Харсан хамгийн гунигтай харамсал дагуулсан зургийн нэг бол Монгол эмч нарынхаа толгой гудайлгасан эдгээр зураг байлаа. Магадгүй энэ муухай зураг архив болж үлдэх байх. Харин цаашдаа дахин ийм зураг, хэвлэлийн хурал битгий болоосой. Бид шилдэг сэхээтнүүдээ, мэргэжлийн эмч нараа ийм болтол нь уруудуулж чадлаа, чадлаа. Юу бодогдож байх юм.
Япон улс. Осака хот.
Сэтгүүлч В. Сарантуяа
2025.03.20
- ЦАГААН ЯМААНЫ СҮҮ -
Сүүлийн 20 гаруй жил Анагаахын шинжлэх ухааны салбарт өөрчлөлт гарсан. Одоо энэ толгой гудайлгаад байгаа эмч нар чинь өарчлөлт хийчихсэн юм. Бодит жишээ хэлье. Аав минь 1990 ээд оны эхээр элэгний өвчнөөр өвчилсөн. Энэ үед зах зээлийн хүнд үе тохиож бүх салбар хэцүү байсан ч эмч нарын хувьд өөрсдийн чадах бүхнээ хийдэг байв. Аавыгаа гэнэт өвдөхөд бид ч жоохон аав минь ч цэл залуухан юугаа ч мэдэхгүй амьтан хүнээс аль сайн эмч нарыг асууж байсан. Тухайн үед “Элэгний Хатанбаатар “ гэж сайн эмч гарч ирсэн байлаа. Энэ эмчид үзүүлчихвэл өвчнөөсөө салчих юм шиг санагддаг байсан олон өвчтөний ар гэрийнхний нэг нь бид байсан юм. Ингээд нэлээд эрэл сурал болсны эцэст Хатанбаатар эмч маань манай гэрт ирж аавыг минь үзсэн тэр өдөр одоо ч нүдэнд харагдаж байна. Шавилхан биетэй, том алаг нүдтэй , цэвэрхэн царайтай залуухан эмч ирээд аавд минь тан бичиж өгөөд явсан. Мэдээж эмчийн бичиж өгсөн тан эрдэнийн үрэл бол бидний аврал байв. Аав минь эм ууж үзээгүй, эмнэлэг гэж яваагүй хүн чинь тэр таныг тоо ёсоор нь цаг тухайд нь хичээнгүйлэн хэрэглэсэн юм. Эвий муу аав минь… гэсэн ч бид цаг хугацаа алдсаныг эмч маань үзсэн өдрөө хэлээд явсан. Хэрвээ Хатанбаатар эмч та энэ постыг харж байвал танд бид үнэхээр их баярладаг шүү. Аав минь таныг хүндлэл хайрын нүдээр үдээд гаргасан билээ. Ерөнхий мэдээлэл авсан манайхан одоо хэн нь хэлснийг нь сайн мэдэхгүй юм. Элгэнд цагаан ямааны сүү сайн байдаг гэжээ. Ингээд бид эхлээд цагаан ямаатай айл олох, олсон ямаа нь сүүтэй эсэх, өдөр бүр өгөх энэ тэр гээд баахан явсан юм, Аз түшиж хотоос холгүйхэн нэг айл олдож сайн санаатай гэрийн эзэгтэй өдөр бүр ямааныхаа сүүг бидэнд өгөхөөр болов.
Тэр цагаан ямааны сүүний тухай би шөнөжин боддог сон. Яагаад заавал цагаан ямаа байдаг юм бол, хэрвээ цагаан ямаа нь алга болчихвол аав минь сүүгүй яах юм бол гээд зөндөө бодол хөвөрнө. Аавдаа цагаан ямааны сүү авчирна гэдэг чинь нэр төрийн хэрэг байлаа. Би ч явна чи ч явна гээд. Бид ч тэрсхэн жоохон юмнууд. Ээлжлээд явна аа. Би ч элгэндээ наагаад хөрөхөөс нь өмнө өгнө гээд тас тэврээд л явна. Яаж нэг салгалаад унаж хагалчихдаггүй байсан юм, би чинь их салга нөхөр. Ямааны сүүгээр сэтгэл зогоож байсан өдрөө өнөөдөр эргээд санахад анагаахын шинжлэх ухааны салбар тэс өөр болсон байна. Элэг шилжүүлэн суулгах хагалгаа хийж хэчнээн олон сайхан гэр бүлийг элэг бүтэн авч үлдэж байгааг бид хамтдаа хараад сууж байна. Энэ дэвшил өөрчлөлт биш гэж үү.
Бидний өмнө толгой гудайлгах хүмүүс эд биш шүү дээ. Харин бид өөрсдөө толгой гудайлгаж, амь , амьдрал гуйж очдог биз дээ. Өнөөдөр тэд Төрийн соёрхолт эмчийнхээ өмнөөс амь гуйгаад зогсч байх ийм цаг үеийг харсандаа үнэхээр харамсч байна.
Сэтгэгдэл ( 13 )