ДАШТ-2026 | Хэсгийн шатнаас заавал үзэх 7 тоглолт

Б.Сэцэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

Монголын цагаар өнөө шөнө хөлбөмбөгийн их баяр цэнгэл, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэх гэж байна. Тэмцээнийг нээж зохион байгуулагч гурван улсын нэг Мексикийн шигшээ баг Өмнөд Африкийн эсрэг тоголно. Сонирхолтой нь 2010 оны дэлхийн аварга яг энэ хоёр улсын тоглолтоор эхэлж байсан түүхтэй. Хөлбөмбөгийн 23 дахь удаагийн ДАШТ анх удаагаа 48 улс оролцож байгаа. Хэсгийн шатанд онцолж үзэх ёстой долоон тоглолтыг олон улсын 1xBet брэндийн спортын шинжээчид танилцуулж байна.


Бразил-Марокко

/”C” хэсэг. Зургаадугаар сарын 14. 06:00/

Олон улсын хөлбөмбөгийн холбооны чансаагаар эхний 10 байрт бичигдэж буй хоёр баг хоорондоо тулах гэж байгаа нь энэ. Дэлхийн аваргын өмнөх чансаагаар Бразил 5-р байрт, Марокко 7-р байрт бичигдэж байна. Бразилын шигшээ багт өндөр ур чадвартай Винисуис Жуниор байгаа бол нөгөө талд Африк тивийн шилдэг хамгаалагч Ашраф Хакими бий.

Марокко 2022 оны ДАШТ-ний хагас шигшээд шалгарсан нь энэ шатанд хүрсэн анхны африк болж түүх бүтээсэн. Бразил бол энэ тэмцээнд тав түрүүлсэн цорын ганц улс. Тэднийг оролцох бүрд түрүүлэх магадлалтай багийн тоонд оруулдаг нь зүгээр ч нэг тохиолдол төдий зүйл бус. Дэлхий даяар олон мянган хүн Бразилын шигшээ багийг дэмждэг билээ.


Нидерланд-Япон

/”F” хэсэг. Зургаадугаар сарын 15. 04:00/

Дэлхийн чансаанд Нидерланд наймдугаарт эрэмбэлэгдэж байгаа бол Япончууд 18-рт жагсаж байна. Олон мэргэжилтнүүд энэ жилийн Японы шигшээ багаас их зүйлийг хүсэж байгаа. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө хэд, хэдэн тоглогч гэмтсэн нь анхаарч харууштай зүйл болсон. Нидерландын хувьд олон сарын турш дэлхийн чансааны долоодугаарт эрэмбэлэгдэж байсан ч тэмцээн эхлэхийн өмнөхөн нэг чансаа буурч, Мароккод байраа алдсан.

Нидерландын хувьд довтолгооны бүрэлдэхүүн сул гэж дүгнэж болох ч дэлхийн бүх цаг үеийн шилдэг хамгаалагчдын нэг Виржил ван Дайк байгаа гэдгийг мартаж болохгүй. Харин Японы шигшээд “Японы Месси” гэгдэх Такефүсо Күбо байгаа. Магадгүй энэ тэмцээнд оролцож буй Японы шигшээг “алтан үе” гэж тодотгож болох талтай.


Франц-Сенегал

/”I” хэсэг. Зургаадугаар сарын 17. 03:00/

Сүүлийн хоёр ДАШТ-нд финалдсан Францын шигшээ дэлхийн чансааны гуравдугаарт, Африк тивийн аварга Сенегалчууд 15-рт эрэмбэлэгдэж байна. Сенегалын шигшээ багийн домог Садио Манегийн хувьд энэ жилийн ДАШТ хамгийн сүүлийнх нь байж магадгүй байна. Өдгөө 34 настай тэрээр Бундеслиг, Премьер лиг, Аваргуудын лигт түрүүлсэн туршлагатай. Гайхалтай замналын турш олсон мөнгөө нутагтаа эмнэлэг барихад хандивладаг түүнийг улс эх орон нь баатрын дайтай хүндэлдэг.

Францын шигшээ бол байрлал бүр дээрээ дэлхийн шилдэг тоглогчтой. Энэ тэмцээнд түрүүлэх боломжтой цөөхөн шигшээ байгаагийн нэг нь тэд. Францын шигшээ багийн шинэ алтан үеийн гол удирдаач Дидье Дешамын хувьд энэ ДАШТ сүүлийнх нь. Магадгүй түүний орыг Зидан залгах төлөвтэй байна. Тэгээд ч сүүлийн хоёр Аваргуудын лигт Пари Сен-Жермен түрүүлсэн нь энэ улсын шигшээ багийн хүсэл зоригииг бадраасан ч байж мэдэх юм. Гурав дахиа финалдаж яагаад болохгүй гэж.


Англи-Хорват

/”L” хэсэг. Зургаадугаар сарын 18. 04:00/

Сүүлийн хоёр дэлхийн аваргад амжилтаа эрс ахиулсан Английн шигшээ дэлхийн чансааны дөрөвдүгээрт, тэдний өрсөлдөгч Хорватын шигшээ 11-рт эрэмбэлэгдэж байна. Хөлбөмбөг гэх спорт мэндэлсэн эх нутаг Английн шигшээ ДАШТ бүрд асар их дарамтан дунд тоглодог. Хөгжөөн дэмжигчид нь тэднээс байнга финалдахыг шаарддаг ч харамсалтай нь хүлээлтэд хүрдэггүй. Гэхдээ сүүлийн хоёр ДАШТ-нд амжилт нь эрс өсөөд зогсохгүй, сүүлийн хоёр тэмцээнд хагас шигшээд дараалан шалгарсан.

Хорватын хувьд 2018 оны ДАШТ-нд аман хүзүүдэж шуугиан тарьсан бол 2022 оны ДАШТ-нд гуравдугаар байрт шалгарч мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан. Лука Модрич гэх дэлхийн шилдэг хагас хамгаалагч байгаа цагт хэзээ ч тэднийг дутуу үнэлж болохгүй. Гэвч мэргэжилтнүүд шигшээ багийн бүрэлдэхүүний тэн хагас нь харьж яваа тоглогчид байгаа гэж үзэн түрүүлэх өрсөлдөөнд оруулахгүй байгаа нь нууц биш. Хэн нэг нь хожигдвол дарамт нэмэгдэнэ. Эвийн гэрээ байгуулбал хэн, хэн нь цааш шалгарах өчүүхэн ч гэсэн найдвартай үлдэнэ.


Эквадор-Герман

/”E” хэсэг. Зургаадугаар сарын 26. 04:00/

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Германы шигшээ яг одоо дэлхийн чансааны 10-рт эрэмбэлэгдэж байна. Харин Эквадорын шигшээ 23-рт жагсаж буй. Германы шигшээ багийн энэ жилийн бүрэлдэхүүн өмнөх жилүүдээс харьцангуй сул байгаа. Хэсгийн сүүлийн тоглолт гэдэг утгаараа энэ хэсгийн хувь заяаг энэ тоглолт шийднэ. Энэ тоглолт Нью-Йорк хотод болно. Нью-Йоркын бүс нутагт Эквадор гаралтай иргэд олон бий тул тэдний дэмжлэг ус агаар мэт хэрэгтэй. Хэдийгээр дэлхийн чансаа харьцангуй доогуур байгаа ч багийн бүрэлдэхүүн тоглогчдын ур чадварыг харвал тэднийг дутуу үнэлж болохгүй.

Германы шигшээд энэ жил тод гялалзах ёстой байсан Карл Леннарт гэмтсэн нь харамсалтай. Баейрн Мюнхен клуб Аваргуудын лигт шөвгийн дөрөв шалгарснаас харвал давгүй амжилт үзүүлэх боломжтой. Гэхдээ бүрэлдэхүүн харьцангуй сул байгаа. Энэ жил багийн ахлагчаар Йошуа Киммих АНУ, Мексик, Канадыг зорьсон.


АНУ-Турк

/”D” хэсэг. Зургаадугаар сарын 26. 10:00/

АНУ дэлхийн чансаа, талбайн давуу талаараа Туркээс илүү байна. Яг одоо тэд дэлхийн чансааны 17-рт эрэмбэлэгдэж буй бол Туркууд 22-рт жагсаж буй. Энэ бол хэсгийн шатны сүүлийн тоглолт. Хоёр багийн хувь заяа яг энэ тоглолтоор шийдэгдэнэ. Маурисио Почеттиногийн удирдаж АНУ-ын шигшээ алтан дундаж багийн нэг. Ямартаа ч хэсгээсээ шалгарч болох ч цаашид хүчтэй өрсөлдөөн үзүүлэх эсэх нь эргэлзээтэй. Скалли, Фриймен, Рейна нарын залуу авьяастнууд, Врайт, Пулисич, Дест, Робинсон нарын хашир туршлагатай тоглогчтой энэ баг Туркийн эсрэг бууж өгөхгүй.

Монтеллагийн удирдаж буй Туркийн шигшээ баг хэсгээс гарах бүрэн боломжтой. Одоо байгаа тоглогчдын бүрэлдэхүүнийг харсан ч АНУ-ын эсрэг ширүүн тулаан өрнүүлэх бүрэн боломжтой баг. Довтолгоон дээр Арда Гулер гэх ганган тоглогч бий. Мэдээж багийн ахлагч Хакан Чалханоглу ч байна. Хагас хамгаалалт болон хамгаалалт, довтолгоон дээр ур чадвар тэгш тоглогчтой энэ шигшээ багаас мэргэжилтнүүд их зүйлийг хүлээж байна.


Норвег-Франц

/”I” хэсэг. Зургаадугаар сарын 27. 03:00/

Энэ хэсгийн сүүлийн тоглолт бол энэ. Франц магадгүй бүх хувь заяагаа шийдчихсэн ч байж мэднэ. Эсрэгээрээ залуу авьяастнуудтай Норвегийн шигшээ энэ тоглолтын эцсийн үр дүн ялалт байхын төлөө тэмцэх нь гарцаагүй. Дэлхийд авьяасаараа тэргүүлж, ирээдүйн домог болох боломжтой Эрлинг Холанд зүгээр байхгүй нь тодорхой.

Норвегийн хувьд 1994, 1998 оны ДАШТ-нд оролцож байснаас өөрөөр оролцож байгаагүй. Энэ жил гурав дахиа ДАШТ-нд оролцож байна. Тэд 1998 оны ДАШТ-нд шөвгийн 16-д шалгарч байсан амжилттай. Магадгүй энэ жил энэ амжилтаа давтах бүрэн боломж тэдэнд бий. Довтолгооны Сөрлот, Холанд, Странд Ларсен гэх гурвал дээр Одегаар, Шьелдеруп, Берг нарын хагас хамгаалагчид нэмэгдээд, ард нь Айер, Вольфе, Рейрсон нар байхаар энэ багаас ихийг хүсэх нь гарцаагүй.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top