэх, хамтарсан эрдэм шинжилгээний ажил хийх, тархвар судлалын хүндрэл үүссэн тохиолдолд шуурхай хариу арга хэмжээ авах зэрэг өргөн боломж бий боллоо.
-МОНГОЛ БОЛ ЭНХИЙГ ЭРХЭМЛЭСЭН ОЛОН ТУЛГУУРТ ГАДААД БОДЛОГОТОЙ ОРОН-
Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар албан ёсны хэлэлцээний үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:
-Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны 85, Монгол, Оросын “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг үүсэн байгуулагдсаны 75 жил, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны түүхт 100 жилийн ойн хүрээнд албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин танд талархал илэрхийлье. Халх голын байлдаанд хамтын ялалт байгуулсны ойг бид онцгойлон хамтран тэмдэглэж ирсэн түүхэн уламжлалтай. Манай хоёр орны харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүрээд байна. Хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг өдгөө эдийн засгийн агуулгаар баяжуулж байна. Энэ удаагийн айлчлал соёл урлаг, боловсрол, хүмүүнлэгийн харилцааг урагшлуулахад том алхам боллоо. Газрын тосны нийлүүлэлт, гуравдугаар цахилгаан станцын өргөтгөлийн хэлэлцээрт хоёр тал гарын үсэг зурлаа. Байгал нуур, Сэлэнгэ мөрнийг хамгаалах баримт бичигт гарын үсэг зурлаа. Эгийн голын УЦС -ыг барих ажил урагшлахаар боллоо. Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг энэ онд багтаан байгуулахаар болов. Ингэснээр 375 нэр төрлийн бүтээгдэхүүн импортын татвараас бүрэн чөлөөлөгдөх болно. Монгол Улс, ОХУ, Хятад гурван улсын эдийн засгийн коридорыг хөгжүүлэх, Монголоос ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр сурах оюутны тоог нэмэх зэрэг асуудлыг хэлэлцлээ. Монгол Улс бол Энхийг эрхэмлэсэн олон тулгуурт гадаад бодлоготой орон. Хоёр тал харилцаагаа улам өргөжүүлнэ. Олон улсын харилцааг энхийг эрхэмлэсэн олон тулгуурт бодлого дээр хөгжүүлэх болно. Мөнхийн хөрш ОХУ нь энэ талын хамтын ажиллагааг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж үзэж байна. Өнө эртний түүхтэй манай сайхан оронд таныг тавтай морилон саатахыг урьж байна гэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин:
-Монголын ард түмэнтэй хамт Халхын голын байлдааны ялалтын 85 жилийн ойг хамтран тэмдэглэж буйдаа талархаж байна. Бид Монгол Улсын бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолыг хамтын хүчээр хамгаалсан. Үүнд манай 10 мянга гаруй байлдагч, офицер амиа алдсан. Ялалтад маршал Г.К.Жуковын гавьяа их байсан. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бид хоёр түүний хөшөөнд цэцэг өргөнө. Саяхан Чойбалсан хотод Г.К.Жуковын хөшөөг бас нээсэн. Эх орны их дайны үед монголчуудын бидэнд үзүүлсэн тусламжийг ямагт хүндэтгэн дурсдаг. “Хувьсгалт Монгол” танкийн бригад, хагас сая толгой агт морь, “Монгол ард” нисэх эскадриль, бусад олон талын тусламжийг монголчууд бидэнд үзүүлсэн. Ирэх жил эх орны дайны ялалтын 80 жилийн ойн баярт Ерөнхийлөагч У.Хүрэлсүхийг урьсан. Монгол цэргүүд улаан талбайд алхах байх. Бид таван жилийн өмнө Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээг байгуулсан.
ОХУ, Монгол Улсын гадаад худалдаа 21 хувиар өсч 1,5 тэрбум ам.доллар боллоо. Импортыг дэмжин ажиллаж байна. УБТЗ-ыг 2030 он хүртэл хөгжүүлэх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг ажил хийж байна. Дамжин өнгөрүүлэх ачаа тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Монгол Улс дизель түлшний 95 хувийг ОХУ-аас оруулж ирдэг. Цаашид байгалийн хийн салбарт хамтран ажиллана.
Байгалийн хийг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх төдийгүй Монголын хэрэглэгчдийг ахуйн хийгээр хангана. Гуравдугаар станцад шинэ тоног төхөөрөмж нийлүүлж хүчин чадлыг гурав дахин нэмэгдүүлнэ. Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад хамтарна. Бага оврын реактор ажиллуулах талаар хамтарч болно. Манай хоёр орны хооронд жуулчдын солилцоо нэмэгдсэн. Монголоос ОХУ-ын их, дээд сургуульд 2000 гаруй оюутан сурч байна. Плехановын нэрэмжит сургуулийн салбар Монголд 25 жил амжилтай ажиллаж байна. Орос хэл сурах сонирхолтой хүн ч Монголд олон байна. Цэрэг, техникийн хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлнэ. Энэ нь Ази тивийн аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлдэг. Та бүхэнд талархал илэрхийлье гэлээ.
-УИХ-ЫН ДАРГА Д.АМАРБАЯСГАЛАН ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИНД БАРААЛХЛАА-
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд өчигдөр бараалхлаа. Тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Халхын голын байлдааны түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад айлчлал хийж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв. Мөн сайн хөршийн уламжлалт найрсаг харилцаатай ОХУ-тай өргөн хүрээтэй хамтын ажиллагаа өргөжүүлэх нь манай улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд Монгол-Оросын Иж бүрэн стратегийн түншлэлийг бэхжүүлэх, хамтын ажиллагааны уламжлалт эрч хүчийг хадгалахад тус айлчлал ач холбогдолтой гэдгийг онцлов.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Халхын голын байлдааны 85 жилийн ойн хүрээнд найрсаг харилцаатай мөнхийн хөрш Монгол Улсад айлчлал хийж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, Оросын ард түмэн Аугаа эх орны дайны үеэр Монголын ард түмний үзүүлсэн тусламжид гүн талархалтай ханддаг гэв. Тэрбээр Монгол Улс, ОХУ хооронд, цаашлаад хоёр улсын иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал гэдгийг онцоллоо.
-ЭГИЙН ГОЛЫН ЦАХИЛГААН СТАНЦЫН ТӨСӨЛ БОДИТОЙ УРАГШИЛЖ БУЙД БАЯРТАЙ БАЙНА-
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Халх голын байлдааны ялалтын түүхт 85 жилийн ойг тэмдэглэх хүрээнд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путинд бараалхав.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын үеэр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа идэвхтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлээд иж бүрэн стратегийн түншлэлийг улс төр, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцаанд тулгуурлан тодорхой төсөл, хөтөлбөрүүдээр баяжуулахын төлөө буйгаа тэмдэглэлээ. Мөн Дорнын эдийн засгийн VII чуулга уулзалтын үеэр ярилцсан Эгийн голын усан цахилгаан станцын төсөл бодитой урагшилж буйд баяртай байгаагаа илэрхийлэв.
Уулзалтын үеэр хоёр талын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хооронд Чөлөөт худалдааны түр хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулахын төлөө байгаагаа талууд илэрхийлэв. Чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулснаар Евразийн эдийн засгийн холбоо, тэр дундаа ОХУ-ын Сибирийн бүс нутгийн зах зээл рүү манай улсаас мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур, хивс, цемент зэрэг бүтээгдэхүүний экспорт, худалдааг нэмэгдүүлэхэд бодит түлхэц үзүүлнэ гэдэгт талууд санал нэгдэв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхийлөгчийн энэ удаагийн айлчлалын үеэр Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий эрчим хүч, газрын тосны бүтээгдэхүүнийг нийлүүлэх салбарт хамтран ажиллах тухай хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулсны ач холбогдлыг онцлон тэмдэглэв.
Түүнчлэн талууд Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн коридорын төслүүд, тухайлбал, төв тэнхлэгийн төмөр замыг хөгжүүлэх, төмөр замын зүүн коридор, олон улсын аялал жуулчлалын бүс байгуулах зэрэг томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцлоо.
-АРДЧИЛСАН ОРОНД БАЙХ ХЭВИЙН ҮЗЭГДЭЛ-
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины Монголд хийх айлчлалыг эсэргүүцсэн "NoWar" хөдөлгөөнийхний жагсаал энэ сарын 2,3-ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд болсон юм. Тус жагсаал тийм ч олон хүнийг хамарч чадсангүй. Эхний өдөр Төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарам нарын найман хүн Украины далбаа, "Get war criminal Putin out of here" буюу "Дайны гэмт хэрэгтэн Путинийг эндээс явуул" гэсэн уриа барьж жагсав.
Дан ганц В.Путинг эсэргүүцсэн ч юм биш. Урьд өмнө бусад орны дээд хэмжээний төлөөлөгчдийг ирэхэд эсргүүцлийн жагсаал нэг бус удаа болж байсан. Энэ бол Монгол Улс ардчилалтай байгаагийн нэг нотолгоо, ардчилсан оронд байх хэвийн үзэгдэл юм.
Өчигдөр В.Путиныг угтах ёслолын үеэр зургаан жагсагчийг цагдаа саатуулжээ. "Эрх чөлөө" хөдөлгөөний гишүүн Ш.Оюунбат энэ талаар хэлэхдээ "Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч гэх В.Путин ирлээ. Яагаад гэх гэж байна вэ гэхээр дэлхийн зарим улс орон энэ хүн Ерөнхийлөгчийн сонгуулийг луйвардсан учир албан ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Монгол Улс Дэлхийн эрүүгийн шүүхийн гишүүн улс. Энэ шүүхээс ОХУ-ын Ерөнхийлөгчийг гэмт хэрэгтэн гэж зарласан. Украинаас 300-500 мянган хүүхдийг хулгайлсан. Хүүхдийн эмнэлгээс эхлээд олон эмнэлэг, сургууль, орон сууц, цэцэрлэгийг бөмбөгдсөн. Ийм гэмт хэрэгтнийг бид эх орондоо хүлээж авснаар дараа нь дэлхийн улс орнууд бидэнд хориг тавьж эхэлнэ" гэж байлаа. Мөн Сүхбаатар дүүргийн I хэлтэст тэднийг аваачиж, цагдаагаар мануулж, шалан дээр суулгаж байгаа талаар NoWar хөдөлгөөний төлөөлөл Б.Цацрал хэлж байв.
Б.Цацрал хэлэхдээ “Биднийг Төрийн ордны зүүн талаар гарч ирмэгц ОХУ-ын далбаа барьсан хүмүүс дайрч, биед халдсан. Гэвч тэнд байсан цагдаа нар ямар нэг үйлдэл хийгээгүй. Дараа нь биднийг Сүхбаатар дүүргийн I хэлтэст авчирсан. Бидний зургаан хүнийг цагдаагийн хэлтсийн гараажид буулгаад, дөрөвдүгээр давхарт нэг цагдаагаар мануулаад шалан дээр суулгасан. Яах гэж энд авчирсан талаар ямар ч мэдээлэл өгөөгүй, хэн ч биднээс тайлбар аваагүй, яах нь тодорхойгүй байна.
Бид дайны гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Путиний айлчлалыг эсэргүүцэж, эрх баригчдаас Монгол Улсын нэгдэн орсон гэрээ конвенцын дагуу хүлээсэн үүргээ биелүүлж, дагаж мөрдөхийг шаардаж байгаа юм. Энэ айлчлал нь манай улсын хөгжлийг гацааж, дэлхийн бусад улсаас таслах гэсэн оролдлого. Орос улс бидэнд үргэлж дээрэнгүй хандсаар ирсэн. Бид эрчим хүч, эдийн засаг, түлшний асуудалд бие даасан байх ёстой" хэмээсэн байна.
Ноцтой нь дурантай буутай гадаад иргэн Туушин зочид буудал орчим явж байгаад баригдсан гэх мэдээлэл сонсогдов. Үүнээс болж Сүхбаатарын талбайд угтах ёслол хагас цагаар саатсан ч байж мэднэ.
-ЗАРИМ ОРНЫ ЭЛЧИН САЙД ЭСЭРГҮҮЦЭЛ ИЛЭРХИЙЛЖЭЭ-
Энэ ч ардчилсан оронд бас байх л үзэгдэл. Монгол Улсад суугаа АНУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс зэрэг орны ЭСЯ олон нийтийн сүлжээн дэх өөрсдийн хуудсандаа #StandWithUkraine #БидУкраинтайХамт хэмээх зурагт хуудас нийтэлсэн байна.
Европын Холбооны төлөөлөгчийн газар "Украины эсрэг хийж буй Оросын түрэмгий дайнтай холбоотой ноцтой гэмт хэрэг болон дайны гэмт хэрэгт хариуцлага хүлээлгэхийг бүрэн дэмжинэ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кэти Смит "ОХУ-ын Украины эсрэг түрэмгийлэл нь НҮБ-ын дүрэм болон олон улсын эрх зүйг зөрчсөн үйлдэл юм. Австрали Улс Украины тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай дэмжсээр байна" гэсэн байна. Мөн Украины Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Георгий Тихий “Монгол Улс яллагдагчаар татагдсан сэжигтэнд шүүхээс зугтах боломж олгосныхоо төлөө дайны гэмт хэргийн хариуцлагыг үүрэлцэх ёстой. Бид Улаанбаатарт хариуцлага хүлээлгэхийн тулд түншүүдтэйгээ хамтран ажиллах болно” гэж сошиал хуудсандаа бичжээ.
Human Rights Watch олон улсын хүний эрхийн байгууллага Путинийг баривчлахыг Монголын эрх баригчдад уриалсан мэдэгдэл гаргасан байна. “Хэрэв Монгол Улс ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлалгүйгээр айлчлахыг зөвшөөрвөл ОУЭШ-ийн гишүүн орныхоо хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ зөрчих болно. ОУЭШ-ийн оргодол Путинийг угтан авах нь Оросын армийн гэмт хэргийн хохирогч болсон олон хүнийг доромжилсон хэрэг болохоос гадна хэн ч, хэчнээн хүчтэй байсан ч хуулиас дээгүүр байдаггүй гэсэн чухал зарчмыг алдагдуулна” гэж тус байгууллагын олон улсын хууль зүйн ахлах зөвлөх Мариа Елена Виноли мэдэгджээ.
Гэвч Монгол Улс дотоод хэргээ хэнээр ч заалгахгүй туурга тусгаар орны хувьд, олон тулгуурт гадаад бодлого явуулдгийн хувьд, мөн монгол хүн хэзээ ч урьсан зочноо хавханд оруулан бусдад худалддаггүйн учир мөнхийн хөрш хоёр орныхоо нэгийн Ерөнхийлөгчийг урьж айлчлуулан төрийн хэргээ хэлэлцлээ.
Мөн Халх голын байлдааны 85 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд Сүхбаатарын талбайд Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, А.В.Александровын нэрэмжит, ОХУ-ын Зэвсэгт хүчний эрдмийн чуулгын хамтарсан хүндэтгэлийн тоглолт товлосон юм.
Сонины дугаар буух мөчид албан ёсны арга хэмжээнүүд өндөрлөж айлчлал үргэлжилж байв.
Сэтгэгдэл ( 4 )