ОБЕГ | Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг унтраахаар ажиллаж байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2025 оны 03 сарын 10

Хаврын хуурайшилтын улирал эхэлж, ой хээрийн түймрийн гаралт эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан өнөөдөр /2025.03.10/ Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэл өгч байна. 

Энэ үеэр албаныхан  "Өнөөдрийн байдлаар нийт дөрвөн аймгийн хамарсан түймрийн дуудлага мэдээллийн дагуу онцгой байдлын алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажиллаж байна. Гуравдугаар сарын 9-ны өдөр Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Архангай аймгуудад нийтдээ 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдэгдсэн. Архангай аймгийн Хайрхан суманд гарсан түймрийг цурманд оруулсан. Зүүн аймгийн сумдад 10 удаагийн дуудлага ирснээс Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумын түймрийг унтраахаар алба хаагчид, хил хамгаалах газар, холбогдох сумдын алба ажиллаж байна. Өчигдөр салхи шуурга ихтэй байснаас үүдэж, гарсан энэ түймэр Дорнод аймагт үргэлжилж байна. Хүчтэй салхины улмаас түймэр богино хугацаанд их га талбайг хамарсан. Одоогоор түймрийн хохирлын хэмжээг эцэслэн тогтоогоогүй. Урьдчилсан байдлаар 16 гэр, 21 хашаа, хоёр автомашин мөн тодорхой тооны мал өртсөн байж болзошгүй гэдэг мэдээлэлтэй байна. Хохирлын хэмжээг эцэслэн тогтоосны дараа Улсын онцгой комисс арга хэмжээ авч ажиллана" гэлээ. 

Түүнчлэн ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаан байгаа тул гол мөрний мөсний хэмжээ нимгэн байгаа тул мөн болзошгүй эрсдлээс сэргийлж, мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхаарууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu