“Ээгийд зориулсан сул тэмдэглэл”-ээс

З.Энхлэн | Zindaa.mn
2024 оны 09 сарын 15

 

 

1990-ээд онд, хамаг хүн наймаанд явах нь яваад бүх юм байрнаасаа хөдөлчихсөн нэг тийм сонин цаг үед бидний хэдэн нөхөд Сайншандад айл болох нь болоод ажил төрөл хийгээд овоо төвхнөж байв. Аймгийн Утга зохолын нэгдлийн хэдэн залуучууд ”Ялалт” сонин дээр цуглаж шүлэг уншина. Т.Дашбалдан ах, Цээеэ багш, Намжилдорж гуай, тэгээд шүлэг бичдэг, дуу хөгжим зохиодог, жүжигчин янз бүрийн л улс орж гарах. Би угийн нийгмийн идэвх сул хүн, нэг хоёр удаа хүн дагаж очоод ихэнхдээ тэнд очихгүй. Аймгийн номын санд харин байнга сууна. Дорноговийн АУДуС-ийг Эх баригч бага эмчээр төгсөөд удаагүй, Нэгдсэн эмнэлэгт, бүр Хүүхдийн сэхээний тасагт сувилагч хийнэ, цаг наргүй ээлжинд явна. Ээлжнээс буусан эхний өдөр голдуу Цээеэ багшийнхаа өрөөнд эсвэл гэрээр гүйж очно. Бас ганц хоёр наадамд шүлэг уншаад хөөрхөн шагнал юм авчихсан, өдөр сар явах тусам л багш минь намайг уран зохиол руу яв гээд байдаг. Тэр үед утгыг нь ч бүрэн ухахгүй, чихний хажуугаар ихэнх нь шунгинаад өнгөрөх боловч улам улам цаагуураа татагдаад байх буддын гүн ухааны голдуу утга зохиолын нарийн зүйлсийг багш минь байнга ярьж өгнө. Ээгий, Мөөжиг, Энхбаяр гурав Багшийн дээд, МУИС-ийн оюутан болчихсон. Яагаад ч юм бэ, Багш маань “энд битгий уд”, “чи зэвэрчихнэ”, “сургуульд яв” гээд нэлээн шаргуу шахах болов. Удалгүй хавар нь УБДС-ийн Утга зохиолын ангийхан бөөнөөрөө Шандад ирж бид хэд хэдэн өдөр гадаа гэрт шуугилдав. Цээеэ багш сүүлд миний номын багш болсон Л.Хүрэлбаатар багштай ойр хэдэн удаа уулзалдах болсноос хойш “Заа, Жамьянгаравын нэрэмжит Дорно Дахины утга зохиолын дээд сургууль гэж сайхан сургууль бий боллоо, энэ одоо жинхэнэ та нарын л сурмаар сургууль байна, тэнд бүр Ш.Гаадамба багш эд нар хичээл зааж байна. Энд л яв” гэх боллоо.

Ингээд тэр жилээ намар болчихсон хойно, явж шалгалт өгөх юм боллоо. Эрдэнэ-Очир маань сургуулиасаа гараад Ардын эрх сонинд ажилладаг болчихсон, Дэнжийн мянгад хөөрхөн айл болоод төвхнөчихсөн, зураач Цэдэв ахын хашаанд. Вагоноос буугаад заалгасан ёсоор гэрт нь гүйж хүрээд шөнөжин хэдүүл ном дэвтэр эргүүлж, Ээгийгийнхээ номын санг жаал түйвээж аваад өглөө нь Ээгий зам дөхүүлж өгөөд ажилдаа, би шалгалтандаа явлаа.

За ингээд оюутан болсон. Манайх Зуун айлд, өглөө босоод ирэхэд угаагуурын ус маань тэс хөлдчихдөг, зуны байшинг гаднаас нь шар шавраар шавардаад хэдэн номоороо дүүргээд нөхөр хүү бид гурав цомхон сууна. Тэр үед манай хэд ер нь бүгд хот руу орсон юм. Ээгий “Ардын эрх”-д, Эрдэнэбат ах Монголын радиод, Энхбаяр, Мөөжиг МУИС, УБДС-д, А.Байгалмаа бид хоёр Жамьянгаравын нэрэмжит Дорно дахины УЗДС-д оюутан гээд. Мөн тэр үед Бавуудорж тэргүүтэй Ш.Уянга, Ж.Болд-Эрдэнэ, М.Эрдэнэбат бүгд л Ээгийг дагаад манайхаар ирцгээнэ. Шүлгээ уншина, хүн шоолно, хармаг дарж дарс исгэнэ, бор зурхан амь амьдралаа ярина. Пижигнэтэл инээлдэж аваад, “ертөнцийн уран зохиолыг төвхнүүлж өгөөд” жаал бор ходоодондоо хоолтой бол жинхэнэ шпрот шиг зулаад нөгөө муу дотроо зуухтай ганц өрөө зуны байшиндаа байгаа бүх юмаараа хучиж хулдаад унтаад өгнө. Алба тушаал алдар нэр аль нь ч үгүй, яруу найргаас өөр хөрөнгөгүй бид хэд тэр л он жилүүдэд юу эсийг хийж амьдралаа босгоцгоосон гэх вэ. Нэгнээ гэх сэтгэл, хань бараа татсан цагаахан нөхөрлөлөө түшиж бид хэд өдий хүрсэн юм.

Ээгий минь халамцуухан хаалга тогшино. Хэн бэ? -Би би. Их л уцаартай хүн ирж байна шүү дээ. Зөөлөн аядуу байх юм бол би загнана, үглэнэ. Гэр орон руу нь утас цохино. Их юм болно. Тэгэнгүүт их уцаартай хүн болж, тэрийгээ бид яав ийв яасан ийсэн юм болно, анхаарал тавиулах нь байна шүү дээ. Яаж ууж идэж яаж аяглаж байвч бидэн дотроо хамгийн сайхан зантай, хамгийн хүлээц тэвчээртэй, хамгийн их эвийг олдог, мэдээж бид хэдийгээ түүчээлдэг нь Ээгий.

Хойтон хавар ирэхдээ

Хонин дунд минь буугаарай

гээд дуулна. Нэг тийм аядуухан, аргил намуун хоолойгоор хуучны дуунууд сайхан дуулна, хүн шоолох тамтаггүй, жаал инээж аваад л гудас хаяулаад газраар хэвтэнэ. Сулхан чихэртэй өтгөн хар цай томхон шилэнд хийлгэж аваад жаал ном дэвтэр хажуудаа хураагаад л хэвтчихнэ.

Ижийгээ амьдад үхэж болохгүй

Ижий минь цээжиндээ наргүй болно

Ертөнцийн гоо үзэсгэлэн гундаад

Ерөөлтэй ижий минь гандаж хоцорно… (“Ижийгээ амьдад үхэж болохгүй”)

Хажуу бургасанд гөрөөс янзагалж

Асга хаднаас янгир хальсан энэ замд

Хаврын толгод дунд ингэ гунганаж

Зээр зэрэглээ сүвлэн цахилсан энэ замд (“Зам”)

гээд олон шүлгээ манай гэрт бичсэн. Энэ жилүүдэд бид хэд тал талдаа сурсан судалсан, дуулсан мэдсэнээ хуваалцаж бие биенээ бараадаж их ч уншсан даа. Эрка ах (Лувсанчүлтэмийн Эрдэнэбат) “Хөгшин цыган”-аа, Ээгий “Тугалчийн уул”-аа дуулаад их л хөхиүн хөгжүүн суудагсан, бид хэд. Манай ганц өрөө байранд тал талаасаа цугларч чихэлдэн байж Ээгийгийнхээ “Аялагхан залуу нас” тоглолтыг хотод хийж, миний “Орхиж боломгүй хорин нас” тоглолтыг Ханбогдод очиж хийж бүгдэд нь бидний хэдэн нөхөд хэлхээтэй юм шиг л хамт явах. Ээгий оволзож дэвэлзээд одоо ингэнэ тэгнэ гээд байхгүй боловч ямагт бид хэдийнхээ толгойд. Гурван сайхан, Ханбогд хайрхан, Галбын говь, Алагбаянгийн тал, Баянсухайн өвөлжөө, хаваржаа намаржаа гээд, нутгаар минь хамт яваагүй газаргүй шахуу даа. Аавын минь дэргэд очиж суугаад л сонинд бүдүүн ороосон дүнсэн тамхинаас нь нэрнэ, элдвийн юм ярьж цаашлуулна. Бид хэдийг шүлгээ унших, дуу дуулахаар аав минь уйлчихна. Зүгээр л бараа бараандаа явсан энэ он жилүүдэд нөхөрлөл хүн чанарын, нөмөртэй түшигтэй байна гэдгийн үлгэр явсан даа, миний найз.

Аав хоймортой, нутаг амьтай, ижийгээ бараадсан өр зөөлөн, хоёулаа дөрөв дөрвөн дүүтэй хэрнээ аавын амины хүүхдүүд, хөгшцүүлийнхээ дэргэд өссөн гээд бид хоёрт адил төстэй чанар их бий. Үл ялиг гандуу, ухаа бор даавуу дээл өмссөн шавилхан биетэй аав нь хаад нэг Шандын төв дээр явж харагддаг сан. Айлын найранд ерөөл хэлдэг, сайхан дуулдаг, зураг зурдаг, шүлэг ч хэлхдэг, урлаг уран зохиолын өндөр мэдрэмжтэй, хүүдээ хачин их хайртай тэр сайхан хүн Ээгийгийн олон дуу шүлгэнд мөнхөрч үлджээ. Бидний дундаас хамгийн эрт аавгүй болсон нь Ээгий. Аавыгаа бурхан болсны дараа “Аргалантын уул Ааваас минь хойш өвгөрөөд байна уу даа” гээд нулимс мэлтэрсэн гоё шүлэг бичсэн.

2007 оны зун аав минь чилээрхээд би очиж хэд хоног асарч байгаад удалгүй бурхан болов. Ажил явдал гардгийн урд орой дүү нар гэнэтхэн “Ээгий ах хотоос гарчихсан юм байна шүү дээ, наашаа” гэж байна. Өө одоо цаг орой болж байдаг, өглөө үүрээр Ихсийн газар явна, жижиг тэрэгтэй, энэ хол замд, амжиж ирэхгүй юм байна даа гэж дотроо бодов. Шөнө дундаас хойхно, нэг дүү минь тосч давхиад бараг зуу гаруй киломерийн цаана машиныг нь орхиулаад үүр цайхаас өмнөхөн нөхөр хүрч ирэв. Засмал замгүй, дан шороон замтай, Галбын говийн 40 гарсан халуунд, газар сайн мэдэхгүй, аль болохгүй элстэй газраар туучаад, халуун наранд бууж элс ухсаар байгаад царай нь хав хар болчихсон, ядарч үүрэглэхээрээ нүдээ нойтон алчуураар арчсаар байгаад час улайчихсан, хол замд аяншиж ядарсан нь илт муу найз минь хажууд ирээд чив чимээгүй зогсоход нь өнчирч ядарч хоосорсон сэтгэлд хангайн нуруу шиг л түшиг тулгууртай санагдаж билээ. Ганц хүүгээ гадаад руу сургуульд гаргаж өгөөд тэвдүүхэн үлдэхэд мөн л дэргэд минь хүрээд ирсэн байв. Чиний өмөг түшиг, өр зүрхний халуун сэтгэл, ойрт түргэдэж холд түүртдэггүй уужуу дэлгэр араншин юутай их нөмөртэй. Хүний ертөнцөөс буцахын цагт хүүгээ захиж үлдээх ганц анд минь гэж Ээгийдээ зориулж би бичиж байлаа. Харин чи минь урдаар, аль эрт явчихсан байдаг. Орчлонгийн гуниг зовлонг танихын аргагүй юм даа.

Нацагдоржийн шагналт яруу найрагч

Хэлбичгийн ухааны докор, профессор Хургаагийн Сүглэгмаа

 

ОН ЦАГ ИЙМ ГУНИГТАЙ

 

Анд нөхөр А.Эрдэнэ-Очиртоо зориулав.

Олны салхинд туугдаж сэтгэл гундуухан явахад

Олмоо чангалж гарман дээр хүлээсэн их анд минь

Омтгойрон гүйж халгин цалгин дэвэрч урсахад

Ойр байж холоос хашсан их эрэг минь

Наран доогуур үүлс алгуурхан нүүж байна

Намар болох нь дээ, өвсний чийг холдчихож

Намайг чамайг бүүвэйлсэн хонгор салхин сэвэлзээд

Нас нэмж дээ, хол ойрыг бодож сууна

Эр цөөхөн андтайгаа дуулалдан ижилдэж өссөн юм

Эрх байлгүй яах вэ дээ, сэтгэлийн үзүүр нялхамсуу

Энэ зуурхан орчлонд дураараа шувуу шиг жиргэсэн юм

Эрт байлгүй яах вэ дээ, сэвлэг даахь нь үнэрээрээ

Цаг хугацааны салхи бидний дундуур туучиж

Цахилсан мянган зэрэглээ шиг зүүдэн алсад аваачсан байна

Цамцаа дэрвүүлсэн бага нас бодлын гүнд ирж хуучлаад

Цармын алтан бялзуухай зүс хувиргаж одсон байна

Аж төрөхийн цагаан манан хэн хэнийг минь уусгаж

Аанай л бид хүүхэд шиг шуугилгүй удсан байна

Амтат дарс гэнэн бодлууддаа халамцан

Амьдрал мөнх гэж хүүрнэн суулгүй удсан байна

Сүүлчийн автобус хажуугаар чимээтэйхэн өнгөрөхөд

Шүлэг уншиж инээлдэн алхдаг минь холдсон байна

Сөл өвс ганхсан намрын талд дөрөө харшуулж

Шүүдэрт талаас өвгөдийн газарт очилгүй удсан байна

Орой үдэш хонх дуугарч хэн нэг нь халамцуухан ирж

Орон хотын сонин дэлгэн хөдөөгөө санаашрах минь цөөрсөн байна

Орчлон ийм нам гүм байхад хэзээ бид даслаа

Он цаг ийм гунигтай байхыг хэнээс бид уншлаа

Аав минь үгүй өдрүүдэд дэргэд ирж чи чимээгүйхэн уйлсан

Амьдрал ийм байдаг гэж чийгтэй өвс шаналган өгүүлсэн

Айраг шуугьсан өдрүүдэд дэргэд ирж чи гэгэлзүүлэн дуулсан

Агуу ихийн хорвоогоос андын сэтгэл аргадаж үлдсэн

Зовлон дааж гэлдрэхэд талыг нь үүрч боссон

Зол баярын дуу аялахад талд нь түрж асгаруулсан

Хүний ертөнцөөс буцахын цагт

Хүүгээ захиж үлдээх ганц анд минь ээ

Намрын талд эр суль өвс гандахад сэтгэл сэмэрнэ

Надаас тийм хол сууж хэдэн оныг үдэх вэ

Хаврын талд эрх хонгор зэрэглээ татахад сэтгэл уясна

Хаалга зөөлөн тогшиж хэдийд чи манайд ирэх вэ

2010-11-23

(Шүлгийг Нацагдоржийн шагналт яруу найрагч

Хэлбичгийн ухааны доктор, профессор Хургаагийн Сүглэгмаа

“Нүүдэл” номоос авав.)

Зураг дээр: Ээгий, Бавуу бид гурав манай нутагт, Гурвансайхан ууланд.

Энэ тэмдэглэл А.Эрдэнэ-Очирын “ДУРСАМЖ” номонд 2022 онд хэвлэгдэв.

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,

Болор цомын эзэн, яруу найргч,

Анд нөхөр Арлааны Эрдэнэ-Очирын дурсгалд зориулав.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(202.9.40.180) 2024 оны 09 сарын 16

Арлааны Эрдэнэ-Очир гэж үнэхээр ховорхон эрдэнэ байсан.

0  |  0
Top