Хоёр ч нэмэлт үеийн дараагаар “Миннесота” 140:139-өөр “Денвер”-ийг хожсон дуулиантайхан тоглолт NBA-гийн талбайд болж өнгөрлөө.
Энэ тоглолтод Никола Йокич 61 оноо, 10 самбар, 10 дамжуулалт өгсөн ч гэлээ Энтони Эдвардс хэн болохоо харуулж, шаардлагатай үед лидерээс гарах ёстой гялалзсан тоглолтыг үзүүлж, баг нь хожсон юм. Тэр энэ тоглолтод 34 оноо авсан.Тоглолтын дараагаар хоёр багийн гол тоглогчид нэг нэгнээ магтаж биширсэн үгсээ харамгүй хэлжээ.
“Хөгжилтэй л юм боллоо. Гэхдээ тэр үнэхээр онцгой тоглогч юм аа. Нэг хэсэг бид тоглолтыг хяналтандаа байлгаад, дажгүй тоглосон. Гэвч Эдвардс шаардлагатай үед тодорч гялалзлаа. Супер одод л ингэдэг дээ” хэмээн Никола Йокич өгүүлсэн юм. Тэгвэл Энтони Эдвардс “Магадгүй энэ миний амьдралын хамгийн шилдэг тоглолт байх. Никола Йокич оо, бурхан минь. Тэр бол надтай таарсан тоглогчдоос хамгийн шилдэг нь байх шүү. Мэдээж, надаас бусад тоглогчдоос шүү дээ. Үнэхээр гайхалтай тоглогч.
MVP-ийн өрсөлдөөн энэ жил бэрх болно оо. 60 оноо давуулж авч байна шүү дээ. Зүгээр л солиотой. Зарим нэг шидэлтээ алдаасай л гэж найдах л үлдсэн байлаа. Тэгээд чадах бүхнээ бид хийлээ. Гэлээ ч нэмэр болсонгүй. Түүний өмнө бүрхээ аван хүндэтгэе” хэмээн хариу өгүүлжээ.
Энэ дашрамд, Йокичийн өчигдөр хэлсэн нэгэн зүйрлэлийг хүргэе. Түүнийг хурдан моринд маш их дуртай гэдгийг та мэдэх биз ээ.
“Бид сагс л тоглох гэж төрсөн. Хар багаасаа л бэлтгэл хийж эхэлцгээсэн. Хурдан морь ч гэсэн олон талаараа бидэнтэй адил. Морь бүр өөр өөрийн гэсэн ааш аягтай. Уралдааны үеэр янз янзын л ааш гаргадаг. Морьд бол давхих гэж заяасан амьтад. Харин бид бол тоглох гэж төрсөн хүмүүс. Хурдан морьд бидэнтэй адил хурдан давхихын тулд бүх насаараа бэлтгэл хийдэг” хэмээн Йокич ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )