Д.Бадарсан: Миний зорилго тодорхой, тэр бол "Хүүхдэд ээлтэй хот"

Админ | Zindaa.mn
3 цагийн өмнө

НИТХ-ын сонгуулийн 7-р тойрог Сүхбаатар дүүрэгт нэр дэвшигч Д.Бадарсантай уулзаж, түүний хийж бүтээсэн ажлууд болон бодож төлөвлөсөн ажлынх нь талаар ярилцахын зэрэгцээ нийслэлтэй холбоотой асуудал, гарц шийдлийг ярилцлаа.


-Та аавынхаа ямар хүсэл мөрөөдөл, итгэл үнэмшлийг залгамжлан үргэлжлүүлж, үр хүүхдүүддээ өвлүүлэхсэн гэж боддог вэ?

-Хүний аав гэдэг бол үр хүүхдийнхээ амьдралын үлгэр дуурайл, баяр бахархал байдаг. Миний аав Даваасүрэн физикч мэргэжилтэй, 1990 он хүртэл цагдан сэргийлэхэд ахлах шинжээч, хошууч цолтой ажиллаж байсан. Ардчилал гарч нийгэм солигдох үед цагдаагийн байгууллагаас гарч Сүхбаатар дүүргийн Үндэсний Ардчилсан намын даргаар 1992-2001 онд томилогдон ажиллаж, улмаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогчоор 1996-2001 онд ажиллаж олон ч шийдвэрлэх ажлуудыг гардан нугалж байлаа. Нийгэм солигдож нэг намын засаглал, захиргаадалт дор үг хэлж үзэл бодлоо ч илэрхийлэх эрхгүй хатуу хараа хяналттай нийгмийн хүлээсийг зад татаж “эрх чөлөө” хэмээн цээжний гүнээс цуурай хадаан хашхирсан идэр залуусын хүсэл мөрөөдөл бол эх орондоо эрх тэгш сайхан амьдрах байлаа. Би ч мөн адил тэдний нэг болж 18-хан насандаа Ардчилсан намд элсэж үзэл бодлоо төлөвшүүлсэн. Хүү нь аавынхаа хүсэл мөрөөдлийг түүчээлж нийслэл хотоо өнгөтэй, өөдтэй авч явахсан гэдэг гэгээн тэмүүллээр хорооноос дүүрэг, дүүргээс нийслэл хүртэл өөрийн зүгээс чадах чинээгээрээ ажиллаж байна. Цаашлаад энэ хүсэл мөрөөдөл минь улс орноо аятай таатай, амгалан жаргалантай болгож эдийн засгийн тал дээр тогтвортой болгож, үнийн хөөрөгдлийг арилгаж, ажилгүйдлийг багасгаж амьжиргааны чадварыг дээшлүүлэхсэн гээд аливааг харах асуудлын хүрээ нь тэлж өргөжөөд ирдэг юм байна. Үр хүүхдүүддээ ч өөрийн энэ улс орон, нийслэлээ хөгжүүлэх гэсэн итгэл үнэмшлээ өвлүүлэн үлдээх юмсан гэж боддог.

 -Японы Засгийн газрын тэтгэлгээр суралцаж байхдаа япончуудаас ямар чанарыг нь өөртөө шингээсэн гэж боддог вэ?

-Япончууд бол маш гярхай, няхуур, чамбай хариуцлагатай ард түмэн. Хүн хүндээ туслах хүнлэг чанарыг дээд зэргээр сахидаг ёс суртахууны түвшин асар өндөр орон л доо. Тиймдээ ч тэр олон сая хүн тийм жижигхэн газар нутагт багтаж шингэн дор бүрнээ хариуцлагаа ухамсарлан эмх цэгцтэй, эвтэй найртай амьдардаг нь гүн сэтгэгдэл үлдээсэн. Бидэнд тэднээс суралцах зүйл маш их бий. Ядаж л иргэд маань амьдарч буй орчиндоо өөриймсөг сэтгэлээр хандаж, үйлчилгээний байгууллагууд нь дээд зэргийн сэтгэл ханамжтай үйлчилдэг, төрийн байгууллага нь уялдаа холбоотой байдаг, дарга нар нь хүнийхээ төлөө гэсэн чин сэтгэлээр ажилдаа ханддаг болчих юм бол улс орон маань асуудлаа түвэггүй шийдэх юм.

Ер нь Япон гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудын баримталдаг зарчим, улс орны удирдагчдын бодлого бол хүний төлөө гэсэн сэтгэл л байгаа юм. Манай дарга нар шиг зөвхөн хар амиа хоохойлж улсынхаа баялагт шунаж, авлигад идэгдээд ард иргэдээ татварт дарлуулаад суух юм бол яаж өндийж сэхэх билээ.
 


-Гэрээ засаад төрөө зас гэдэг. Тогтвортой гэр бүл эрийн чимэг гэж ярьдаг. Та анх ханийнхаа ямар зан чанарт нь татагдаж байсан бэ. Гэр бүл их салж олон зуун гэмгүй үрс өнчирч байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн асуудал болоод байна. Залуу хосууд ямар үеийг тэвчээд, нэг нэгнийхээ ямар ааш занг засаад явбал гэр бүл бат бөх байх вэ?

-Миний хань программист мэргэжилтэй хүн байдаг. Бид хоёр ханилаад дөрвөн сайхан хүүхдийн аав ээж болжээ. Ханиа анх хараад ямар сайхан эмэгтэй вэ гэж бодож байсан. Ер нь хүний хань гэдэг нэг нэгнийхээ дутууг нөхөж, дундуурыг дүүргэж явдаг юм байна. Нийслэл дүүргийн асуудал их шүү дээ. Олон зуун иргэдийн санал хүсэлтийг сонсож тэдний ая тухтай амьдрах орчинг бүрдүүлэхийн тулд цаг наргүй ажилладаг. Энэ л үед ажлыг минь ойлгож найдвартай ар тал минь байж дөрвөн хүүхдээ сайхан хүмүүжүүлж ирсэн. Сургууль цэцэрлэгт нь зөөхөөс эхлээд эх хүний ажил мундахгүй. Эмэгтэй хүний энэ их хөдөлмөр бол чимээгүй хэрнээ маш их цаг сэтгэл зарцуулдаг гавьяатай хөдөлмөр гэж боддог. Залуу гэр бүл нэгнээ ойлгож ядарсан үед нь “Миний хань чадна аа” гэдэг сэтгэлийн дэм өгчихдөг байх хэрэгтэй.

-Ард иргэдийнхээ үгийг сонсоод явж байхад сэтгэлд сэрхийтэл үлдсэн ямар үг байдаг вэ?

-Миний бие Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2012, 2016, 2020 онд гурван удаа сонгогдон ажиллаж байна. Дүүргийнхээ иргэдийн санал хүсэлтийг сонсож хийх ажлын жагсаалт гаргаж аль ажлаас нь эхэлж хэрэгжүүлэх вэ гэж иргэдээсээ асуудаг. Өндөр настнууддаа өвөө, эмээ шигээ санаж үнсүүлээд явдаг. Ахмад настнууд маань “За хүү минь төрийн хүн гэдэг чигч шударга ноён нуруутай явах ёстой шүү” гэж захидаг. Энэ захиасыг нь өвөөгийнхөө сургааль шиг чандалж явдаг даа. Иргэдийн хүсэж хүлээж байдаг зүйл бол нэн тэргүүнд тав тухтай орчинд амьдрах байдаг. Хүүхэд нь сургууль цэцэрлэгтээ ойрхон, явган хүний замтай, тоглох талбайтай байгаасай гэж хүсдэг. СБД -ийн Засаг даргаар ажиллаж байхдаа 11 дүгээр хорооны газрын төлөвлөлтийг хийж Хангай хотхоныг 2012-2016 онд бариулж 1800 өрхийг орон сууцтай болгож, хотхон дунд нь цэцэрлэг болон бага сургуулийг нь шийдэж өгч байлаа. Гэр хорооллын дэд бүтцийг шийдэж, хороолол дотор өрхийн эмнэлэг, сургууль, цэцэрлэгийг нь шийдээд өгөхөд л иргэдэд ээлтэй орчин бүрдэх юм шүү дээ. Гэтэл одоо хотхон хорооллууд нар үзэхгүй, тоглох талбайгүй, машины ч зогсоолгүй цементэн ширэнгэ болчихоод байна.

-Нийслэл 1.5 сая гаруй хүн амтай. Та бол хотод инженерийн зөв бодлого төлөвлөлт чухал гэж ярьдаг. Үүний тулд хамгийн эхэнд юуг хийе гэж төлөвлөж байна вэ?

-Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдсан асуудал бол замын түгжрэл. Энэ бөглөрөл дунд нийслэлчүүд маань амьдралынхаа нэг жилийн бүтэн нэг сарыг үрж байна, энэ нь 3.3 их наяд төгрөгийг зөвхөн зам дээр шатааж байгаатай тэнцэнэ гэсэн судалгаа ч бий. 2012-2016 онд олонхийн бүлэгт автозамын түгжрэлийг бууруулах дэд хорооны даргаар ажиллаж байхдаа Автозамын түгжрэлийг бууруулахын тулд нэгдүгээр эгнээгээр автобус явуулах журам, 33 уулзварыг өргөтгөж, олон шинэ замыг тавьсан зэрэг олон ажлыг санаачилж хэрэгжүүлж байсан.

1.5 сая хүнтэй нийслэлд зөвхөн автобусаар нийтийн тээврийг шийдэх боломжгүй. Метро, тусгай замын автобус, LRT, хөнгөн галт тэрэг, унадаг дугуй гээд бүх төрлийг дэмжиж нийслэлдээ хэрэгжүүлэх хэрэгтэй.

2013 онд Японы Жайка байгууллагаас метроны зөвлөмжийг хийж өгсөн. Жил бүр нүх ухаж дулааны шугам сольдог. Дараа жил эрчим хүчнийхэн, холбооныхон нүх ухдаг. Үүнд маш их үрэлгэн зардал гардаг аа. Эрх баригч нам солигдох бүрийд метро биш ээ агаарын дүүжин тээвэр хийнэ гэдэг, нөгөөх нь биш ээ усан тээвэр хийнэ гэдэг. Тусгай замын автобус буюу BRT, хөнгөн галт тэрэг буюу LRT хийнэ гэдэг. Ардчилсан журмаар эрх чөлөөт ардчилсан улс байгуулж чөлөөт хотыг бий болгосон шигээ бүх ажлыг захиргааны зарчмаар биш хүмүүсийн эрх ашгийг бодолцсон гарц шийдлээр, явах хэрэгтэй байна. Захиргаадалтын арга барилаар асуудлыг шийдэхээс зайлсхийх хэрэгтэй. Үүнд ард иргэд л хохирч байна шүү дээ. Аль нэг барилгыг өөрсдөө зөвшөөрөл өгч боссон хойно нь буулгана, нураана гэхэд ард нь олон зуун хүний хөрөнгө, өр зээл, аж амьдрал, хувь заяаны асуудал яригдаж байгаа. Түүний оронд хамгаалах далан гүүр чанартай байгуулж, инженерийн тохижилт орчныг зөв төлөвлөх, хариуцлагыг хотын захиргаа үүрэх хэрэгтэй.
 


-Төсөв зургаа дахин өссөн гэж ярьж байна Гэвч үнийн хөөрөгдөл, ажилгүйдэл, ядуурал нэмэгдсээр байна шүү дээ? Үүн дээр таны бодол?

-Сүүлийн үед эдийн засаг тоо хэмжээгээрээ өсч тэлж байна. Гэхдээ ажлын байр нэмэгдэхгүй, эдийн засгийн өсөлт өрхийн хаалгаар орохгүй байна.Тэгэхээр нэг газар хулгайлагдаад байна гэсэн үг. Төвийн зургаан дүүрэг 14-18 орчим тэрбум төгрөг зарцуулж байсан бол одоо 90-120 тэрбум болж төсөв өмнөхөөсөө 6 дахин нэмэгдсэн. Ажил хийе, бүтээн байгуулъя гэвэл төсөв хангалттай болсон. Ажил оновчтой, үр дүнтэй байхын тулд бодлого заавал хэрэгтэй. Эрх чөлөөт хотод иргэд бизнесээ чөлөөтэй хийх ёстой, татвараар хааж боож болохгүй. Иргэдийн нуруун дээрээс татварын дарамтыг хөнгөлж, төлсөн татварынхаа үр шимийг хүртдэг тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй. Дан ганц ажилгүйдлийг шийдээд амьжиргаа дээшлэхгүй шүү дээ. Үнийн хөөрөгдлийг арилгаж байж орлого, зарлагын хувь тэнцэнэ. Одоо бол хэт бага орлого, хэт өндөр үнэ гэдэг зарчмаар яваад байгаа болохоор иргэд бухимдалтай байгаад байна.

-Таны нэр дэвшиж буй 7 дугаар тойрог бол хотын төвийн нүүр царайг тодорхойлдог Сүхбаатар дүүрэг. Энэ дүүрэгт тэр гээд хэлчих томоохон бүтээн байгуулалт юу байна вэ?

-Сүхбаатар дүүрэгт төрж өссөний хувьд төрөлх дүүрэг, хотоо өссөн гэр орон шигээ санадаг. Тиймдээ ч иргэдийнхээ бодол саналыг дандаа сонсож явахыг хичээдэг. Сүхбаатар дүүргийн Засаг даргаар ажиллахдаа 30-аад мянган өрхийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй гэдгээ бүрэн ухамсарлан ажиллаж байсан. Дүүргийн Засаг дарга төсвийг хуулийн дагуу боловсруулж иргэдийн хуралд өргөн барьж батлуулах эрх үүрэгтэй байдаг. Үүнийхээ дагуу жил дараалан иргэдийнхээ саналыг захиагаар авч ажлаа хэрэгжүүлж байсан. Иргэд хаана, юу хийх хэрэгтэй хамгийн сайн мэддэг. Төр түмэн нүдтэй гэдэг үг их үнэн шүү. Иргэд ч урам талархал илэрхийлнэ. Иргэдээс ирсэн саналаар ажил төлөвлөж хийх нь хэн нэгэн даргын шийдвэр биш учраас хамгийн оновчтой болдог. Иргэдийнхээ саналаар хийсэн ажил бүхэн үр дүнтэй.

Ингэж иргэдтэйгээ уялдаа холбоотой ажиллаж үр дүнд хүрдэг юм. Манай дүүрэгт гэр хороолол ч бий. Уулын бэлд байгаа гэр хороололд унаа машин хүрэх замыг нь шийднэ гэдэг нь цаашлаад замаа дагаад дэд бүтцийг нь шийдэх боломж бүрдэх юм. Улаанбаатар хотод газар дутаад байгаа юм биш ээ инженерийн шийдлээр дэд бүтцээ зөв төлөвлөх хэрэгтэй. Нийслэлийн 60-70 хувьд нь гэр хороолол бий. Гэр хорооллыг дагаад утаа, хөрсний бохирдол гээд олон асуудал дэгдэж байна. Нүүрсний найрлага, барьцалдуулагчаас болоод олон хүн угаартаж үхэж байна. Зургаа долоон жилийн өмнө метрогоо дэмжээд хэрэгжүүлсэн бол өдийд зөв голидролдоо орчихсон явж байх байсан, нэг нэгнээ үгүйсгэсэн, нам гэж талцсан коммунист маягаар захиргаадсан шийдвэр хөгжлийг гацааж байна. Ирэх сонгуульд яаж ялах уу, солих, халах уу гэдэг л бодлого баримтлаад байхаар хөгжил удааширч байгаа юм. Чаддаг хүмүүсээр нь ажил хийлгэхгүй, дандаа намын томилгоогоор ажил явагдаж байгаа нь нууц биш. Сэтгэлтэй, чадвартай хүнийг хотын даргаар иргэдийн саналаар сонгож, сайн менежменттэй, сэтгэл зүрхтэй багийн хамтаар удирдуулах хэрэгтэй. Үе үеийн бүлэг этгээдийн дур зоргоороо аашлах индэр болж, авлигын сүлжээ үүсэж байгаа нь ард иргэдийг маш ихээр хохироож байна. Нэг дарга нь гарч ирээд л хамгийн наад зах нь замын борьдур сольж халаас руугаа ашиг хонжооны урсгалыг оруулж байна шүү дээ.

-Танд хамгийн их эмзэглэж явдаг зүйл юу байдаг вэ?

-Нэгэнт алсын хараатай бодлого барьж байгаа бол дөрөв дөрвөн жилийн тойргоор биш бодитой үр дүнг хайж төрийн албан хаагчийг тогтвортой ажиллуулах хэрэгтэй. Туршлагатай боловсон хүчнээ тогтоож, хүний нөөцийн тогтвортой бодлого барих хэрэгтэй. Бид дээрх олон асуудлаас үүдэж маш их хохирч байгаа ч хохирогчийн асуудлыг өмгөөлөх, хамгаалах зүй тогтолцоо алга. Бид Улаанбаатар хотын иргэд гэдгээрээ өвөлдөө утаанд угаартаж, зундаа усанд автаж, хавар намартаа шороонд дарагдаж хохирч амьдарч болохгүй. Төсөв гэдэг бол иргэдийн халааснаас урсаж байгаа мөнгө. Энэ мөнгийг эрх баригчид урсгал зардалд үрэлгэн зарцуулж, олигтой бүтээж байгуулахгүй, асар өндөр татварын бодлогоор төвлөрүүлсэн хөрөнгө тарамдаж байгаад эмзэглэдэг. Бид маш нарийн тооцоо судалгаатай, чанартай юм хийх хэрэгтэй байна.

-Нэр дэвшигч болгон сайн сайхан амлалт ярьж байгаа энэ үед тэднээс та юугаараа ялгарч байна гэж бодож байна вэ?

-Хорооноос дүүрэг, дүүргээс Нийслэл гээд анхан шатнаас нь эхлээд 16 жил ажилласан. Хэлсэн үгтэй, хийсэн ажилтай, тэр ажил нь түмний нүдэнд ил байна гэдэг улс төрч хүн. Тиймдээ ч иргэдийнхээ итгэлээр НИТХ-ын төлөөлөгчөөр гурвантаа сонгогдон ажиллаж ирсэн. Иргэдтэйгээ хамт хийсэн ажил багагүй ч хийх ажил их байна.

Тиймийн учир иргэн иргэнээ төлөөлж амьдардаг орчиндоо, алхдаг гудамжиндаа, үр хүүхдүүд минь өсөж бойжиж буй хотдоо “ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ХОТ”-ыг  бий болгохыг зорин Сүхбаатар дүүргээсээ НИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top