Үндэсний ардчилагч

2025 оны 03 сарын 24

Зүүнбаян гэхээр нарны хөлсөнд молцоглосон уран элс ертөнцийн гал голомт мэт дүрэлзэж байдаг энэ сууринг монголчууд мэднэ. Цагтаа халхын өнцөг булан бүрээс ирсэн олон мянган хөвгүүдийг эр цэрэг, эх оронч болгосон домогт суурин. Энэ л нутагт төрж өссөн Цэндсүрэнгийн Гантулга гэх идэр эрийг улс төр, бизнес, боловсрол, спорт, хөдөө аж ахуй гээд таних салбар олон болжээ. Амьдрал хэмээх шатрын хөлөг дээр олон нүүдэл хийж, олон хожил авсан гэж хэлж болох ч жинхэнэ хожлоо аваагүй, одоо л хожино гэж улс төр, бизнес бүлэглэлийн тоглогчидтой нүүж яваа идэрхэн эр. Тэгэхээр Ц.Гантулга Зүүнбаян гэх цэргийн хуаран, тухайн цагийн жишиг, товхийсэн сууринд ерөнхий боловсрол эзэмшиж, эрдмийн аянд дөрөө жийсэн хүүхдүүдийн нэг. Аав нь цэргийн хурандаа цолтой офицер хүн байсан бол өвөө нь бас эх орноо хамгаалж явсан эр цэрэг гэхээр удам дамжсан эх орончдын гэр бүлд хүмүүжсэн. Тэр нь ч үе үе цухалзах.

 

УЛС ТӨРИЙН ЗҮТГЭЛТЭН

 

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Дорноговь аймгийн АН-ын дарга, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч гишүүнээр ажиллаж байсан хүн гэнэт бүх зүйлээ орхин, ШИНЭ хэмээх шинэ тутам нам сонгосон нь олон хүний гайхширлыг барсан байх. Аргагүй, улс төрийн баруун жигүүрийг эзлэн буй АН-ыг шинэ тутам намаар сольчихоор хэн ч гайхна. Ийн улс төрийн талаас нь харвал ШИНЭ намын дарга хүртэл дэвшин ажиллаж, УИХ-д хоёр ч удаа нэр дэвшиж, улс төрийн хоёр нам нэгтгэн, “Шинэ үндэсний эвсэл” тэргүүлчихсэн явна гэхээр улстөрч мөн. Улс төр, бизнесийн мафи болчихсон хэсэг этгээдийн дунд ганцаараа сууж, итгэл үнэмшлээрээ тэмцэнэ гэдэг хэцүү байсан учраас үндэсний ардчилал дээр дангааршиж үлдэхээр шийдсэн нь энэхүү сонголт байсан болов уу. Тиймдээ ч үүний цаана өчүүхэн эрх ашиг гэж байхгүй, Хэрвээ тэр том намын нөмөр нөөлөгт байж, УИХ-ын гишүүн, сайд дарга ч юм уу болчихно гэж зорьсон бол тэр чадна.

Хэзээ ч ШИНЭ намыг сонгохгүй байсан. Үүнийг улс төрийн талаасаа бол золиос гэх байх. Гэтэл хувь улстөрчийн хатуу итгэл үнэмшил гэж юугаар ч сольж болохгүй тун чухал зүйл байдгийг Ц.Гантулгын улс төрийн нүүдлээс харж болно. Эх орончдын итгэл үнэмшил өнөө маргаашийн нүүдэлд биш хэтийн зорилгодоо нуугдаж байдгийг улс төрийн талаасаа харуулж, түүнийгээ л зорьж яваа хүн. Тиймдээ ч тэр “Би аль нэг нам эвслээс явлаа, нэгдлээ гээд монголын ардчиллаас яваагүй. Харин ч үндэсний ардчиллын төлөө тууштай тэмцэх болно” гэж хэлнэ лээ.

 

СПОРТЫН ЗҮТГЭЛТЭН

 

Тэр Төрийн бус байгууллага байгуулж, бусад мэргэжлийн холбоодыг тэргүүлж эхэлсэн. Мөн чөлөөт бөх, ширээний теннисээр хичээллэн, мастерын болзол хангасан гээд спортын олон төрлөөр хичээллэж, тухайн төрлүүдээс улсын аваргын олон медаль хүртсэн тамирчин. Анх 1989 онд ширээний теннисын өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж, амжилтынхаа буухиаг эхлүүлсэн гэдэг. Өдгөө Монголын олимпын хорооны гишүүн, Монголын ширээний теннисний холбооны ерөнхийлөгч, Азийн ширээний теннисийн холбооны дэд ерөнхийлөгч хүртэл дэвшин, далай гатлаад явчихаж. Азийн хэмжээнд мэргэжлийн холбоодын удирдлагад ажиллана гэдэг баргийн аавын хүүгийн хүсэх зүйл биш байх. Нийгмийн шилжилт спортын салбарынханд хамгийн хүнд туссан, тухайн нөхцөл байдлаас ч урт хугацааг туулж гарсан гэж боддог. Харин Ц.Гантулгын хувьд хөлсөө дуслуулж байсан тамирчин, багш дасгалжуулагч хүний хувьд спортын чиглэлд мэргэжлийн холбоодыг байгуулан, нөхцөл байдлыг өргөхийн төлөө тэмцсэн цөөн хүмүүсийн нэг. Ингэхдээ олон ном товхимол бичиж, шинжлэх ухааны үндэслэлтэй үзсэн. Спортын салбарынхан ерээд оны хүнд үеийг давж, азиас тив, тивээс дэлхий, олимпын дэвжээнд улсынхаа нэрийг удаа дараа өндөрт өргөж байгаа нь олон Гантулгын нэгдмэл хүч гэж боддогтой хэн ч зөрөх билээ. “Олны хүч оломгүй” гэж зүгээр ч нэг хэлчихсэн хэрэг биш. Тухайлбал 2001 он гэхэд Паралимпийн ерөнхий дасгалжуулагч, Чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч болж, улмаар  Чөлөөт бөхийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн гишүүн, Монголын паралимпийн хорооны дэд тэргүүн, Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч гэх мэтээр өнөөдрийг хүртэл ажилласан гэхээр спортын том зүтгэлтэн гэж болно. Энэ тухай Гавьяат дасгалжуулагч, Шинжлэх ухааны доктор, профессор, Аймгийн арслан Л.Ням багш нь “Ц.Гантулга 1998 оноос Мөнхжин спорт клубыг байгуулж эхлэхэд чөлөөт бөхөд орж ирсэн. Зөвхөн чөлөөт бөх төдийгүй сагс, хөл бөмбөг, ширээний теннис зэрэг спортын бүхий л төрлүүд болон юм юманд авьяастай, сэргэлэн, авхаалжтай хүүхэд байсан. Өөрийн хичээл зүтгэлээр улс төр, бизнесийн талбарт хүч зорьж, амжилтад хүрсэн шавь минь юм. Өнөөдөр эрийн цээнд хүрч, оюуны болон бие, сэтгэлийн хувьд, төр улсаа түших хэмжээнд төлөвшиж, аливаа бэрхшээл, даалгасан ачааг үүрэх чадалтай болсон хүн” хэмээн шавийгаа дүгнэсэн байдаг.

 

БОЛОВСРОЛЫН САЛБАРЫН ЗҮТГЭЛТЭН

 

Улс төр, бизнес, спортын их ажил дундуур УБИС-д магистр, докторын зэрэг хамгаалж, өдгөө Төрийн удирдлагын чиглэлээр докторын зэрэг хамгаалж, хос докторын зэрэгтэй болчихсон гэхээр эрдэм номын хүн гэж хэлж болно. Өөрөө багш дасгалжуулагч учраас унаган мэргэжлээ орхиогүй, хүүхэд багачуудыг спортоор хичээллүүлэх тал дээр үргэлж анхаарч ирсэн нэгэн. Ингээд зогсохгүй, Биеийн тамирын дээд сургууль дүүргэхдээ Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг давхар хавсарчихсан хос морьтой эр хүн. Өөрөөр хэлбэл багш, эдийн засагч хүн. Түүний зохион байгуулах ур чадвар, боловсролын тухай нэрт теннисчин, Монгол Улсын гавьяат тамирчин Тогосын Болд “Ц.Гантулгыг багаас нь сайн мэднэ. Спортын олон төрлөөр хичээллэхээс гадна Боловсролын докторын зэрэг хамгаалсан, улс төрийн чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж, нийгмийн сайн сайхны төлөө явж байгаа ирээдүйтэй улстөрч гэж хэлэх байна. Монголын ширээний теннисний мастер цолтой шилдэг тамирчдын нэг төдийгүй Монголын ширээний теннисны холбоог 10 гаруй жил удирдаж байгаа хүн, Азидаа нэр хүндтэй Ерөнхийлөгч. Монголын теннисны өнөөдрийн хөгжил дэвшил бол Ц.Гантулга ерөнхийлөгчийн ач тус шүү. Хөрөнгө ч оруулсан, олон улсад ч гаргасан” хэмээсэн юм. Мөн дунд сургуулийнх нь Гадаад хэлний багш Ц.Эрдэнэчимэг “Манай Ц.Гантулга багаасаа л авхаалжтай сэргэлэн хүүхэд байсан. Хичээл номондоо сайн, анги хамт олноо удирдан зохион байгуулж, манлайлж явдаг хүүхэд байсан” хэмээн дурссан.

 

БИЗНЕСИЙН ЗҮТГЭЛТЭН

 

Монгол Улс зах зээлийн нийгэмд хөл тавих шилжилтийн торгон үе, ерээд оны дунд үеэс ерөнхий боловсролын сургууль төгсөж, оюутны амьдралд хөл тавьсан хүн юу эсийг үзэх билээ. Хөдөөний оюутнууд бүү хэл бултаараа өлсөж байсан үе гэдгийг надаар хэлүүлэх юун. Тиймдээ ч говь нутгаас ирсэн жаал хүү Гурвалжингийн гүүр орчимд төмөр ачигч, борлуулагч хийн, өдрийн хоол, унааны мөнгө залгуулж яваад бизнес рүү орчихож. Санаа сэдэл нь ч Гурвалжингийн гүүр орчимд байсан болов уу гэж бодогддог юм. Гэхдээ үүнээс өмнө хүүхэд байхдаа Зүүнбаянгаас хаягдал зэс, гууль ангилан зөөж байсан тухай дунд сургуулийнх нь багш нь дурсаж байснаас харахад багаасаа л бизнесийн дөр суусан болов уу. Ингэхдээ 2000 оны эхээр Баянхайрхан, Төмөрт транс, Төмөрт-Өргөө компаниудыг үүсгэн байгуулж, захирал, ТУЗ-ийн даргаар ажиллан, бизнесээ амжилттай үргэлжүүлсэн гэхээр манай бизнесийн салбарын нэгэн төлөөлөл мөн. Харин түүний бизнесийн тухай Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү “Манай Шинэ нэгдсэн эвслийн тэргүүн Ц.Гантулга мөнгө хүүлэгчдийн барагтай бизнес дампуурахаар хэцүү нөхцөлд бизнесээ амжилттай авч яваагаар нь бахархдаг. Бодит байдалд энэ их өндөр хүүтэй зээлийн дарамт, ханшийн алдагдал авлигал, хавтгайрсан гаж татвар дороос бизнесээ алдагдалгүй авч явахын тулд онцгой авъяас, мэдрэмж, хөдөлмөрч чанар хэрэгтэй. Яг энэ утгаар нь би Гантулгыгаа маш цөөн байдаг бизнесмэнүүдийн нэг гэж хэлнэ. Үүнээс гадна улс төрийн намаа удирдахдаа ч энэ арга барилаараа олон гишүүдийнхээ арга эвийг олж, эв нэгдэл хамтын ажиллагааг бэхжүүлж, өргөжүүлж, монголын улс төрийн орон зай дахь гурван хүчний нэг болгохыг зорьж амжилттай яваа гэж хардаг” хэмээсэн юм.

 

ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛЫН ЗҮТГЭЛТЭН

 

Зүүнбаян хэмээх тосгоны хүү бага наснаасаа хөдөө өсөж, хурдан морины нуруун дээр дарцаг шиг дэрвэж явсан цагийн дурсамж он жилийн тэртээ үлдсэн ч хожмоо морь уяж, аймаг, улсын бүсийн хэмжээнд ус нутгаа цоллуулсан. Энэ утгаараа тэр үндэсний уламжлалт ахуй соёлоо сайтар мэддэг, түүнийг хамгаалж, түгээн дэлгэрүүлэхийн төлөө зүтгэж яваа гэхээр үндэсний үзэлтэн, өв тээгч хүн. Бага наснаасаа хурдны өлгий нутаг Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд очиж, өвөөгийнхөө хурдан морийг унаж өссөн хүүхэд хожмоо моринд дурлалгүй яахав дээ. Тиймдээ ч хориодхон настай хүү морь уяж, сум, аймгийн хэмжээний наадамд 70 орчим айраг түрүү, Дүнжингарав, Боржигин гэх мэт улсын бүсийн чанартай наадамд таван айраг хүртсэн Аймгийн алдарт уяач хүн. Ёстой л “Цолондоо дүүрэн бөх” гэдэг шиг алдарт уяач. 

 

УДМЫН ЗҮТГЭЛТЭН

 

Түүний бага, залуу нас бол офицер аавын хайраа дотроо нуусан их хал дунд өссөн нь нийгмийн энэ олон салбарт зэрэг амжилттай ажиллаж чадснаас харагддаг. Аав нь хүлэг сульдаасан их тал, Сүхбаатар жанжны төрсөн нутаг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын уугуул, Хатагин овгийн хүн. Тээж төрүүлсэн ачлалт ээж нь хоймор нутгийн Хотгойд, цэцэрлэгийн багш хүн. Монголын цустай цөстай овог аймгуудын нэг бол Хотгойд. Одоогоос 300 гаруй жилийн өмнө Хотгойдын Алтан ханы улсыг байгуулж, хойшоо Красноярск хот, өмнөд хил нь Алтайн нурууны зүүн хэсэгт хүрч байсан бөгөөд Тува, Енисейн киргизүүдийг хүртэл захирч явсан түүхтэй. Тус овог аймгаас төрж гарсан Чингүнжавын эх орон, газар шорооныхоо төлөөх тэмцэл монгол түмний сэтгэл зүрхэнд үүрд үлдэж дээ. Харин Хатагин овог бол Алунгоо эхийн удам, түүний хөвгүүд болох Буха Хатаги, Бухад салжу, Бодончар мунхаг нар нь дээд тэнгэрээс заяат хэмээн эх сурвалжид тэмдэглэн үлдээсэн нь бий. Түүний насны хань нь нэг нутгийнх, өдгөө Ц.Гантулгынх гэдэг өнөр өтгөн айлын галыг манаж явна. Үүнийг дурдахын шалтгаан нь аливаа хүнд овог удам гэж арилгаж үл болох нандин зүйл бий. Тэр тусмаа монголчууд хүний удам судрыг шинжиж, худ ураг болохоос эхлээд анд нөхөр, айл саахалт, овог аймаг байх эсэхээ шийдэж ирсэн эртний уламжлалтай түмэн. Тэгэхээр Ц.Гантулгын судсанд тэмцэгчийн ч цус байна, тэнгэр язгууртны ч цус бий гээд хэлчихэд хэдийдсэн хэрэг болохгүй. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хуульч(202.70.34.115) 2025 оны 03 сарын 24

ЯМАР НЭГ ӨӨР НАМД ОРЖ АН-Н САНАЛ ХУВААЖ Л БГАА БОЛОХООР ГЭЦҮҮ ДЭЭ ОРЖ БГААМ ДОО......... ЭРҮҮЛЭЭР БОДОХОД.

0  |  0
Close menu