Хорт хавдрыг ялсан 71 настай Дебби Дэлхийн аваргад бэлдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 04 сарын 07


Австралийн 71 настай Дебби Лихи хэмээх эмэгтэй ирэх зургаадугаар сард АНУ-ын Чикаго хотноо болох Hyrox Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлдэж байна.

Hyrox гэдэг нь гүйлт фитнесийг хосуулсан спортын шинэ тутам төрөл юм. 2018 онд Германы Хамбургаас эхэлсэн спортын энэ төрөл сүүлийн жилүүдэд олон улсад хурдацтай түгэж, фитнессийн тренд болж буй тэмцээн. Тамирчид 8 километр уралдааны замын километр бүрд өөр өөр төрлийн биеийн хүчний дасгал хийж хоорондоо өрсөлдөнө.

“Би 30 гаруй жил фитнесээр хичээллэсэн. Гэхдээ хэдхэн жилийн өмнө найз нар маань ийм шинэ төрлийн тэмцээний талаар дуулгаж, оролцох хүслийг минь төрүүлсэн юм. Одоо би Дэлхийн чансааны 4-т бичигдэж байна. Чикагод болох тэмцээнээр чансаагаар дахиад ахиулахыг хүснэ” гэж Дебби ярьжээ.
 


70 насны босго давсан хэрнээ биеийн хүчний бэлтгэл сайтай залуу бүсгүйчүүдэд ч хэцүү дасгалуудыг хийж чадаж буйг нь хүмүүс биширч, урмын үгээр дутаахгүй байгаа ажээ. 

“Утсаа асаах тоолонд хэдэн мянган сэтгэгдэл хөвөрч, бүгд л урам зориг хайрласан байхыг харахад итгэмээргүй сайхан. Олон ч залуус намайг үлгэр дуурайллаа болгож, хүсэл эрмэлзлэлийг нь асааж өгсөн талаар хэлсэн” хэмээн Дебби ярив. Үнэхээр ч сэтгэгдлүүдийг харвал “Би түүний насан дээр ийм гайхамшигтай хүчтэй, эрүүл баймаар байна”, “Гайхалтай, Дебби! Урагшаа! Таниас энерги авч, эрч хүчээ нэмдэг шүү” гэх юмуу “Та гайхамшигтай өндөр стандарт тогтоож байна” гэх сэтгэгдлүүл хөврөх ажээ.
 


Дебби Лихи хэдэн жилийн өмнө хөхний хорт хавдар туссан ч өвчнөө даван туулж, ялж чадсан юм. “Фитнесээр хичээллэж байхдаа би хорт хавдартай нүүр тулсан. Үүнд биеийн бэлтгэл маань их дэм болсон гэж боддог. Өвчин зовлон хүн бүрт тохиолдоно. Гэхдээ миний хувьд бол хорт хавдар жижигхэн гацалт төдий байсан. Би тэрнийг ялаад, улам хүчтэй болж босож ирсэн” хэмээн Дебби Лихи өгүүлсэн байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu