Хар тамхины асуудлыг ҮАБЗ-ийн хэмжээнд авч үзэх шаардлагатай болжээ

2025 оны 03 сарын 25

Ихэс дээдэс маань том том төсөл ярьж, ам уралдаж байхад хар тамхинд донтогчдын тоо өсөн нэмэгдсээр байна. Хуулийн байгууллагаас гаргасан мэдээллээс харахад хар тамхи хэрэглэгчдийн тоо Монгол Улсад 18 мянгад хүрчээ. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар нэг хүний ар талд дөрвөн хүн бий гэхээр 70 гаруй мянган хүн мансуурлах бодист хамаарч байгаа гэхээр цөөхөн хүн амтай улсад үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн аймшигтай тоо сонсогдож байгаа биз. Хамгийн сүүлд Хар тамхитай тэмцэх газрын Урьдчилсан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсээс мэдээлэхдээ хар тамхитай холбоотой хэрэгт 18-35 насныхан зонхилж байгаа бол нийт гэмт хэргийн 92.3 хувийг эзэлдэг байна. Хар тамхитай 13-25 насных нь гэмт хэргийн 54.8 хувийг эзэлж байгаа гэх статистик мэдээлэл өгсөн.

Энэ бол бүр аюулын харанга дэлдэж байгааг нотолж байна. Монгол Улсын ирээдүй шүү дээ. Шийдвэр гаргах түвшинд эрх мэдлийн төлөө зодолдож байхад Монгол Улсын хэмжээнд сүүлийн таван жилд хар тамхитай холбоотой 1064 гэмт хэрэгт 1300 хүн холбогджээ. Манай улсын хэмжээнд бол бага тоо биш. Тэдний 92.3 хувь нь 35-аас доош насныхан. Гэмт хэрэгт шийтгэгдсэн хүмүүсийн 54 хувь 25-аас доош насныхан байна. Үүний 91 хувь нь эрэгтэй, 8.9 хувь нь эмэгтэй байгааг мэдээлсэн. Жил ирэх тусам энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгчдийн нас залуужиж байна. Саяхан 13 настай охин хар тамхи хэрэглэсний улмаас байцаагдаж, шалгуулсан тохиолдол ч гарсныг та бүхэн мэдэж байгаа. Мөн компьютер тоглоомын газар тоглож буй 11 хүүхдийн дунд хар тамхи хэрэглэсэн этгээд байж болзошгүй гэсэн дуудлагаар очиж 10 хүүхдээс биологийн дээж аван шинжлэхэд бүгд хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.

Энэ бол бүхнээс давсан аюул бөгөөд ҮАБЗ яаралтай хуралдаж арга хэмжээ авах хэрэгтэй. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, ирээдүйд нэгэнт заналхийлж байна шүү дээ. Нөгөө талд, Монголд мансууруулах болон донтуулах үйлчилгээтэй бодис бүхий ургамал болох намуу, зэрлэг олс, зээргэнэ, лантанз зэрэг есөн овог, 11 төрөлд хамаарах 18 зүйл ургамал 14 аймгийн 49 сумын нутаг дэвсгэрт 15.000 орчим га талбайд ургадаг болох нь судалгаагаар тогтоогджээ. Ийм нөхцөлд, ийм тоон баримт гарч байгаа нь цаашид энэ тоо өсөхийг хэлж байна. Тэгээд ч ЦЕГ-ын хар тамхитай тэмцэх хэлтсээс “Хар тамхи хэрэглэгчдийн тоо 2030 онд 43 хувиар өсөх эрсдэлтэй” гэдгийг мэдэгдсэн. Зөвхөн эндээс харахад маш яаралтай бодлогын түвшинд таслан зогсоох шаардлагатай болсон.

Хамгийн наад зах нь Монгол Улсыг бүслэн оршиж байгаа ОХУ-д хар тамхи тогтмол хэрэглэдэг 4.5 сая хүн байгаа бол БНХАУ гэхэд гурван сая донтогч байгааг мэдэгдэж байсан. Энэ утгаараа бид томоохон аюул заналтай айлсаж байгаа нь геополетикийн хувьд ч анхаарах хэрэгтэй болж байна.

Манай оронд сүүлийн жилүүдэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, зарж борлуулах явдал өсөж, улмаар үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэнд, иргэдийн хэвийн амьдралд бодит бэрхшээл учруулж болзошгүй байна. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис олж авах, хэрэглэх, боловсруулах, борлуулах гэмт хэрэг өсөхөд дараах хүчин зүйл сөргөөр нөлөөлжээ. Тухайлбал, зэрлэг олсны /каннабис/ ургамал нь Орхон, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг болон Дорнод аймгийн Халх гол сум, Ховд аймгийн Булган, Үенч сумын нутгаар нэлээд тархмал ургадгаас тэдгээрийг авч ашиглахад хялбар байдаг аж. Мөн энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх үүрэг бүхий төв, орон нутгийн хууль хяналт, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын ажилтан, албан хаагчид хар тамхи, мансууруулах бодисын хор хөнөөл, тархалтын талаар нэгдсэн ойлголтгүй байна. Хар тамхи,  мансуурлыг сурталчилсан ном сэтгүүл, видео кино гарах болсон. Хар тамхи, мансууруулах төрлийн бодисыг хэрэглэх, түүж боловсруулах, борлуулах гэмт хэрэг нарийн зохион байгуулалттай болж байна. Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж байгаа зарим аж ахуйн нэгж, байгууллага мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй эм бодисыг хяналт зөвшөөрөлгүй  ашиглаж байна. Хар тамхи, мансууруулах төрлийн бодис бэлтгэсэн, борлуулсан гэмт хэрэг үйлдэгчдэд  олонхи тохиолдолд торгох ял ногдуулж байгаа нь энэ төрлийн гэмт хэргийг давтан үйлдэх бололцоо олгожээ. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажил улсын хэмжээнд нэгдсэн бодлого чиглэл алга. Иймээс манай улсад хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, таслан зогсоох ажлыг тодорхой чиглэл, зорилготой, тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулах шаардлага гарч байна. Тиймээс энэ тал дээр хөтөлбөр гараад байгааг дэмжих шаардлага үүссэн. Бүр ажил хэрэг болгох шаардлага бий.

 

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

 

Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ дараах зорилтыг шийдвэрлэнэ

1. Хар тамхи, мансууралтай тэмцэхэд төр, засаг, нутгийн захиргаа, өөрөө удирдах ёсны байгууллагын бодлого, үйл ажиллагааг уялдуулан чиглүүлэх

2. Хар тамхи, мансууруулах бодис олж авах, хадгалах, хэрэглэх, боловсруулах, худалдан борлуулах төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх

3. Хар тамхи, мансуурлын гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөлийг судлах, түүнтэй тэмцэх бодлого боловсруулах

4. Хууль хяналтын болон шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын үйл ажиллагааг идэвхжүүлж хар тамхи, мансууралтай холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн бодлого чиглэлтэй ажиллах

5. Нийт иргэд, хүүхэд залуучуудад хар тамхи, мансууруулах бодисын хор уршиг, сөрөг үр дагаврыг тайлбарлан таниулж сэрэмжлүүлэх ажилд Хууль зүйн яам, Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яам, Гэгээрлийн яам, хэвлэл мэдээллийн  байгууллага зэрэг төрийн болон төрийн бус байгууллагыг оролцуулах

6. Хар тамхи, мансуурах төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх асуудлаар холбогдох байгууллага, ажилтны дунд семинар, зөвөлгөөн, онол практикийн бага хурал зохион байгуулж энэ ажилд гарч байгаа хүндрэл бэрхшээл, сөрөг үр дагавар зэргийг судлан эрх зүйн болон практик ажиллагааны зорилтыг тодорхойлж байх

7. Эрүүгийн болон Эмийн тухай Монгол Улсын хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг тухай бүр боловсруулан шийдвэрлүүлэх

8. Хар тамхи, мансууруулах бодисыг таньж илрүүлэх үүрэг бүхий шинжилгээний лабораториудыг техник  хэрэгсэл, мэргэжилтэй боловсон хүчнээр хангах.

 

ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ЗАМ, АЖИЛЛАГАА

 

1. Улсын хэмжээнд хөтөлбөрийн биелэлтийг зохион байгуулж, хяналт тавих ажлыг Хар тамхи, мансууралтай тэмцэх орон тооны бус Үндэсний зөвлөл хариуцна.

2. Үндэсний зөвлөл хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын явц, Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаарх мэдээ, тайланг улсын хэмжээнд нэгтгэн дүгнэж, жил бүр Засгийн газарт танилцуулна.

3. Аймаг, нийслэлд Хар тамхи, мансууралтай тэмцэх салбар зөвлөл ажиллах бөгөөд уг салбар зөвлөлийг тухайн Засаг дарга тэргүүлнэ. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид батална.

4. Үндэсний зөвлөл болон аймаг, нийслэлийн салбар зөвлөлийн ажиллах журмыг Хууль зүйн сайд батална.

5. Салбар зөвлөл нь аймаг, нийслэлийн хэмжээнд хар тамхи, мансууралтай тэмцэх төлөвлөгөө боловсруулан, тухайн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлаар батлуулна.

6. Салбар зөвлөл нь энэхүү Хөтөлбөр болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөний биелэлтийг нутаг дэвсгэртээ зохион байгуулан, хяналт тавьж ажиллана.

7. Хар тамхи, мансууралтай тэмцэх аймаг, нийслэлийн салбар зөвлөл нь энэхүү  Хөтөлбөр, төлөвлөгөөний биелэлтийг хагас жил тутам гаргаж Үндэсний зөвлөлд хүргүүлнэ.

8. Үндэсний зөвлөл нь энэ Хөтөлбөр болон хар тамхи, мансууралтай тэмцэх талаар төр, засгаас явуулж буй бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч яам, агентлаг, төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, бусад байгууллагын үйл ажиллагааг уялдуулан хамтарч ажиллана.

9. Яам, агентлаг өөрийн үйл ажиллагааны хүрээнд хар тамхи, мансууруулах бодистой холбогдолтой гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх хууль тогтоомж болон энэхүү Хөтөлбөрийн биелэлтийг хангах арга хэмжээ авч, зохиосон ажлын явц, үр дүнг Үндэсний зөвлөлд жил бүр танилцуулна.

10. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн болон төрийн бус байгууллага  дараа үүрэгтэйгээр ажиллана. Үүнд:

 

ЗАСГИЙН ГАЗАР

 

А. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвтэй уялдуулах;

Б. Хар тамхи, мансууруулах бодисыг таньж илрүүлэх, шинжлэх багаж, хэрэгслийг импортлоход татварын хөнгөлөлт үзүүлэх асуудлыг боловсруулж шийдвэрлүүлэх;

В. Хөтөлбөрт тусгагдсан хар тамхи, мансууралтай тэмцэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх сургалтын зардал, түүнчлэн хар тамхи, мансууруулах бодисыг шинжлэх багаж хэрэгслээр хангах талаар тодорхой төсөл сонгон шалгаруулж санхүүжүүлэх;

Г. Хар тамхи, мансууруулах бодисын тухай улсын нэгдсэн бүртгэл, мэдээллийн сан байгуулах, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцдэг байгууллага хоорондын мэдээллийн сүлжээ бий болгох;

Д. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх талаар НҮБ болон бусад олон улсын  байгууллагын баталсан гэрээ конвенцид нэгдэн орох асуудлыг судлан шийдвэрлүүлэх.

 

ХУУЛЬ ЗҮЙН ЯАМ

 

А. Хар тамхи, мансууралтай тэмцэх Хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, бусад яам, агентлаг, хууль хяналт, нутгийн захиргааны болон өөрөө удирдах ёсны байгууллага, аж ахуйн нэгж, төрийн бус байгууллага, иргэдийг энэ ажилд оролцуулах.

Б. Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаархи хууль тогтоомжийг сурталчлах ажлыг зохион байгуулах, хор уршгийн талаар мэдээлэх.

В. Хар тамхи, мансуурлын гэмт хэрэгтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх талаар хууль хяналт, шүүх эрх мэдлийн байгууллагуудын үйл ажиллагааны  уялдаа холбоог сайжруулах ажлыг зохион байгуулах;

Г. Хар тамхи, мансууралтай тэмцэх ажлын үр дүнг дээшлүүлэх,  холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох санал, зөвлөмж боловсруулан хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

Д. Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхи, мансууралтай тэмцэх талаар холбогдох олон улсын байгууллага, гадаад оронтой хамтран ажиллах.

 

ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

А. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг тухай бүр илрүүлж, мөрдөн шалгах, түүний шалтгаан нөхцөлийг илрүүлж арилгуулах, урьдчилан сэргийлэх ажлыг идэвхжүүлэх.

Б. Монгол Улсын хил залгаа орнуудад гарч байгаа хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаарх мэдээллээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг хангах;

В. Гэмт хэрэгтэн Монгол Улсад хууль бусаар орох, тус улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх талаарх гэмт хэргийн мэдээлэл солилцож, хууль хяналтын бусад байгууллагатай хамтран ажиллах.

 

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ГАЗАР

 

А. Үндэсний болон орон нутгийн хэвлэлийн нийтлэл, радио, телевизийн нэвтрүүлгийн хөтөлбөрт мансуурлаас урьдчилан сэргийлэх сэдэв, зар сурталчилгааг нэмэгдүүлэх.

Б. Хүүхэд, залуучууд, иргэдийг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс сэрэмжлүүлэх зорилгоор цуврал сурталчилгаа хийж байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu