"Том" П.Сүхбат Азийн наадмын аварга болоход ээж минь баярласандаа нулимс унагаж билээ. Тэгэхэд тивийн наадам, Азийн олимпод түрүүлнэ гэдэг ямар гайхамшигтай том амжилт вэ гэдгийг бяцхан зүрх минь мэдэрч байв. Хожмоо Азийн наадамд Б.Отгонболд хэмээх залуу байт харваагаар түрүүлэхэд гэрийнхээ ширээг тойрон хүүхдүүдтэйгээ хамт тойрон эргэлдэж билээ. Ингэж л монгол тамирчид биднийг үе дамжуулан баярлуулж ирсэн. Том Сүхбат ч, Б.Отгонболд ч хоёулаа Монгол гэх нэрийг Дэлхийн чихэнд дуурсгаж, төрийн алтан соёмбот далбааг хөх тэнгэрт намируулсан тамирчид.
Бөх бол монгол түмний цусанд байдаг. Түүхэнд бичээстэй спорт. Тэгвэл байт харваа ч мөн адил монголчууд бидний цусанд шингээстэй, түүхээрээ түмэн хэлхээтэй спорт. Монголын анхны Дэлхийн аварга аль спортоос төрснийг та мэдэх үү? Байт харваагаас төрсөн юм. Д.Дэмбэрэл хэмээх 30 дөнгөж гарч буй бүсгүй Дэлхийн аваргын алдрыг Монголдоо анх авчирсан. Дараачаар нь 2008 оны паралимпын наадамд Д.Баатаржав түрүүлж, алтан медаль гялалзуулсан билээ. Энэ хоёр аугаа амжилтын дараагаар дээр дурдсанчлан Б.Отгонболд 2023 оны Ханжоугийн Азийн наадамд түрүүлж, түмэн олныхоо цөсийг хөөргөж, олон зуун хүүхэд залуусыг энэ спорт руу амжилтаараа дуудсан.
Одоо Б.Отгонболд ид ирэн дээрээ яваа 29 настай шилдэг тамирчин. Өөрөө бол Парисын олимпын наадмын үзүүлэлтээ чамлаж байна лээ. Өөрөөр хэлбэл, илүү дээр амжилт үзүүлэх боломж байгааг мэдэж байсан хэрэг. Энэ бүх оршлоос залгуулаад өнөөгийн байт харвааны спортын талаар нэг ярилцъя.
Хэдхэн хоногийн өмнө байт харвааны Заалны УАШТ боллоо. 260 гаруй тамирчин тэмцээнд оролцжээ. Холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа өөрөө харвадаг, спортдоо элэгтэй хүн учир И-Мартын зааланд тэмцээнийг зохион явуулах боломжоор хангаж өгсөн юм билээ. Хэдийгээр хөгжиж, клубүүд байгуулагдаж, тамирчдын тоо өссөн ч зуны гуравхан сартай, хүйтэн голдуу уур амьсгалтай манай оронд заалны эрэлт хэрэгцээ улам их болж байна. Ганцаараа бүхнийг мэддэг шиг хүүрнээд байлгүй, байт харвааны зарим төлөөллийн бодол, үгсийг та бүхэндээ хүргэе.
Өнөө цагийн өнгө болж буй харваач Б.Отгонболдын Азийн наадмын алтыг энэ спортдоо эзэн шиг тухалж, хаан шиг ханхалзсан Өмнөд Солонгосын тамирчдын гараас хэрхэн “булааж”, аварга болсныг лавлалаа. “Азаар ч гэмээр юм уу, солонгос болон бусад орны тамирчдаас илүү харваж, алтан медаль авчихаад маш их баярласан. Зөвхөн Өмнөд Солонгосын тамирчид л түрүүлдэг байсныг тэгж нэг дунд нь завсар оруулсан даа” гэж тэр их даруухан хэллээ. Тэгснээ “Ер нь манай байт харвааны шигшээ багийнхан Дэлхий, Олимпын наадамд амжилт гаргахад ойрхон байгаа. Хамт бэлтгэл хийж, амжилтыг нь харж буй болохоор их ойрхон байгаа шүү л гэж хэлье” гэв.
Тэрбээр яриагаа үргэлжлүүлэн “Одоо УИХ-ын гишүүн болсон С.Эрдэнэболд хэсэг нөхдийнхөө хамтаар үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 70 метрийн зайд харвах боломжтой талбай бэлдэж өгсөн юм. Тэнд очиж харваж эхэлснээс хойш манай тамирчдын амжилт илт сайжирсан. Бид хүйтрэхээр намар өвөлдөө зааланд харвадаг. Зааланд 18 метрт л харвана. Гэтэл олон улсын тэмцээн 70 метрийн зайд харвах ёстой байдаг. Хэдэн сарын турш 18 метрт харваж байгаад 70 метрт харвахад нэлээн өөр, төсөө болчихсон л байгаа юм” гэлээ.
Тамирчны замналаа үргэлжлүүлээд, амжилтын мөр хөөгөөд явахад амаргүй байгаа эсэх талаар асуухад “Миний хувьд шигшээ багийн тамирчин бас “Алдар” спорт хороонд харъяалагддаг болохоор, мөн ганц бие болохоор байт харваагаа хөөгөөд, амжилтын төлөө явах боломж бага ч гэсэн бий. Гэр бүлтэй хүнд бол ар гэрээ авч явахын хажуугаар байт харваагаараа хичээллээд амжилт гаргана гэхэд санхүүгийн хувьд хэцүү” гэж хариулав.
Азийн наадамд түрүүлсэн талаар дахиж яриулмаар санагдаад өөртөө их итгэлтэй очсон эсэхийг асуутал “Азийн наадмаас 10 хоногийн өмнө би Д.Баатаржав ахын хүү Б.Золбоод гайгүй сайн нум олж өгөхийг хүссэн юм. Надад таарсан сайхан нум өгч, харваад эхлэхэд яг таараад, их эвтэй байсан болохоор оноонууд ч сайжирсан. Тэгээд Дэлхийд эхний аравт бичигдэхээр дүнтэй харваад эхлэхээр итгэл төрж, боломж байгаа юм биш үү гэх бодсон. Азийн наадмын дараа байт харвааг сонирхох хүүхэд залуусын тоо ч нэмэгдсэн шиг санагддаг” гэлээ.
Ердөө 10 хоногийн өмнө нумаа сайжруулаад бэлтгэлээ базаагаад ороход л онч нь сайжирч, улмаар Азидаа түрүүлжээ. Тэгэхээр Б.Отгонболд төдийгүй бусад тамирчдыг ч гэсэн дэмжээд, хэрэглэл, заалаар сайн хангаад өгвөл амжилт ч ойрхон гэдэг нь гарцаагүй үнэн санагдана.
“Та гавъяат тамирчин цол хүртсэн билүү?” гэтэл “Үгүй ээ, Дэлхийн, Олимпын наадмаас л медаль хүртвэл олгодог байх. Манай байт харваанаас хоёр л гавъяат бий. Нэг нь Дэлхийн аварга Дэмбэрэл гуай, нөгөө нь паралимпын аварга Баатаржав ах” гэлээ. Азийн наадам гэдэг бол байт харваанд олимп л гэсэн үг. Азийнхан энэ спортдоо тун чанга. Энд жинхэнэ бужигнасан өрсөлдөөн өрнөж, өнөөх л Өмнөд Солонгосчууд түрүүлдэг уламжлалыг таслан алтан медаль зүүсэн залууд яагаад тэр гавъяат тамирчны цол тэмдгийг олгож болдоггүй юм бол гэж бодлоо. Гавъяа байгуулсан уу? Байгуулсан. Олон зуун хүүхэд залуусыг спортдоо татаж оруулж чадсан уу? Чадсан. Ийм сайхан ирлэсэн тонгорог шиг ирэн дээрээ байхад нь л гавъяат болгочихвол улам их гавъяа байгуулж л таарна шүү дээ. Шинэ залуу гавъяатаа дагаад байт харваа ч улам өндийгөөд ирнэ.
Дараа нь Монголын байт харвааны шигшээ багийн туслах дасгалжуулагч Б.Ганзоригоос үг сонслоо.
“Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалаад манай харваачид зуны гурван улиралдаа л гадаа 70 метртээ харваж чаддаг. Бусад үед нь заал олдохгүйн зовлон байна. Уг нь "Наадам" центрийн дэргэд байт харвааны заал барих газар бий ч магистрал шугамны асуудал маргаантай, мөн заал босгох хөрөнгө мөнгө ч байхгүй учраас өдийг хүртэл хүлээгдсээр л буй сураг байдаг юм. Манай тамирчид олимпын эрхээ аваад байдаг ч медаль авч чадахгүй байгаа юм. Уг нь медаль авах бүрэн боломж байгаа. Ялангуяа эрэгтэйчүүдийн баг Дэлхий, Олимпын медальд их ойрхон байгаа” гэж дасгалжуулагч Б.Ганзориг өгүүлсэн юм.
Байт харвааны клубүүд үүд хаалгаа нээж, хүүхэд залуус олноор шимтэн сонирхож эхэлсэн. Тэдний төлөөлөл болсон “Цацралт” клубын дасгалжуулагч Ц.Нямхатангаас санаа бодлыг нь дууллаа.
Холбооныхоо ерөнхий нарийн бичгээр ажиллаж байгаад шүүгчээр ажилласан тэрбээр одоо клуб байгуулаад хүүхэд залууст хайртай спортоо ойртуулж яваа нэгэн.
“Клубээ байгуулаад хоёр жил гаруй л болж байна. Шинэ тутам клуб. Ер нь байт харвааны клубт суралцах сарын дундаж төлбөр ойролцоогоор 200-300 мянган төгрөг байдаг. Манай клуб бол дунд шат хүртэл клубын нум сумаа хэрэглүүлдэг.
Харваа бол монголчуудад их тохирсон спорт гэж би боддог. Заалны УАШТ-д л гэхэд 260 гаруй тамирчин оролцлоо. Хан-Уулын И-мартад холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа заал бэлтгэж, тэмцээн сайхан боллоо. Холбооны ерөнхийлөгч Х.Отгонтуяа өөрөө харвадаг, спортдоо элэгтэй хүн болохоор л тусалж дэмжиж байгаа юм. Тэрнээс холбооны ганц ерөнхийлөгч, том заалны асуудлыг шийдэхэд хэцүү. Спортынхоо жаргал зовлонг мэдэх болохоор л чадлаараа дэмжиж тусалж байгаа юм. Манай Холбоо чинь хагарал, тэмцэл, хэл ам байхгүй. Харин заал л хамгийн том асуудал” гэсэн юм.
Шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Ж.Нарантуяа дахин томилогдож, ажлаа энэ сараас эхэлж байна. Дахин гэхийн учир нь өмнө нь шигшээ багийг удирдаж байсан туршлагатай юм. Саяхан болсон Заалын УАШТ-д 300 орчим тамирчин оролцсон тухай Ж.Нарантуая олзуурхан эхэндээ ярилаа.
“Энэ бол байт харвааны спорт олны сонирхлыг татаж, тамирчдын тоо нэмэгдэж буйн тод жишээ. 10 гаруйхан жилийн өмнө л 100 хүрэхгүй тамирчин оролцдог байлаа шүү дээ. Тэгэхээр байт харвааны спорт хөгжих бүрэн боломж суурь байна. Байт харвааны 10-аад клуб үйл ажиллагаагаа явуулж байна. Клубүүд байгуулагдаж, ажиллахын хэрээр тамирчдын тоо өсөж, өрсөлдөөн нэмэгдэж байна. Өрсөлдөөн нэмэгдсэнээр амжилт сайжирна. Манай улсын шигшээ багт эрэгтэй, эмэгтэй тус бүр 4 тамирчин, хоёр дасгалжуулагчтай. Шигшээ багт 19 настай тамирчин ч байна, 50 гаруй настай туршлагатай тамирчин ч байна. Байт харвааны спорт бол нас хязгааргүй. Гэхдээ шигшээ багийн тамирчдын цалин бага. Зөвхөн хэрэглэл нь л гэхэд 5-10 сая төгрөгийн үнэтэй. Одоо бид өвөлдөө 18 метрт харваж байгаад зундаа 70 метрт харвадаг болохоор амжилтад нөлөөлж байгаа тал байлгүй яахав. Тиймээс заал хамгийн чухал байгаа юм. Шигшээ багийн тамирчид амжилт гаргах тусам хүүхэд залуусын урам зоригийг сэргээж, наашаа хөтөлнө. Өрсөлдөөн ч нэмэгдэнэ” гэж өгүүлсэн юм.
Хэрвээ та бүхэн анзаарсан бол энд бодлоо дэлгэсэн дөрвөн хүн нэг л зүйлийг давтан давтан ярилаа. Энэ бол хүйтрэхээр бэлтгэл хийх, тэмцээн явуулах байт харвааны стандарт заал. Тэд цалин мөнгө нэмээч гэсэнгүй. Зөвхөн спортоо хөгжүүлэхийн тулд, ялангуяа амжилтад хүрэхэд маш ойрхон байгаа цагт нь бэлтгэл хийх газраар хангаад өгвөл болно оо л гэсэн утгыг өөр өөрийнхөөрөө илэрхийллээ.
Өмнөд Солонгост байт харваа бол үндэснийх нь спорт. Гэтэл Монголын нэгэн залуу тэдний хаана нь ч хүрэхгүй нөхцөлд бэлтгэл хийгээд, тэмцээнээс 10-хан хоногийн өмнө сайн нумтай болоод өнөөх солонгосчуудын өмнө гишгээд Азийн тэнгэрт төрийн далбаагаа намируулж шүү дээ. Түүхээ ч харсан анхны Дэлхийн аваргатай, бас олимпын аваргатай, үндэс угсаагаа хөөсөн ч нум сум агссан Их хаан, эрэмгий баатруудтай Монгол улс Дэлхийн шагналын тавцан дээр гарахад сөөмхөн дутаад буй энэхэн цагт байт харваагаа бөөцийлж, тамирчдаа дэмжиж, Монголын топ спортуудын тоонд оруулахын төлөө хөдлөх цаг болжээ.
Монголын байт харваачдын сум Олимп, Дэлхий медалийн байнд тусахад ойрхон байна аа.
Сэтгэгдэл ( 1 )